Дархан-Уул аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас багш нарын санаачилгыг дэмжиж, 2012 оны дөрөвдүгээр сард ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Багшийн нийгмийн хөгжлийн хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөр нь 2012-2016 онд хэрэгжиж, багшийн эрүүл мэнд, орон сууц, ажлын байран дээрээ мэргэжил чадвараа дээшлүүлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт 34.2 га газрыг олгож, “Боловсрол” хотхон байгуулахаар шийдвэрлэсэн аж. Энэ дагуу өчигдөр хотхоны газрыг багш нарт албан ёсоор хүлээлгэн өглөө. “Багшийн нийгмийн хөгжлийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, Дарханы ирээдүйн оюунлаг иргэдийг бэлтгэхийн тулд хамгийн түрүүнд багш нарынхаа нийгмийн асуудалд анхаарах нь чухал байсан учир “Боловсрол” хотхоныг байгуулах шийдвэрт хүрсэн хэмээн аймгийн Засаг дарга онцолжээ. “Боловсрол” хотхоны төлөвлөлтөд Багшийн ордон, Кембрижийн хос хэлний сургалттай дунд сургууль, Лабортори цэцэрлэг, Нэгдсэн цахим номын сан, галарейн барилга, коллеж, 380 айлын орон сууц, мөн амины орон сууцыг ногоон байгууламж тохижилтын хамт барьж байгуулахаар тусгасан байна. Мөн багш нарынхаа саналыг авч эхний төлөвлөлтийг дахин боловсруулж байж хотхоны ажлыг эхлүүлэх юм байна.
Х.Соёл-Эрдэнэ /Дархан/