Шакира хөл хүнд болжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Шакира хөл хүнд болжээ

Колумбын алдарт дуучин Шакира арван насаар дүү, Испанийн хөлбөмбөгч Жерар Пикетэй үерхээд багагүй хугацаа өнгөрсөн билээ. Тэгвэл дуучин бүсгүй хөл хүнд болж, хосууд үнэхээр баяртай байгаа гэнэ. Энэ тухайгаа Шакира өөрийн вэбсайтдаа бичжээ. Өдгөө 35 настай Шакира бие давхар болсонтойгоо холбоотойгоор ирэх долоо хоногт хийхээр төлөвлөсөн ажлуудаа цуцалжээ. Мөн тэрбээр энэ долоо хоногт Лас-Вегас хотноо “MGM” гранд зочид буудалд болох “iHeartRadio” хөгжмийн наадамд оролцохоор төлөвлөж байснаа цуцалсан байна. Гэхдээ дуучин Шакира хөл хүнд болсноо мэдэхээсээ өмнө Америкийн “The Voice” шоуны дөрөв дэх цувралд шүүгчээр ажиллахаар гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тэрбээр  дуучин Ашер, “Maroon 5” хамтлагийн гишүүн Адам Левинь, дуучин Блейк Шелтон нарын хамтаар уг шоуг шүүхээр болсон юм. Дашрамд сонирхуулахад, “The Voice” шоуны шүүгчдээр Ашер, Шакирагаас өмнө Кристина Агилера болон Си Ло Грин ажиллаж байсан ба тэд өөр өөрсдийн төлөвлөсөн ажлын улмаас шоуны шүүгчээр ажиллаж чадахгүй болсон ч дараагийн тав дахь цувралын шүүгчдээр эргэн ирэх гэнэ.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж