Монгол эрдсийн салбарт “үндсэрхэг” бодлого хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Монгол эрдсийн салбарт “үндсэрхэг” бодлого хэрэгжүүлнэ

Монголын шинэ Засгийн газар эрдэс баялгийн салбарт “үндсэрхэг” бодлого баримтлан хэрэгжүүлж буй тухай гадаадын хэвлэлүүдээр мэдээлж эхлээд байгаа.

Хятадын Ming Pao хэвлэлд өгүүлснээр, одоогийн байдлаар Хятад улс Монголын уул уурхайн орд газруудын 70 хувийг хяналтдаа аваад байгаа ажээ. Иймээс Монголын төр засаг гадаадын компаниудын орд газар дахь эзэмшлийг хязгаарлах бодлого баримталж буй. Тэр дундаа Хятадын компаниудын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж эхэллээ. Үүний нэг жишээ нь өнгөрсөн сард “Чалко” “Саутгоби”-г эзэмших худалдааны хэлцлээ цуцалсан явдал гэж тус хэвлэлийн мэдээнд онцолжээ.

Гэхдээ “Чалко” Монголын уул уурхайн салбарын компаниуд дахь эзэмшлээ хэдийнэ зузаатгаад буй ажээ. Үүнд “Чалко”-гийн “Винсвэй”-д эзэмшиж буй 30 хувийг дурдсан байна. “Винсвэй” бол Монголын эрдэс бүтээгдэхүүний тээвэрлэлт, тэр дундаа нүүрсний ложистикийн салбарт маш том орон зайг эзлээд байгаа юм. Дээр нь “Чалко” компани төмөр зам болон бусад үйлчилгээнд өөрийн томоохон эрх мэдлийг ашиглан хориг тавих боломжтойг тус хэвлэлд тэмдэглэжээ. Монголын төр засаг гадаадын хөрөнгө оруулалтыг тэнцвэржүүлэх буюу Хятадын оролцоог хумих бодлого явуулж буй ч алтаар өндөглөдөг тахиа болох Хятадаас бүрмөсөн хагацчихгүй байхад анхаарах нь зайлшгүй гэжээ.

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ч дахин хэлэлцэж эхэлснийг тус хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. Энэ тухай зөвхөн тус хэвлэл төдийгүй олон улсын бусад хэвлэлд Монголын төр засаг уул уурхайн салбарт “үндсэрхэг” бодлого явуулж эхэлсэн нь “Оюутолгой” төсөлтэй холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм. Өчигдрөөс эхлэн Монголын Засгийн газар зөвхөн “Оюутолгой” төсөл бус, уул уурхайн бүхий л төслүүд дэх гадаадын хөрөнгө оруулалтыг хянана гэсэн мэдээлэл цацагдаж эхлээд байна. Түүнчлэн УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх тухай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулна гэсэн саналыг хэлэлцээд, уг саналыг дэмжээгүйд үндэслэн “үндсэрхэх” бодлого илүү зөөлрөх тал руугаа шилжиж буйг гадаадын томоохон хэвлэлүүд бас онцолж байна.  Гэсэн ч шинжээчид болон гадаадын хэвлэлүүдээр шинэ Засгийн газарт “үндсэрхэх” үзэл баримтлагч гэсэн тэмдэг зүүлгээд байгаа юм.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж