Урэмч дахь ТянРон зээлийн компани нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Урэмч дахь ТянРон зээлийн компани нээлтээ хийлээ

Монгол-Хятадын анхны бичил санхүүгийн компанийн нээлтийг Евро-Азийн 2 дугаар Бага хурлын үеэр зохион байгуулав

2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр БНХАУ-ын Шинжан Уйгарын Автономит Бүс /ШУАБ/-ийн Урэмч хот дахь ТянРон Бичил Санхүүгийн Компани нээлтээ хийлээ. ТянРон Бичил Санхүүгийн Компани нь Монголын ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК, МАК ХХК, Хятадын Шинжан Лонхайда, Шанхай Жунхэ болон Дэлхийн Банк нэгдлийн гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/ зэрэг 5 хөрөнгө оруулагчийн хамтран байгуулсан компани аж.

Компанийг байгуулснаар Хятадын буурай хөгжилтэй бүс нутаг болох ШУАБ-д жижиг бизнес хөгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эс үүсвэрийг нэмэгдүүлэх, улмаар Төв Ази дахь эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Нээлтийн ажиллагаанд Хятадын Санхүүгийн хэргийн газар, ШУАБ-ны Худалдааны газар, хотын удирдлагын эрх бүхий төлөөлөгчид оролцлоо.

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн анхдагч охин компани болох ХасБанк нь Монгол Улсын бичил, жижиг, дунд үйлдвэрүүдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэгч компани төдийгүй дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн банк юм. ОУСК нь ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанктай 1999 оноос эхлэн амжилттай түншилж ирсэн бөгөөд  эдүгээ ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн 13.5 хувийг эзэмшиж байна. Олон улсын түвшний санхүүгийн мэдлэгийг хөрөнгө оруулачдын туршлагатай хослуулсан ТянРоны хувьд БНХАУ-ын Шинжанаас эхлэн нийт Төв Азийн бүс нутагт бичил санхүүгийн салбарт ийнхүү тэргүүлэгч болох онцгой нөхцөл боломж бүрдлээ.

“ОУСК –тай байгуулсан түншлэлийн үр дүнд ТэнГэр Санхүүгийн Нэгдэл нь бичил санхүүгийн орон зайд тогтвортой бизнес эрхэлж, өндөр туршлагатай мэргэжилтнүүдийн багийг бүрдүүллээ,”- хэмээн ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал М.Болд тэмдэглэж “Бид энэхүү амжилттай загвараа давтаж, БНХАУ-ын Шинжанаас эхлэн бүс нутагт орших бусад зах зээлтэй туршлагаасаа хувалцах эрмэлзэлтэй байна”гэв.

ТянРон нь эхний шатанд жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 300,000 /гурван зуун мянга/-аас доош юанийн хэмжээтэй бичил зээл  олгож, зах зээлийн нөхцөл байдлаас хамааран ойрын 2-3 жилийн хугацаанд 200 сая гаруй ам.долларын зээлийг 15,000 орчим жижиг бизнес эрхлэгчдэд олгох төлөвлөгөөтэй аж.

ОУСК-ийн Хятад, Монголын асуудал эрхэлсэн Захирал Хюн-Чан Чо нээлтийн ажиллагаанд баяр хүргэж “ОУСК нь бүс нутаг болон дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхитэй дэмжиж ирсэн. Энэхүү төсөл нь Төв Ази, тэр дундаа Шинжан мужид харилцан ашигтай хамтын ажиллагаа, зохистой хөгжлийг дэмжихэд үлгэр жишээ болох юм”гэв.

БНХАУ-ын Үндэсний  Статистикийн товчооны мэдээллийн дагуу Шинжан нь нэг хүнд ногдох ДНБ-ийн хувиар БНХАУ-д хамгийн доод түвшинд байгаа аж.  Шинжан нь Хятадын хамгийн том муж бөгөөд ОХУ, Тажикистан, Киргизстан, Казахстан, Монгол Улс зэрэг Төв Азийн 8 оронтой хил залган оршдог.

Тэнгэр Санхүүгийн Нэгдэл

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг Монголын тэргүүлэгч компани юм. Тус компанийн гол хувь нийлүүлэгчид нь  ЕСМ, ОУСК, ЕСБХБанк, Голландын Триодос банк, Швейцарын Блю Орчард, АНУ-ын Мерси Кор зэрэг болно. Нийт өөрийн хөрөнгийн 70 гаруй хувийг гадаадын хөрөнгө оруулагчид эзэлдэг. ТСНэгдэл нь ХасБанк, ХасЛизинг, Тэнгэр Даатгал, ТэнГэр Капитал, ТэнГэр Солюшн, Хас Секьюрити зэрэг охин компаниудтай. Тус нэгдлийн охин компани болох ХасБанк нь нийт хөрөнгийн хэмжээгээрээ Монгол улсын 4 дэх том банк юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tengerfinancialgroup.com- ээс үзнэ үү.

Олон улсын санхүүгийн корпорац

Дэлхийн Банкны гишүүн ОУСК нь хувийн секторыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй дэлхийн хамгийн том хөгжлийн институт юм. Хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, олон улсын зах зээл дээр хөрөнгө босгох, бизнес эрхлэгчид болон засгийн газарт зөвлөгөө өгөх замаар хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлдэг. 2012 оны санхүүгийн жилд ОУСК-иас оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 20 тэрбум доллараас давснаар ажлын байр шинээр бий болгох, инновацийг хөгжүүлэх, дэлхий нийтийн хөгжлийн тулгамдаж буй асуудалд  анхаарлаа чиглүүлж шийдвэрлэхэд хувийн секторын хүчин чармайлтыг нэмэгдүүлж буй юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org -ээс үзнэ үү.

Шинжаан Лонгхайда

Шинжаан Лонгхайда  нь жижиглэнгийн худалдаагаар тэргүүлэгч Шинжааны компани юм.  Лонгхайда нь ТянРонгийн дотоодын гол хөрөнгө оруулагч байгууллага бөгөөд  Woyou Электроник, Шинжаан Chaungbo Guarantee, болон Badianban супермаркет зэрэг салбар компанитай. 

Шанхай Жүнхэ

Шанхай Жүнхэ нь Шанхай хот дахь Жүнхэ группын гишүүн бөгөөд санхүүгийн толгой компани юм. Бичил санхүү, барьцаат зээл, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлдэг.

MAK

Монголын Алт компани нь Монголын тэргүүлэгч хувийн компаниудын нэг юм. Монгол улсын уул уурхайн салбарт төвлөрч ажилладаг. БНХАУ-ын болон дэлхийн томоохон компаниудтай түншлэгч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж