Уурхайн хаалтын журам шинэчлэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Уурхайн хаалтын журам шинэчлэгдэнэ

Уурхайн хаалт гэхээр ухсан газраа булж, ургамлын үр цацаад орхих явдал гэж ойлгодог байсан цаг саяхан. Сэндийлсэн газраа булсан нь их юм гэж үзэх үе ч байсан. Харин өнөөдөр уул уурхайн хөгжил шинэ шатанд гарч, аливаа үйл ажиллагаагаа ч дэлхийн стандартад нийцүүлэхийг хичээх болжээ. Үүний нэг илрэл нь уул уурхайн компаниудын байгаль орчны асуудал хариуцсан ажилчид болооод салбарын мэргэжилтнүүд санал бодол, туршлагаа хуваалцан чуулах болсон явдал юм.

МХЕГ-аас Германы Геошинжлэх ухаан байгалийн нөөцийн холбоотой хамтран зохион байгуулдаг нөхөн сэргээлтийн онол практикийн бага хурал 7 дахь удаагаа амжилттай зохиогдлоо. Энэ жилийн тухайд Байгаль орчны багц хууль батлагдаж, түүнийг даган олон журам зохицуулалт өөрчлөгдөн шинэчлэгдсэнээрээ онцлог үе тохиов. МХЕГ-ын захиалгаар “QMC ХХК” Уул уурхайн хаалтын төслийн журмыг шинээр боловсруулж хүлээлгэн өгчээ. Энэхүү журмын төслийг бага хурлын үеэр танилцуулсан юм. Журмын талаар ШУТИС-ийн багш М.Дагваас тодрууллаа.

Яагаад уул уурхайн хаалтын журмыг шинэчлэхээр болсон юм бэ?

Одоогийн мөрдөгдөж байгаа Уурхайг түр болон бүр хаах журам боловсрогдож байх үед уурхайн байгаль орчин болон уурхай дагасан нийгмийн асуудлууд өнөөдрийнх шиг хурцаар тавигдаж байгаагүй. Сүүлийн жилүүдэд манай оронд уул уурхай эрчимтэй хөгжихийн хажуугаар эерэг, сөрөг нөлөөлөл их гарч байна. Энэ салбарыг иргэд зохих хэмжээнд мэддэг боллоо. Энэ мэтийн тодорхой хэрэгцээ шаардлагууд байгаа учраас журмыг шинээр боловсруулах шийдвэр гарсан юм.

Энэ журмыг батлахаар одоогийн мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын хуулийг өөрчлөх шаардлага гарна гэж Та илтгэлдээ дурдсан. Хуулийг дагаж журам өөрчлөгддөг, харин журмыг дагаж хууль өөрчлөгдөнө гэж байх уу?

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй, өөрчлөх шаардлагагүй гэсэн эсрэг тэсрэг байр суурь нйигэмд сонсогддог. Хөрөнгө оруулалтын орчныг найдвартай байлгах үүднээс хуулиа тогтвортой байлгах хэрэгтэй гэсэн үзэл санаа ч бий. Бид уул уурхайн хаалттай холбоотой асуудлыг иж бүрнээр нь багтаасан журам боловсруулъя гэхэд журамд шинээр суух маш олон заалтын үндсэн суурь санаа нь Ашигт малтмалын тухай хуульд байхгүй байгаа. Тиймээс журам батлагдахад хүндрэлтэй болчихоод байгаа. Зарим хүмүүс заавал хуулийг хүлээлгүй журмаа баталчихвал ач холбогдлын хувьд хэрэгтэй юм гэж үзэж байгаа. Гэхдээ Монгол улс хууль эрх зүйтэй улс учраас хуулиас давсан журам батлах боломж байхгүй шүү дээ.

Тэгэхээр Ашигт малтмалын хуулийг шинэчлэгдтэл энэ журмыг батлах боломжгүй гэсэн үг үү?

Тэгж хэлж болно. Монгол улсын Ерөнхийлөгчийн боловсруулан Улсын их хуралд өргөн барихад бэлэн болсон Ашигт малтмалын тухай хуулийн төсөл бол журам батлагдах гүүр нь юм. Хуулийн төсөл өргөн баригдаад хэлцэгдээд явбал хуулиа дагаад журам батлагдах боломжтой. Миний харж байгаагаар энэ нь журмыг батлах хамгийн бодитой зам юм. Тэр болтол журмаа илүү сайжруулж, олон нийтэд нээлттэй болгоод уул уурхайн компани, байгаль орчны чиглэлээрх ТББ-уудын санал зөвлөмжийг нэмж тусгаад явах боломжтой. 

Журам батлагдлаа гэхэд хэрэгжилт нь сайн байж чадах болов уу? Манайд маш олон дүрэм, журам гардаг ч түүнийг дагаж мөрдөх нь ховор шүү дээ?

Энэ журмыг хоёр талаас нь харах ёстой. Нэгдүгээрт, энэ журам гарснаар Монгол улсын байгаль орчныг уул уурхайн үйл ажиллагааны улмаас үүсэх доройтол, сүйрлээс хамгаалах зохицуулалт илүү ойлгомжтой, тодорхой болох учраас хуулийг хэрэгжүүлдэг, төрийн зүгээс хяналт тавьдаг байгууллагуудын барьж ажиллах гол “зэвсэг” нь болно. Нөгөө талаас, уул уурхайн компаниуд дээр хүссэн хүн бүр очоод байгаль орчинтой холбоотой асуудлаар эсэргүүцэл илэрхийлж болж байна. Маш олон иргэний хөдөлгөөн уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоохыг оролддог. Энэ бүгдээс харахад зохицуулалтын орчин нь тодорхойгүй учраас ямар ч хүн юу ч ярьж болдог нөхцөл байдал үүсчихээд байна.

Маш тодорхой журам гараад ирэхээр уул уурхайн компаниудын хууль эрхзүйн орчин нь хамгаалалттай болж, бид хууль журмынхаа дагуу ийм ажил хийж байна гэдгээ тайлбарлах боломж нээгдэнэ. Товчоор хэлбэл, тоглоомын дүрэм ойлгомжтой болох юм.  Миний харж байгаагаар, энэ журам бол анзаарагдахгүйгээр цаасан дээр үлдээд өнгөрдөг журам биш юм. Уул уурхайн компаниудаас ч, олон нийтийн байгууллагуудаас ч, ард иргэдээс ч хүлээлттэй байгаа учраас батлагдлаа л гэвэл маргаашаас нь эхлээд хэрэгжээд явна.

Уурхайн хаалтын шинэр журмаар доорх үндсэн 5 асуудлыг зохицуулах ажээ.
•    Уурхайн ашиглаж байгаад хааж орхисон газарт аюулгүй орчин бүрдүүлсэн байх
•    Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх
•    Нэгэнт бий болсон дэд бүтэц, барилга байгууламжийг цаашид аль болох үр ашигтай ашиглах
•    Уурхайг хааснаас үүдэн гарах нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг багасгахад чиглэсэн төлөвлөгөө боловсруулсан байх
•    Хаасан уурхайн орчин ба түүний объектуудад урт хугацааны мониторинг хийх, хяналт тавих

О.Хосцэцэг

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж