Ойн жим хулгайн зам болж хувирсан талаар цуврал нийтлэл бэлтгэн уншигчиддаа хүргэж байгаа манай сонины сурвалжлах баг энэ удаад модны хулгайч нар хулгайлсан модоо захууд дээр оруулж ирж байна уу, яаж оруулж ирдэг вэ гэдгийг газар дээрээс нь сурвалжлахаар “Цайз” болон “Доной” захыг зорилоо. Цахилгаан хөрөөний ёнгинон дуугарах чимээ, давирхайн үнэр, бужигнасан үртэс, энд тэндгүй ирийтэл хураасан банз, балк бол модны захын дүр зураг.
Захын бизнес эрхлэгчид “Хулгайн мод одоо орж ирэхээ больсон. Хяналт шалгалт ихтэй байгаа” хэмээж байсан ч Сэлэнгийн Түнхэл, Хялганат болон Хэнтий аймгаас “Доной”, “Цайз”, “Хангай” захад хулгайн мод орж ирдэг гэж зарим нэг нь ам алдав. Хулгайн мод оруулж ирдэг хүн байхад хуурамч гарал үүслийн гэрчилгээ гаргаж өгдөг хүмүүс ч бас байдаг гэнэ. Бид “Доной” захын модны худалдаачдад сэтгүүлч гэдгээ хэлж зарим зүйлийг тодруулах гэхэд мэдээлэл өгөх хүн байсангүй. Тиймээс мод худалдаж авах гэж байгаа дүр эсгэсэн юм.
Бид хүүхдийн асрамжийн төв барих гэж буй хүмүүсийн дүрд тоглож модны худалдаа эрхлэгч Хүдэрбат гэх залуутай уулзлаа.
-Балк, банз ямар үнэтэй байна?
-Хар модон балк гурван метр 60 сантиметртэй нь 60 мянга. Хоёр метр 50-ийн банз нь 170 мянга. Нэг шоо нь 100 ширхэгтэй. Нарсан балк 35 мянга гэх мэт янз бүрийн үнэтэй байна.
-Хаанаас оруулж ирсэн мод вэ. Гар үүслийн гэрчилгээ бий юу?
-Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоноос оруулж ирсэн. Бид авахдаа гарал үүслийн гэрчилгээг нь шалгаж авдаг. Худалдаж авбал чамд баримт бичээд өгнө. Надад зарагдчихсан модны гэрчилгээ зөндөө байна. Эндээс гарал үүслийн гэрчилгээтэй мод авдаг хүн бараг байхгүй. Падаан бичүүлээд аваад явдаг болохоор гэрчилгээ нь үлдчихдэг юм. Хэрэгтэй гэвэл ийм гарал үүслийн гэрчилгээ өгсөн ч болно.
-Бид байгууллагын байшин бариулах гэж байгаа тул элдэв асуудалтай мод авмааргүй байна. Танд хулгайн мод байхгүй биз дээ?
-Сүүлийн үед хулгайн мод бараг орж ирэхгүй байгаа. Модны хулгайчдын дийлэнх нь баригдаад шоронд орсон байх. Одоо мод бэлтгэх эрхтэй бригадуудын модыг л худалдаж авч байна. Ойн газар, МХЕГ-аас байнга шахам захуудад шалгалт хийж байгаа болохоор хулгайн мод авах нь бидэнд хүндрэлтэй байдаг юм.
Модны худалдаачинтай ярилцсаны дараа ойр хавиар нь явж тус зах дээр мод шуудайлдаг болон эргэн тойронд нь барилгын материал зардаг иргэдтэй уулзлаа. Харин тэд модны худалдаачдаас өөр зүйл ярьж байв. “Хулгайн мод бол оруулж ирэх нь сүүлийн үед нэмэгдэж байгаа. Зун харьцангуй бага байсан” гэцгээж байсан. Тиймээс бид хулгайн мод хэрхэн оруулж ирдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл олох зорилго тавилаа. Тэгээд бид хулгайгаар мод оруулж ирэх гэж байгаа хүн болж жүжиглэв. Ингээд “Доной”-гоос гарч“Цайз”-руу орсон юм. Тэнд 40 орчим насны өндөр бор залуутай уулзав.
-Бид хот руу гарал үүслийн гэрчилгээгүй мод оруулах гэсэн юм. Танд оруулаад өгөх боломж байна уу?
-Ямар мод, хэзээ, хаанаас оруулж ирэх юм.
-Хэнтийн Батширээт сумаас Нарс оруулж ирэх гэсэн юм. Хурдан бол сайн байна?
-Би гарал үүслийн гэрчилгээ гаргаж өгч чадна. Маргааш над руу залгачих. Өнөөдөр гэрчилгээг чинь бэлдчихнэ. Хэдэн машин мод байгаа юм.
-Нэг л машин. Хуурамч гарал үүслийн гэрчилгээ гэсэн үг үү. Шалгавал асуудал үүсэхгүй биз?
-Зүгээр ээ. Зарагдчихсан модны гарал үүслийн гэрчилгээг ашиглана. Тийм гэрчилгээгээр дор хаяж таван машин мод оруулж ирж болдог юм.
-Таны нэр хэн билээ?
-Миний дугаарыг Мод гэдэг нэрээр л хадгалчих. Залгаад Модтой ярья гээрэй. Биднийг ярилцаж байхад 30 гаруй насны намхан нуруутай залуу ирлээ. Яриаг нь сонсоход таньдаг хүн олонтой, олон жил модны наймаа эрхэлж байгаа бололтой. Бидэн дээр ирээд “За дүү нар ямар мод сонирхож явна” хэмээн асуухад өөрийгөө Мод гэж нэрлэсэн нөгөө залуу “Хэнтийн Батширээтээс гарал үүслийн гэрчилгээгүй мод оруулж ирэх юм гэнэ” гэхэд нөгөө ах нухацтай харснаа “Тэр ч бүтэхгүй байх. Хэцүү шүү” гэлээ. Бид ч түүнээс мод оруулахад туслаач хэмээн тун ч шамдангүй “гуйлаа”. Түүнийг Төвшөө гэдэг аж. Бидний яриа цааш ийн үргэлжиллээ.
-Та бидний модыг хот руу оруулаад өгч чадах уу?
-Ганцхан машин мод ашиг олоход хэцүү. Баянзүрхийн товчоон дээр гарч байгаа цагдааг хахуульдах хэрэг гарна. Бас энд мод оруулна гэдэг худлаа шүү. Шоронд орно. Наймаачид “Модыг чинь оруулаад өгнө” гэж хэлээд маргааш ирэхээр чинь модыг чинь зараад ашгаа аваад цагдаад бариад өгчихнө.
-Танд таньдаг хүн байна уу. Наашаа оруулчих ямар ч боломжгүй гэж үү?
-Хот руу оруулж болно. Баянзүрхийн цагдааг аргалж дөнгөнө. Надад танил тал байгаа. Баянзүрхийн цагдаагаас гадна дахиад гурван пост байна. Багануурын Хэрлэнгийн гүүр, Хонхорын гүүр, Тээврийн товчооны цаад талд бас нэгэн пост байна.
-Тэгэхээр пост бүр дээр тодорхой хэмжээний мөнгө хэрэг болно гэсэн үг үү?
-Дунджаар нэг постоны хүнд 30 мянган төгрөг өгнө гэж тооцохоор дор хаяж 120 мянган төгрөг хэрэг болно доо. Тэгээд дээрээс нь бензин, ачигчийн хөлснөөс эхлээд мөнгө их хэрэг болно. Хэнтийн Батширээтэд миний таньдаг гурван ч хүн байна. Түмэнжаргал гэдэг залуу байгаа. Эхнэрийг нь Янжмаа гэдэг. Бас Батжаргал гэж өндөр залуу бий. Эхнэр нь Хэнтий аймгийн прокурор. Тэдэнтэй ярихад учир бий.
-Оруулаад ирэх л хэрэгтэй байна даа?
-Налайхын авто замын хяналтын дарга дэд ахлагч Анхаа гэдэг бүдүүн нөхөр бий. Тэрүүгээр яриулаад Баянзүрхээс нааш оруулаад ирж болно. Харин Багануур, Цэнхэрмандалын постуудад таньдаг хүн байхгүй болохоор модыг чинь нэвтрүүлж чадахгүй. Батширээтээс ачаад Налайх дүүрэгт авчирчих юм бол бичиг сачиг хэрэггүй. Ямар ч саадгүй.
-Налайхаас наашаа ил ачаад оруулж ирнэ ч гэж байхгүй л байх даа?
-Ил ачиж болохгүй. 60 ширхэг модыг гурван “Портерь” машинд хувааж ачна. Нэг “Портерт” 20 мод ачаад дээгүүр нь зузаахан нүүрсээр хуччихад болдог юм. Би Налайхын уурхайд ажиллаж байсан тул сайн мэдэж байна.
-Та баталгаатай оруулж өгснийхөө хөлсөнд хэдэн төгрөг авах вэ?
-60 ширхэг модноос 120 мянган төгрөгийн хөлс авна.
-Бид Налайх хүртэл аргалаад аваад ирэхийг бодьё. Та хот руу оруулаад өг.
-Тэгвэл ямар ч асуудалгүй. Надтай холбоо бариарай.
Бид Төвшөөтэй маргааш нь холбоо барихаар тохироод саллаа.
Модны захад хийсэн дээрх сурвалжлагаас уншигч та манай эх орны ногоон баялаг ямаршуухан байдлаар устаж алга болж байгааг мэдэрсэн байх. Захуудын мод хулгайнх гэдэг нь нэгэнт ойлгомжтой болж байгаа учир бид Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Олон нийттэй харилцах албаны ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.Нямаатай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн товчоогоор хулгайн мод оруулж ирэх магадлал хамгийн өндөр байдаг юм шиг. Танай дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ гэмт хэргийн илрүүлэлт хэр байна вэ?
-Хулгайн мод оруулахгүйн тулд хэсгийн байцаагч байнга хяналт тавьж ажиллаж байна. Ер нь энэ төрлийн гэмт хэрэгт цагдаагийн байгууллага хяналт тавих үүрэггүй. МХЕГ-ын хийх ажил.
-Энэ онд хулгайн модтой холбоотой хэчнээн зөрчил гарав?
-Манай дүүргийн хэмжээнд байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг буурах шинжтэй байгаа. 2010 онд мод хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэрэг манай дүүргийн хэмжээнд 12, 2011 онд зургаа гарсан. Энэ оны эхний найман сарын байдлаар долоон хэрэг шалгагдсан байна.
-Шийдвэрлэлт нь ямар байна?
-Хариуцлага хүлээлгэх хууль, эрх зүйн орчин сул байна. Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн хүнд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэдэг. Энэ заалтад “Хууль бусаар мод бэлтгэсэн, худалдсан, тээвэрлэсэн, худалдан авч, боловруулснаар байгаль экологид их хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулах, эсвэл гурван жил хүртэлх хугацаагаар хорино. Тээвэрлэсэн авто машиныг улсын орлого болгоно” гэсэн байдаг. Хууль бусаар бэлтгэсэн модны үнэлгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй бол гэмт хэрэг биш гэж үздэг. Тэгэхээр эрүүгийн хариуцлага хүлээх хүн цөөхөн. Одоо холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг асуудал яригдаж байгаа. Нэмэлт өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хуулийн дээрх заалтыг чангатгах хэрэгтэй байна.
-Модны хулгай гараад байгаа шалтгаан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин сул байгаатай холбоотой гэж та хэлэх гээд байна уу?
-Шалтгаан нөхцөлийг судлахад ажилгүйдэл, ядуурал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунал нөлөөлсөн байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нь дээр дурдсанаар хүлээлгэх ял шийтгэлийн хэмжээ бага байгаатай холбоотой гэж үзсэн. Тиймээс хуулийн сул байдлыг ашиглаж байна гэж болно. Манай дүүргийн нутаг дэвсгэрт энэ төрлийн гэмт хэрэг гарч болзошгүй Хонхор, Гачуурт, Шархад, Улиастай зэрэг газарт орон тооны алба хаагч, эргүүл томилон ажиллуулах шаардлагатай. Мөн бартаат зам туулах чадвартай автомашин, бензин, шатахуун хэрэгтэй. Иргэдэд сэрэмжлүүлэх санал, зөвлөмж зэрэг тараах материал хэвлүүлэх санхүүжилтийг шийдэж өгөөч гэсэн хүсэлт удирдах байгууллагадаа тавьдаг.
-Гарал үүслийн гэрчилгээгүй мод оруулж ирдэг хулгайн зам байдаг уу. Шалгаж үзсэн үү?
-Үүнийг сайн мэдэхгүй байна. Орж болох бүх замд хяналт тавьдаг. Улиастай, Гачуурт, Баянзүрхийн товчоонд байнгын постон дээр цагдаа ажиллаж байгаа.
-Бид “Цайз” захаар явж байхад хүмүүс зарагдсан модны буюу хуучин гарал үүслийн гэрчилгээг ашиглан хулгайн мод оруулж ирдэг гэж байна?
-Хуучин гарал үүслийн гэрчилгээ ашиглаж хулгайн мод оруулж ирэх боломжгүй. Ямар ч зориулалтаар ашиглах байсан мод тээвэрлэж байгаа тохиолдолд гарал үүслийн гэрчилгээг заавал шинэчилж авах ёстой. Гэхдээ хуурамчаар гарал үүслийн гэрчилгээ хийж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ асуудлыг шалгаж үзнэ.
-Бас зам дагуу байрлах хяналтын постод гарч байгаа цагдаа нар хээл хахууль аваад хулгай мод оруулдаг гэсэн?
-Одоохондоо манайд цагдаа ёсзүйн стандартаа зөрчсөн гэсэн мэдээлэл ирээгүй. Хэрэв тийм мэдээлэл ирвэл Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгадаг. Би үүнийг сайн мэдэхгүй байна. Цагдаа үндсэн үүрэгт ажлаа хийх ёстой. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, урьдчилан сэргийлэх үүрэгтэй учир авлига авах ёсгүй. Энэ сарын 15-наас “Соёлч харилцаа” гэдэг нэг сарын аян өрнүүлж байгаа. Үүний хүрээнд цагдаа ёс зүйтэй ажиллах хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа. Үнэхээр авлига авсан, хулгайн мод нууцаар оруулсан нь илэрвэл хуулийн дагуу арга хэмжээ авна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин