Өглөө гарч яваад орой гэртээ ирэлгүй яваад өгчихвөл үгүй мөн харамсалтайяа. Зөв зүгээр явж байгаа төмрөнд юм уу, тоосгонд цохиулах шиг эмгэнэлтэй юм үгүй. Бас нэг хүн, амьтан хүрч ирээд цохиод авсан бол дүүрч. Тэнгэрээс унаад ирэхээр чинь хэцүү биз дээ. Тэнгэрээс ч биш зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь үл мэдэгдэх овоолж байгаа барилганаас л унаад ирж байгаа юм. Юу нь мэдэгдэхгүй болохоор бараг “тэнгэр” гээд нэрлэсэн ч болохоор. За тэгээд дээшээ харж сэрэмжлэхээс гадна. Та дөрвөн зүг, найман зовхис руугаа нүдээ бэлчээх ёстой. Ингэхгүй бол маш олон төрлийн гэм бий. Нүхэнд унаж үхэх, ус сувгийн удирдах газрын сүлжээ таарсан нүхэнд унаж живж үхэх, дутуу ухсан нүхэнд унаж сүлбүүлж үхэх гэх мэт. Хоёр тийшээгээ харахгүй байвал баруун, зүүн талаас нэг жижиг тэрэг, нэг том тэрэг хүрч ирээд дайрах гэм бий. Үгүй ядахдаа галзуурах шахам хурдан давхих мотоцикль хүртэл хүрч ирээд дайрахыг хэн мэдлээ.
Дөрвөн зүг рүүгээ хараа сунган явахаас гадна бас сонор сэрэмжтэй явахгүй бол болохгүй. Хэрвээ та ингэж явж байгаад хэн нэгэн нөхөртэй шүргэлцээд авбал бөөн юм болно. За тэгээд нөгөөдөх нь салам агсам талдаа хүн байж таарвал бүр дэмий. Аягүй бол хөсөр хэвтэх төмрөөр хусаад авбал гүйцээ. Үүнийгээ байг гэхэд дөрвөн зүг рүүгээ хараад явж байх хооронд таны халааснаас хэдэн төгрөгийг чинь авчих ч юм билүү, хэн мэдлээ. Энэ бүгдээс сэрэмжлээд гэртээ оръё гэхээр бас нэг асуудал бий. Хэзээ мөдгүй тросс нь тасрах шахсан, эмээгийн амбаар шиг лифтэнд та суух болно. Аминдаа хайртай хүмүүс хоёр хөлөөрөө мацахаас аргагүйд хүрнэ шүү дээ.
Бүгдээс сэрэмжлэх хэцүү. Тэр дундаа идэж, уухаас сэрэмжлэх ямар ч бололцоо байхгүй. Ингэхгүйгээр ямар өлсөж цангаад явалтай биш. Дундаж хоолны газар орвол таньд юуны ч юм мэдэгдэхгүй махаар хоол хийгээд өгчихнө. Өлссөндөө идэж орхидог маргааш нь эмнэлэгт сэрвэл хэцүү биз дээ.
Бусад улсын хүмүүс шиг дэлхийгээр хэрэн хэсч, хүссэнээрээ амьдрах минь ч яамай. Ямар ч л байсан амьд арзайж, мэнд мэлтийх юмсан.