Ерөнхий сайд Эрчим хүчний яаманд ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Эрчим хүчний яаманд ажиллалаа

Монгол
Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Эрчим хүчний яаманд ажиллав.
Энэхүү “Монгол Улсын эрчим хүчний системийн өнөөгийн байдал тулгамдсан
асуудал” ажил хэргийн уулзалтад сайд М.Сономпил болон салбарын
удирдлагууд санал бодлоо  илэрхийллээ. Энэ үеэр салбарын тулгамдсан
асуудал болон өвөлжилтийн бэлтгэл ажил, ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн барьж
буй шахмал түлшний үйлдвэрийн ажлын явц болон Улаанбаатар хотын шинэ эх
үүсвэрийн талаар Ерөнхий сайдад танилцуулсан.

Монгол Улсын эрчим
хүчний хэрэглээний өсөлт жил бүр 8-10 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд
2014 оноос чадлын дутагдалд орж болзошгүй байгаа юм. ЭХЯ-ны зүгээс энэ
хүндрэлээс богино хугацаанд гарах техникийн боломжит хувилбар болох
“ДЦС-4”-ийг 100 мВт-аар өргөтгөх, “УС-15” 250 Гкал.ц дулааны эх
үүсвэрийн төслийг танилцууллаа. Эдгээр төслүүдийн хөрөнгө оруулалтыг
ойрын хугацаанд цаг алдалгүй шийдэж, ажлыг эхлүүлбэл 2014-2015 оны
өвлийн их ачааллын өмнө дуусгах боломжтойг албаны хүмүүс илэрхийлэв.

Түүнчлэн
төрийн өмчит компаниудыг нээлттэй ил тод болгож, хөрөнгийн зах зээлд
хувьцаа гаргаж босгосон хөрөнгөөр техник технологийн шинэчлэл хийхээр
төлөвлөөд байгаагаа ярилаа. Мөн цахилгаан дамжуулах агаарын шугмыг
барихдаа 330 кВ-ын хүчин чадалтай байхаар санал боловсруулаад байна.
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн агаарын шугамыг барихдаа энэ жишгийг
ажил хэрэг болгохоор төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр шинэ эх үүсвэрүүд
ашиглалтад орох үеэр ачааллыг дамжуулах чадвартай болох юм. Ерөнхий сайд
Н.Алтанхуяг эрчим хүчний салбарт хэрэгжиж буй гаднын томоохон
төслүүдийн зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавихыг
анхааруулаад салбарын үйлдвэр компаниудыг өрсөлдөөнтэй, ил тод болгох,
эрчим хүчний хэмнэлтэд олон нийтийг татан оролцуулах ажлыг нэн тэргүүнд
хийж эхлэх зүйтэй гэж чиглэл болгов.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж