АНУ-д хийсэн “The Innocence of Muslims” гэх дуулиант киноноос болж арваад хоногийн хугацаанд Америкийн эсрэг эсэргүүцэл Хойд Африк, Арабын зэрэг хорь гаруй орныг бужигнуулж, 19 хүний аминд хүрээд байна.
Пакистанд есдүгээр сарын 17-нд жагсагчид болон цагдаагийнханы хооронд болсон мөргөлдөөнд нэг хүн амиа алдсан ба өмнө нь шарх авсан өөр нэг хүн мөн нас баржээ. Пешавар, Карачи ба Лахор хотуудад болсон жагсаалд хэдэн мянган хүн оролцсон ба жагсагчид АНУ-ын төрийн далбааг шатааж Америкийн эсрэг уриаг хашгирч байлаа. Лахорт жагсагчид Америкийн консулын газрыг дайрахаар оролдсон байв.
Эсэргүүцэлтэй холбогдуулан Пакистаны эрх баригчид YouTube сүлжээг хаав. Видеохостинг бүтцэд нь багтдаг Google компанийн удирдлага исламын эсрэг роликийн контентаа авахаас татгалзлаа. Энэ өдөр “The Innocence of Muslims” киноны трейлерт нэвтрэхийг Арабын Нэгдсэн Эмиратын Засгийн газар хаажээ. Өмнө нь тийм арга хэмжээг Индонез, Малайз, Энэтхэг, Египт, Ливи ба Афганистаны эрх баригчид авсан байв.
Ливанд шиитийн “Хезболлах” гэдэг радикал хөдөлгөөн есдүгээр сарын 17-нд олон нийтийн өргөн хэмжээний эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан юм. “Энэ бол мусульман ертөнц даяар их зөнчийг хамгаалах чухал хөдөлгөөний эхлэл” гэж хэдэн арван мянган жагсагчдын өмнө бүлэглэлийн удирдагч Хасан Насралла хэлжээ. Энэ үеэр дуулиант киноны продюсер Накула Бессели Накула ба түүний гэр бүлийнхэн Калифорни дахь гэр орноо орхин явжээ. Цагдаагийн байгууллага тэднийг нууц газар байлгаж байгаа гэж Лос-Анжелес дэх хууль хяналтын байгууллагын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Мөн энэ үеэр Египет имам-салафит Ахмед Фуад Ашуш өөрийн талынханд хандан “The Innocence of Muslims” киноны бүх бүтээгчид, жүжигчдийг хөнөөхийг уриалжээ. Энэ тухай исламын сайтуудыг хянах ажилтай SITE компани мэдээлсэн байв. “АНУ, Европт амьдарч байгаа залуу мусульманууд их зөнч Мохаммедыг доромжилсон роликийг тараахад оролцогч бүрийг устгах ёстой” гэж имамын фатвад (фатва-шашины зарчмын дагуу дээд ламын ямар нэгэн асуудлаар гаргасан гаргасан айлтгал) бичжээ. Фатваг исламын олон интернэт сайтуудад тавьсан байв. Өмнө ийм маягийн кино хэсэг шуугиад мардагддаг байсан бол өнөөдөр ямар нэг учир утгагүй зүйлийг Youtube сүлжээнд байрлуулахад л түүний тухай энд тэндгүй шуугидаг болжээ. Исламистууд үл ялих видеоноос болон дэлхий даяар элчин яамдад халдаж, барууны хэт даврагчид үймээн самуун өдөөхөөр уг видеог ашиглаж байна.
Исламын Магрибын орнууд дахь “Аль-Каида” бүлэглэл “The Innocence of Muslims” киноны хариу болгон Америкийн дипломатуудыг хөнөөх эсвэл нутаг орноосоо хөөн гаргахыг лалынханд уриалжээ. Террористуудын Алжирт байрлах бүлэглэлүүд Хойд Африкийн орнуудад (Алжир, Тунис, Марокко, Мавритани) киноны төлөө өшөө авалт болгох аллагууд үйлдэхээр бэлтгэж буйг зарлажээ. Тэд Ливи дэх Америкийн элчин сайд амь үрэгдсэн жишээг “АНУ-ын бардам, дээрэнгүй засагт тохирсон бэлэг” гэж нэрлэжээ.
Үүний өмнө Арабын хойгийн “Аль-Каида” Америкийн элчин сайдын яамдад довтлохыг уриалахдаа Ливийн жишээг бас л шилдэг үлгэр гэж нэрлэжээ. Афганистанд “Талибан” хөдөлгөөнтэй бүлэглэлийн үйлдсэн аллагыг тэд киноны төлөөх өшөө авалт гэсэн байв. Амиа золиослогч эмэгтэйн үйлдсэн дэлбэрэлтээр Кабулын нисэх буудлын ойролцоо 12 хүн амиа алдсаны ихэнх нь гадаадынхан байв.