Дарханы хүүхдүүд номын баярын өдрийг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Дарханы хүүхдүүд номын баярын өдрийг тэмдэглэв

Хүүхэд залуусыг номтой нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор жил бүрийн есөн сарын гурав дах долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэх тухай  Монгол Улсын  Ерөнхийлөгч зарлиг гаргасан билээ. Энэ дагуу Дархан-Уул аймгийн хүүхдүүд, олон нийтийн байгууллага, төрийн болон төр бус байгууллагууд хамтран “Номын баяр”-ын өдрийг өчигдөр “Олуулаа уншъя” уриан дор  тэмдэглэн  өнгөрүүлжээ. Номын баярт аймгийн ЗДТГ, БСГ, ЕБС-иуд, Сургуулийн  өмнөх  боловсролын  байгууллагууд, сумдын соёлын төвүүд, Номын сан, Хүүхдийн номын ордон, “Номын ундраа” номын худалдаа, “ТОП”, “Омега”, “Мөнхийн үсэг” хэвлэлийн газрууд зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцжээ. Номын баяр “Уран зохиолын дүрийн баатрууд амилсан нь” багт наадмын жагсаалаар эхэлж,  хүүхдүүд багш нарынхаа хамтаар уншсан номынхоо баатруудад хувилж, дүр бүтээцгээсэн байна. Энэ үеэр тэргүүний уншигч Д.Нацагдоржийн тэмдгийн болзол хангасан сурагчдад шагнал гардуулжээ.Мөн уран уншигч хүүхдүүд яруу найргийн дээжээс уншиж сонирхуулсан  байна.  Номын баярын өдөр аймгийн төв номын санд 30 гаруй сая төгрөгийн шинэ ном, хэвлэл ирсэн байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь Монгол Улсын төсвөөс засгийн газрын санаачилгаар хийгдэж  байгаа  200 мянга гаруй  номыг түгээх ажлын  үргэлжлэл   гэнэ.

Х.Соёл-Эрдэнэ       /Дархан/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж