Өнөөдөр “Мөрөөөдлийн театр”-ын уран бүтээлчид Тусгаар тогтнолын ордонд 19.00 цагт шинэ уран бүтээлийн нээлтээ хийх гэж байна. Тайз, дэлгэцийн бүтээлээрээ үзэгчидтэй хэдийнэ танил болсон тэд энэ удаад “Амьдрал өөрөө бэлэг” нэртэй хошин шоу драмаар бэлэг барихаар зэхээд байгаа юм. Уг тоглолт инээдмийн жанрынх ч тэд драмын урлагт шоу энтертайнмэнтийг хөгжүүлэхээр арай шинэлэг байдлаар хүргэх гэнэ. Тиймдээ ч бусад хошин шогийн тоглолт шиг хэд хэдэн жижиг үзэгдэлтэй бус хоёр том хэсгээс бүрдэж байгаа гэнэ. Мөрөөдлийн театрынхан шоугаа ОХУ, Францын хоёр зохиолоос сэдэвлэсэн бөгөөд уг тоглолтын найруулагчаар бүжиг дэглээч, найруулагч Г.Ган-Очир, киноны нэвтэрхий толь гэгддэг найруулагч А.Миеэгомбо, зураач Одбаяр, Сэрчээ нар гээд хоёр найруулагч, хоёр зураач ажиллажээ. Тэр ч утгаараа тэд уг шоундаа зориулан хоёр ч рекламийг хийлгэн цацаад байгаа юм. Шоу гэдэг өөрөө энтертайнмэнт урлаг. Энэ энтертайнмэнт урлагийг, драмын урлагтай хэрхэн хослуулахыг “Мөрөөдлийн театр”-ынхан бодож олжээ. Тиймээс цаашид ч энэ төрөл жанраар уран бүтээлээ хүргэх аж.
Тоглолтод тус театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр, жүжигчин С.Дөлгөөн, Батууш болон урилгаар Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, хошин урлагийн “акулууд”-ын нэг жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэг нар тоглох нь ээ. Жүжигчин Ааяа найман жилийн дараа “Мөрөөдлийн театр”-тай нэгдэн эргэн тайзнаа гарч байгаа бөгөөд реклам нь цацагдаж эхэлснээс хойш үзэгчдийн дунд хүлээлт үүсээд байгаа билээ.
Г.ДАША