Сэлэнгэ аймгийн нутагт алт олборлож байсан “Бороо Гоулд” компанийн 100 хувийн хөрөнгө оруулагч “Сентерра Гоулд” компани “heap leach” буюу нуруулдан уусгах технологи нэвтрүүлж, олборлолт явуулах эрх авсан тухайгаа мэдэгджээ. “Heap leach” буюу нуруулдан уусгах арга нь бага агуулгатай хүдрийг цоордоггүй хулдаас дэвсч бэлтгэсэн талбай дээр нуруулдан хурааж, цианитын сулруулсан уусмалыг дусаагуур хоолойгоор хүдэр дундуур нэвчүүлэх замаар алт ялгадаг технологи гэнэ. “Бороо Гоулд” компани энэ төслийн талаар дахин авч хэлэлцэж, ирэх арванхоёрдугаар сараас эхлэн сард 2,000 унци алт олборлох тооцоо гаргасан байна. “Сентерра Гоулд” компани мөн Дорнод аймгийн нутаг дахь Алтан цагаан овоо гэгч газар олборлолт явуулах лицензийг АМХЭГ-аас авсан бөгөөд төслийн талбайд хайгуулын өрөмдлөгийг явуулж байгаа юм байна. “Сентерра Гоулд”-ын гүйцэтгэх захирал Ян Аткинсон “Бид олборлолтын лицензтэйгээр ажлаа урагшлуулах болсондоо баяртай байна. Энэ ололт Монгол дахь төслүүдийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэг итгэл найдвар өгч байна” гэжээ.
“Сентерра Гоулд” нь Ази, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан хөгжиж буй орнуудад алтны хайгуул,шинжилгээ, олборлолт явуулдаг компани юм.
Н.Энх