Зөнч Мухаммедаар дахин “оролдов”

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Зөнч Мухаммедаар дахин “оролдов”

Парисын долоо хоног тутмын хошин сэтгүүл шинэ дугаартаа Зөнч Мухаммедыг элэглэсэн зураг нийтэлснээс болж Франц Элчин сайдын яамдын харуул хамгаалалтыг чангатгах шийдвэр гаргажээ. Саяхан лалын шашныг гутаан доромжилсон утга агуулгатай америк кино youtube сайтад тавигдсан нь лалын шашинтнуудыг хилэгнүүлсэн юм. Лалын шашинтнуудын хилэгнэл Ливид АНУ-ын Элчин сайдын яаманд халдлага гарч, Элчин сайд амиа алдсанаар төгссөн. Гэвч Францын “Charlie Hebdo” нэртэй хошин сэтгүүл Зөнч Мухаммедыг чармай нүцгэнээр тэргэнцэр дээр суулгаж, жүүд хүн түрж яваагаар дүрслэн зурсан шог зураг нийтэлсэн нь гал дээр тос асгасантай адил зүйл болж байгаа аж. Хэвлэлийн эрх чөлөөг хуульд дээдэлсэн Францын Засгийн газар лалын шашинтнуудын ариун шүтээн Зөнч Мухаммедыг элэглэсэн зураг нийтлэгдэх гэж байгааг мэдэж байсан ч шог зургийг нийтлэхэд саад болоогүй гэнэ.

Парисын хошин сэтгүүл “Charlie Hebdo” өнгөрсөн жил Зөнч Мухамеддаар оролдсоноос болж лалын хэт даврагчдын халдлагад өртөж, редакци нь галд автсан билээ. Зөнч Мухаммедыг залилан мэхлэгч, хүүхдийг садар самуунд уруу татагч, хүүхэмсэг эр мэтээр дүрсэлсэн гайтай америк киноноос болж лалын шашинт долоон улсад эсэргүүцлийн хөдөлгөөнүүд өрнөж, бослого дэгдсэнээс 28 хүн амиа алдсан юм.

Цаг үе ийнхүү эгзэгтэй байгаа энэ үед Францын Гадаад харилцааны сайд ард иргэдэд лалын шашинт орнууд руу аялж, шашны төвүүдийн олон хүн цугласан газруудаар явж, танихгүй хүмүүстэй уулзах нь хамгийн том эрсдэл гэдгийг анхааруулжээ. Европын орнуудаас лалын шашинт цагаачдын тоогоор тэргүүлдэг Францын эрх баригчид болон лалын шашны тэргүүд хүн ардыг тайван байхыг уриалж байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж