Аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтэд анхаарна

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтэд анхаарна

Баригдаж буй барилгын аюулгүй байдлаа хангаагүйгээс хүний амь эрсдэх, хүнд бэртэл авах явдал есдүгээр сарын 1-ээс хойш хэд хэдэн удаа гарсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гарч ажиллахаар болсон юм. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаснаар Барилын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд, тэдгээртэй холбоотой бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдлаа. Тус хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн  Ж.Батзандан, гишүүд болох О.Баасанхүү, С.Ганбаатар нар энэ талаар мэдээлэл хийсэн. УИХ-ын долоон гишүүнээс бүрдсэн ажлын хэсэгт дээрх гишүүдээс гадна Х.Болорчулуун, Д.Ганбат, Ж.Батсуурь, Г.Баярсайхан гэсэн УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн төлөөлөл багтсан бөгөөд шалгалтыг энэ сарын 18-наас аравдугаар сарын 1-ний дотор хийж гүйцэтгээд аравдугаар сарын 5-ны дотор УИХ-д танилцуулах аж.

Ажлын хэсэгт мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлэх гурван дэд хэсэг байгуулсны барилга, хот байгуулалтын чиглэлд гурав хүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлд мөн гурав хүн, үүнээс гадна УИХ-ын НББСШУБХ-ны зөвлөх багтаж байгаа аж.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан “Монгол Улсын Үндсэн хуулийн 2-16-д хүний эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлыг тусгасан нь хоосон уриа лоозон бус, хүний амьд явах эрхийг баталгаажуулж, өдөр бүр шинэ шинэ агуулгаар баяжиж байдаг амин сүнс болсон заалт” болохыг тэмдэглээд сүүлийн үед хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд аж төрөх баталгаа алдагдаж, эрдэнэт хүний амь нас эрсдэх явдал удаа дараа гарч байгаа тул хариуцлага алдсан, хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх ёстой гээд “зах зээлийн эдийн засгийн сул тал  болох зэрлэг капитализмтай тэмцэх энэхүү ажлаа МХЕГ-ын дарга Р.Содхүү болон хүний амь нас хохироож буй аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай хариуцлага тооцохоос эхэлнэ” гэж мэдэгдлээ.

Мөн ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү “Цөөн хэдэн хүн зөвшөөрөлгүй, дур мэдэн барилга бариулж байгаа нь хүний амь насыг эрсдэлд оруулж байна. Улирлын чанартай, цаг нартай уралддаг бүтээн байгуулалтын ажил гэдгийг нь ойлгож байгаа ч хууль зөрчих ёсгүй юм. Хүмүүс гэмт хэрэгтгнээс айдаг байсан бол одоо гэртээ сууж байж айдаг болсон. Барилга барих зөвшөөрлийг нь авахад бэрх байдаг болохоор эхлээд барилгаа бариад зөвшөөрлийг нь араас нь нөхөж авдаг гэдэг. Зөвшөөрөл өгсөн хүнийг нь  шалгахаас гадна тэр барилгын ажилд хяналт тавих ёстой. Үүний тулд УИХ-аас ингэж анхаарч ажлын хэсэг байгуулж байна” гэв.. Харин С.Ганбаатар гишүүн хэлэхдээ  “Хууль бус үйл ажиллагааны хохирогч болсон жирийн хүмүүсийн төлөө төр хариуцлага хүлээх ёстой. Төрийн буруутай үйлдлээс болж хүн хохирох ёсгүй. Монгол Улс зах зээлийн эдийн засагт ороод 20 жил болж байна. Зах зээлийн нийгэм хоёр зүйлд, тухайлбал, хүн, байгаль орчин хоёрт халгаатай, тэгэхдээ хүнд их халгаатай. Эдийн засгийг зах зээлээр хангахын оронд Монголын нийгмийг зах зээл дээр гаргаад тавьчихсан. Хөдөлмөрийн аюулгүй, байдал, эрүүл ахуйн хуулиудад заасанчлан хариуцсан нутаг дэвсгэрт нь хууль бус барилга баригдаж буй аймаг, дүүргийн засаг даргад эн түрүүнд хариуцлага хүлээлгэх ёстой, улмаар мөнгө олж бизнес хийж буй аж ахуйн нэгжийн эзэд, тэгээд мэргэжлийн хяналтын улсын байцаагч нартай хариуцлага тооцох ёстой. Энэ талын хуульд тогтоомжид өөрчлөлт оурулах учиртай. Үүний тулд манай Ажлын хэсэг өнөөдрөөс ажлаа эхэлж  байна” гэв.

Ажлын хэсэг эхний ээлжинд Мэр­гэж­лийн хяналтын байгууллага, ба­рилгын компаниудын үйл ажиллагаатай танилцах, аюулгүй ажиллагааны хууль журам, аюулгүй байдлыг ажлуудыг судалгаа хийхээр болсон аж.

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж