Иранд тэнгисийн цэргийн хүчийг харуулна

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Иранд тэнгисийн цэргийн хүчийг харуулна

Персийн буланд олон үндэстний өмнө хийгдэж байгаагүй цэргийн хээрийн сургууль  хийгдэж байна. Дэлхийн 25 орны Тэнгисийн цэргийн хүчин хэрэв Иран Ормузын хоолойг хаавал хэрхэн тэмцэх талаар хээрийн сургуулилалтаа хийж байна. Ер нь бол баруунд Ираны эсрэг дайн зайлшгүй гэж үзэж байгаа бололтой.

АНУ түүний Ойрхи Дорнодын холбоотнууд жил бүр Персийн буланд хээрийн сургууль хийдэг уламжлалтай. Харин энэ жилийн  хээрийн сургууль цар хүрээгээр өмнөхөөсөө хэд дахин өргөжсөн аж. Цэргийн тоглолтоор 12 хоногийн турш 25 орны Тэнгисийн цэргийн хүчин ур чадвараа нэмэгдүүлнэ. Гол хүч нь АНУ-ын Тэнгисийн флотын онгоц тээгч хөлгүүдийн гурван бүлэг болж байна. Nimitz ангиллын онгоц тээгч гурван хөлөг тус бүрийн хамгаалалтад дор хаяж 12 хөлөг онгоц байгаа гэнэ. Пуужинт  крейсер, фрегат, эсминец, шумбагч онгоц зэрэг ангиллын хөлөг онгоцнууд  онгоц тээгчээ хамгаалах сургуулилалтаа хийж байгаа юм.

Үүнээс гадна десантын хөлөг онгоцнууд хэдэн мянган тэнгисийн явган цэрэгтэйгээр багтжээ. Хээрийн сургуулиар Ираны эсрэг байлдах арга тактикаа боловсруулж буйгаа нуухгүй байгаа. Тегеран цөмийн байгууламждаа халдвал Ормузын буланг хаахаар  занал хийж байгаа. Ормузын булангаар нефтийн далайн тээврийн 35 хувь дамждаг  бөгөөд Ираны  үйл ажиллагаа нь Ойрхи Дорнодын нефтийн хэрэглэгчдийн  сонирхолд том цохилт болох юм. Хамгийн түрүүнд тийм ажиллагаанаас АНУ, Баруун Европ, Япон хэлмэгдэх гэнэ.

Ормузын хоолой нь зүүн өмнөд хэсгээр Оманы буланг Персийн булангийн баруун өмнөд эрэгтэй холбодог. Түүний урт нь 195 км, хамгийн нарийн хэсгээрээ 54 км бөгөөд гүн нь 229 метр болдог. Уг хоолой нь хоорондоо таван км-ийн тусгаар бүстэй, тус бүр нь 2,5 км-ийн өргөнтэй тээврийн хоёр замаар хуваагдсан байгаа.
Тээврийн замын гол аюул нь Ираны пуужингийн цогцолборууд ба тэнгисийн флот юм. Тухайлбал, том  оворын нефть тээвэрлэгч онгоцыг устгах чадвартай Ираны жижиг шумдагч онгоцнууд ноцтой хүч болж байна. Энэ бүсийн дайныг Ираны цөмийн байгууламжид агаарын цохилт өгөх боломжийг үгүйсгээгүй Израиль өдөөж магадгүй гэнэ. Атомын бөмбөг бүтээх зорилготой Ираны цөмийн хөтөлбөрийн дүн шинжилгээ нь тус улсыг энэ чиглэлээр эрчим ажиллаж буйг харуулдаг байна.

Израилийн удирдлагын шийдэмгий байдал, мөн ганцаараа Иранд цохилт өгөхөөс татгалзаагүй зэрэг нь АНУ-ын толгойн өвчин болж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АНУ эдийн засгийн болон хүн хүчний ихээхэн хохиролтой байж болох сөргөлдөөнийг хүсэхгүй байгаа юм.

Барак Обамагийн засаг захиргаа сүүлийн үед Ираны эсрэг авах арга хэмжээгээ илүүд үзэж ирсэн юм.  Харин Персийн буланд одоо хийж буй хээрийн сургууль нь шаардлагатай үед цэргийн хүч хэрэглэх болно гэдгээ АНУ-ын зүгээс Израильд харуулан тайвшруулах гэсэн оролдлого юм. Үүний хажуугаар тэд Тегеранд сүр хүчийг харуулж байна. Америкийн онгоц тээгч гуравхан онгоцны нисэх онгоцнууд гэхэд л Ираны нисэх хүчнээс хэд дахин илүү хүчтэй аж.

Ш.МЯГМАР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж