Ургац хураалт жигдэрч байна

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Ургац хураалт жигдэрч байна

Дорнод аймгийн ХХААЖДҮГ-аас 2012 онд ургац хураалтын явц хэрхэн байгаа талаар мэдээлжээ. 2012 онд аймгийн хэмжээгээр үр тарианы долоон аж ахуй нэгжийн найман тариа бригададууд Чулуунхороот, Цагаан-овоо, Баян-Уул, Халх гол зэрэг дөрвөн сумдад үйл ажиллагаа явуулж байна. Нийт 18,030 га-д тариалалт хийсэн бөгөөд үүний 20 га-д овъёос, 800 га-д арвай, 5,0 мян/га-д рапс, 200 га-д гурвалжин будаа, 12,010 га-д улаан буудай тариалсан. Дээрх тариалсан талбайгаас ургацын урьдчилсан балансаар 15,0-17,0 мян/тн улаан буудай, 10,0 мян/тн рапс, 700 тн арвай хураан авах төлөвлөгөөтөй байна.

Ургац хураалтад 22 комбайн, 37 трактор, 15 жатка, 2 пүү, Будаа цэвэрлэгч 10, үр сортлогч 4, будаа ачигч 11, цахилгаан эх үүсвэр 9, машин 21, чиргүүл 11, үндсэн 104 ажилчин, гэрээт болон түр 211 хүн ажиллаж байна. Цаашид 9 сарын 15 –аас ургац хураалт жигдрэхэд оюутан, цэргийн албан хаагчидыг аж ахуй нэгжүүд татан авч ажиллуулахаар төлөвлөөд байна. Төмс хүнсний ногооны хураалт аймгийн хэмжээгээр төмс 40,9 га-гаас 449,2 тн буюу га-аас 109,7 цн/га, хүнсний ногоо 37,9 га-гаас 286,9 тн ургац буюу га-гаас 75,6 цн/га ургац тус тус хураан аваад байна. Төмс, хүнсний ногооны ургац хураалт 9 сарын дундаас жигд‎эрч байна. 9 дүгээр сарын 19 байдлаар ургац хураалтын ажлын явц үр тариа 2720 га-д ангилан хадалт хийж, 1200 га талбайд шууд хураалт, цайруулалт 370 га-д явагдаж нийт 2628 тн улаан буудай хураан аваад байна.

Үр тарианы бүс нутагуудаар бороо орж тариа хураалтанд саад учирч байна. Чулуунхороот сумын Эрхэт үйлс ХХК, Баян-Уул сумын Майдарын буудай ХХК-уудын тарианы болц сүүн болон аарцан болцын дунд үед орж байгаа тул 9 сарын 20 –оос ангилан эхлэх төлөвтэй байна. Энэ жил бороо хур чийг элбэгтэй учир Хэрлэн голын сав дагуу байрлах талбай үерийн усанд автаж ургац алдах аюулд хүрээд байна. Мөн хадгалалтанд орох төмс хүнсний ногооны хадгалалтын технологийг сайтар мөрдөж нарлуулах арга хэмжээг авч хадгалах агуулах савны ариугал агааржуулалтыг чанартай хийхгүй бол зоорины хадгалалтын үеийн хорогдол ихээр гарах төлөвтэй байгааг иргэд аж ахуй нэгжүүдэд анхааруулан ажиллаж байна.

/DNews.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж