-Зөвшөөрөлгүй баригдсан барилгын компаниудын үйл ажиллагаанаас болж есдүгээр сар гарсаар гурван хүн амиа алдсан хэрэг гарлаа. Өчигдөр л гэхэд дахиад хоёр хүн барилгаас унаж бэртлээ. Өнгөрсөн мягмар гаригт хэсэг залуучууд цугларч аюулгүй Улаанбаатарын төлөө жагссан. Бусад жагсаал цуглаанаас ялгаатай нь энэ хүмүүс мөнгө төгрөгийн төлөө биш амьдявах эрхийнхээ төлөө сэтгэл зүрхээрээ нэгдсэн байх?
-Интернетийн орчинд олон нийтийн сүлжээгээр дамжуулан идэвхитэй харилцаатай байдаг залуучууд оролцсон чимээгүй цуглааныг зохион байгуулсан. Энэ нь улс төрийн зорилготой болон бусад эсэргүүцлийн цуглаанаас онцлогтой нь интернетийн орчинд мэдээлэл солилцоод шууд цугласан явдал юм. Ер нь залуучуудын амьдралд, ялангуяа шийдвэр гаргах түвшинд өөрсдийн байр суурь, санаа бодлоо илэрхийлэхдээ интернетийн олон нийтийн сүлжээг ашиглах явдал түгээмэл болж илүү олон хүн оролцдог болж байна. Мягмаг гаригийн цуглааны хувьд гэхэд өглөө 9 цагаас цуглаан хийх тухай санаачлагууд өрнөөд оройг 18 цаг гэхэд талбай дээр цуглацгаасан ойролцоогоор 300 шахам хүн ирсэн. Энэ бол өөрчлөлтийг харуулж байна гэж дүгнэж болох байх. Өчигдрийн цуглааны зорилго бол аюулгүй ажиллагааны наад захын хэм хэмжээ, дүрэм журмыг мөрддөггүй, хариуцлагагүй, салан задгай байдлын үр дагавраар эрдэнэт хүний амь нас эрсдэж байгааг эсэргүүцэж цугласан.
-Өглөө нь гэрээсээ эв эрүүл сав саруул гараад орой нь барилгаас унасан төмөр, чулуу эсвэл кранд даруулаад амь насаа алдах эрсдэл дунд нийслэлчүүд амьдарч байна шүү дээ. Ар гэрийнхнээ амьд ирээсэй дээ гэж залбирах нь холгүй болж?
-Хүний амьд явах үндсэн эрх бол аюулгүй орчиноор баталгааждаг. Аюулгүй орчныг бий болгоно гэдэг бол өөрөө өргөн хүрээний ойлголт. Институцийн талаас нь, дүрэм журам, стандартын талаас нь, хүний хүчин зүйлийн талаас гэх мэт олон талаас нь харсан бодлого гаргаж, түүнийгээ хэрэгжүүлж байж аюулгүй орчныг бий болгож чадна. Өнөөдөр хүний амь нас эрсдэж байгаа нь мөсөн уулын зөвхөн орой нь. Би юу гэж хэлэхийг хүсч байна вэ гэхээр кранаа зөв угсраад ажиллаж чадахгүй байгаа, барилгын тулгуураа эвтэйхэн буулгачихаж чадахгүй байгаа компанийн барьж байгаа барилга нь шаардлага хангаж байгаа юу, түүнийг хүлээн авч, эсвэл хүлээн авсан болж байгаа мэргэжлийн хяналтынхан хяналт тавьж чадаж байгаа юу гэдэгт хариулж байж мөсөн уулыг бүтнээр нь харж чадна. Өнгөрсөн хугацаанд баригдсан олон арван барилга, тэр дундаа төсвийн хөрөнгөөр баригдсан эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт онцгой обектуудын чанарыг дахин нягтлах хэрэгтэй. Бид тогтолцоогоо цоо шинээр авч үзэх хэрэгтэй.
-Тогтолцоогоо шинэчилье гэлээ. Чухам яаж вэ. Хүний амь нас эрсдэнгүүт бүх хүмүүс л би буруугүй хэмээн дуугарч эхэллээ шүү дээ?
– Институцийн талаас нь цаг гарган судалж байсан хүний хувьд би шийдвэрлэх ёстой, зайлшгүй шаардлагатай зүйлсийг хэлж болно. Юуны өмнө бид хяналт, тэр дундаа мэргэжлийн хяналт гэж юуг хэлдгийг зөв ойлгох хэрэгтэй. Манайх шиг сүпер мэргэжлийн хяналтын байгууллага дэлхийн аль ч оронд байхгүй, тийм бүтэц ч байх боломжгүй байдаг. Бодоод үзвэл, хилийн хяналт, хүсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлтийн хяналт, хоолны газрын ширээн дээрх бактерийн хяналт, барилгын материалын хяналт, зам барих үйл явцын хяналт гэх мэт түмэн өөр хяналтыг нэг институц хийх боломжгүй. Нөгөө талаас төр эдгээр хяналтуудаас ихэнхийг нь хийх чадавхгүй байдаг. Үүнийг бид ойлгох ёстой. Жишээ нь автозам, барилга гэх мэт технологийн нарийн горим мөрдөх шаардлагатай цогц ажлын хяналтыг байнга хянах хэрэгтэй болдог. Барилгын зураг зурахаар нь даацыг нь зөв тооцсоныг нь хянана, барилга барих газрын хөрсний шинжилгээг хянана, барилга барих нүх ухахад нь гүнийг нь хянана, тэр нүхээ тойруулаад барьж байгаа хашааны бат бөхийг хянана, кранаа босгохдоо зөв угсарсныг нь хянана, барилгадаа ашиглаж байгаа материалын чанарыг хянана, бүх цементний зуурмаг бүрийг хянах хэрэгтэй болно. Бүр цементнийх нь хаталтын түвшинг хүртэл хянах хэрэгтэй болно. Ийм хяналтыг төр хийж чадахгүй. Тэгэхээр бид хяналтын институциудыг зөвхөн төр гэж харахаа болих хэрэгтэй.
-Барилгын салбарт зөвхөн энэ намар л ийм асуудал үүсчихсэн юм биш байх л даа. Бүхнийг мөнгөөр хардаг, хэмждэг бизнесменүүд, нөгөө талд бусдаас авлига авч амаа хумхиад сурчихсан төрийн албаныхантай л холбоотой нь ойлгомжтой. Одоо бол барилгын салбарт үүсээдбайгаа энэ асуудлыг хамгийн түргэн хугацаанд яаж шийдвэрлэх вэ гэдэг арга зам л чухал байх, тийм үү?
-Тантай санал нэг байна. Өнөөдөр гарч байгаа зүйл бол өнөөдөр юмуу өчигдөр үүссэн асуудал ерөөсөө биш, энэ бол олон жилийн хариуцлагагүй байдлын үр дагавар. Одоо бид хяналтын механизмаа шинээр хянах хэрэгтэй. Юуны өмнө эрх зүйн орчноо шинэчлэх шаардлага байна. Өнөөгийн төрийн бус байгууллагын тухай хуулийн өөрчлөх, ялангуяа мэргэжлийн холбоодын эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй. Тэгээд өнөөгийнхтэй харьцуулбал илүү хариуцлага хүлээх чадвартай байгууллагуудад хяналтын чиг үүргүүдийг шилжүүлэх ажлыг дэс дараатайгаар зохион байгуулах хэрэгтэй. Өнөөдөр барилгын материалын стандарт, чанарын хяналт бол Хятадын зүгээр л нь хямдхан үйлдвэрлэгчийн үйлдвэрлэдэг бараанд тулгуурлан хийгдэж байна. Үүнийг төрийн байгууллагууд өөрчилж хянаж чадахгүй. Харин барилгын материал үйлдвэрлэгчид, импортлогчдын байгуулсан мэргэжлийн холбоо бол үүнийг хянах маш их эрмэлзэлтэй байх болно. Учир нь тэд бол зах зээл дээрх өрсөлдөгчид, тэд хэзээ ч хямд үнэтэй, муу чанартай материалаар баригдсан барилга зах зээл дээр ижил үнээр зарагдахыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Дэлхийн олон оронд оролцогч талуудын оролцоонд суурилсан хяналтын системийг хөгжүүлж байна. Үүний шалтгаан нь ердөө л хяналт тавих сонирхол оролцогч талуудад нь өөрт нь байдагтай холбоотой.
-Энэ бүх асуудлыг төр хянаж чадахгүй гэлээ. Тэгээд хэн хянах ёстой юм бэ. Тэгвэл ийм олон хүнийг төсвийн мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулах хэрэг байна уу. Хяналтыг гартаа авсан нөхдүүд мэргэжлийн хяналтынхан шиг авлигад идэгдчихгүй гэж баталгаа байхгүй ш тээ?
– Яг зөв хэллээ, бид мэргэжлийн хяналтын бүтэн армийг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээж байна.Тэгээд үр дүн нь ямар байгааг бид нэгийнхээ амиар үнэлээд харж сууна. Мэдээжийн хэрэг эрсдэл байдаг. Бусад улс орнуудад бол хяналт тавих эрх бүхий бизнесийн байгууллагуудыг бий болгочихсон байна. Тэр эрхээ авахын төлөө мэргэшлээрээ, чадавхиараа өрсөлддөг, сургалтанд сууж шалгалт өгч байж эрхээ авдаг. Дараа нь хяналт тавьж ажилласанаа баталгаажуулж өгдөг. Ийм байгууллагыг тухайн салбарын мэргэжлийн холбоо нь гэрээ байгуулан ажиллуулдаг. Бүр тэдний хяналт тавьсны хөлсийг татвар төлөгчдийн мөнгөөр биш хяналтаа тавиулж байгаа талаас нь гаргуулдаг тогтолцоотой. Манайхтай ижилхэн 90 оноос хойш шилжилт хийж байгаа зүүн европын орнууд өнөөдөр нийгмийн интитуцийн хөгжлөөрөө биднээс хамаагүй түрүүлээд явчихсан. Шалтгаан нь тэд иргэний нийгэмийн засаглах чадавхийг үнэлдэгт байна. Мэдээж мэргэжлийн холбоодод энэ үүргийг шилжүүлэхэд маш тодорхой шаардлага тавигддаг. Энэ нь танай холбооны гишүүнчлэл нээлттэй байх ёстой, өөрөөр хэлбэл тухайн салбарт л үйл ажиллагаа явуулдаг бол хэн ч элсэж орж болдог байх ёстой. Хоёрдугаарт энэ гишүүд чинь саналын ижил эрхтэй байх ёстой. Мөн дээр нь тодорхой хугацаанд сонгуулийн зарчмаар удирдлагаа сонгдог байх ёстой. Дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол бичил засаглал бий болж байгаа юм. Яг л бидний байгуулдаг УИХ, Засгийн газар шиг, гэхдээ ялгаа нь илүү мэргэжлийн хүрээнд, илүү хариуцлагатай ажиллах чадвартай засаглалыг бий болгож чадна. Баруунд бол хяналт тавиулаагүй барьсан барилгыг хэн ч хөрөнгө гэж үзэхгүй, даатгал даатгахгүй банк зээл өгөхгүй. Тэгэхээр ямар ч барилгачин мөнгөө төлөөд хяналтаа тавиулаад явдаг.
-Зөвшөөрлөө авч чадахгүй байгаа хүмүүс хяналт тавьсан хүмүүс торгуулиа төлж чадах уу. Тэгээд л нэг яам тамгын газрын нөхөр нь нөгөөдүүлийнхээ ажилд тээг тавиад. Хотын дарга зөвшөөрөлгүй барьсан барилгуудын цахилгааныг тасла гээд байхад нь таслаагүй байснаас болоод хүний амь дахиад л эрсдсэн?
– Өнөөдрийн нийслэлийн иргэдийн хурлаар яригдаж байгаа, засаг даргын захирамж биелэхгүй байгаа тухайд бол би хувьдаа энэ бол зохион байгуулалттай, эдийн засгийн гэмт хэргийн шинж ажиглагдаж байна гэж бодож байна. Шуудхан хэлэхэд, энд эрх ашгийн маш олон гинж хэлхээтэй байдаг байна. Хотын мафи гэж нэг үе яригддаг л байсан. Нүдэнд харагдаж байсан нь үгүй. Харин бид өнөөдөр нүдээрээ харж байна. Тэд Иргэдийн хуралд төлөөлөлтэй, мэргэжлийн хяналтад цэрэгтэй, хууль ёс гэдэг юмыг зүгээр л уландаа гишгээд сууж байна. Энэ бол Монголын эмгэнэл шүү, Эрдэнэт хүний амиар хэмжигдсэн удаа дараагийн үйл явдлын дараа ч гэсэн улс төрийн бамбайгаар арьсаа хамгаалаад өнгөрч чадна гэсэн өмнөх сэтгэлгээгээрээ асуудалд хандаж байна. Уучлаарай улс төрийн өнцгөөс нь хандаж байгаан биш шүү, гэхдээ энэ бол бидний эмгэнэл болчихсон байна.
-Зөвшөөрөлгүй бариад байгаа, хүний амь насанд халдаад байгаа тэр зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй яаж тэмцэх вэ. Барилгыг нь нураах нь зөв үү. “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат бол төр ингэх эрхгүй гэсэн ярицлага хэвлэлд өгсөн байна лээ?
– Ер нь барилгын зөвшөөрөл гэж юуг яриад байгааг харъя л даа. Усан оргилуур барих нэрийн дор, хүүхдийн тоглоомын талбай, хотын ногоон байгууламж, сургуулийн спортын талбайг хулгайлж аваад дээр нь барилга барихыг зөвшөөрөл гэж ойлгож байгаа л харагдаж байна. Үнэндээ энэ эрх мэдэлтэнтэй ойр байсныхаа төлөө олж авдаг олз нь барилгын салбар биш. Энэ бол нийслэлчүүдийн амьсгалах агаар, амьдрах орчноос нь хулгайлсан хулгай. Төсөл шалгаруулах нэрийн дор зохион байгуулалттайгаар газар хувааж авсан хэдэн хүний бизнес. Би эдгээр барилгуудыг бүгдийг нь яаж ямар арга замаар газараа авсныг нь, төсөвт хэдэн төгрөг оруулсныг нь шалгах ёстой гэж бодож байна. Учир нь нийслэлийн иргэдийн нийтийн эзэмшлийн газарыг авч барилга бариад өндөр үнээр зарж байна. Хэрвээ энэ барилгуудын газрыг бүгдийг нь нээлттэй дуудлага худалдаагаар худалдсан бол өнөөдөр гэр хорооллыг бүтэн дэд бүтэцтэй болгочих их мөнгө босгох боломж байсан. Харин тэр мөнгийг авилга, танил талаараа зувчуулан нийслэлийн иргэдийг амар тайван амьдрах орчингүй болгочихсон хүмүүс өнөөдөр улс төрд мөнгө хаяж, сонгогчдыг худалдаж авахад бийлэгжүү загнаж явааг бүгд нүдээрээ харж байна. Харин тэр мөнгийг авилга, танил талаараа зувчуулан нийслэлийн иргэдийг амар тайван амьдрах орчингүй болгочихсон хүмүүс өнөөдөр улс төрд мөнгө хаяж, сонгогчдыг худалдаж авахад бийлэгжүү загнаж явааг бүгд нүдээрээ харж байна. Барилгыг нь нураадаггүй юмаа гэхэд төсөвт орох ёстой орлогыг нь оруулах л ёстой. Манай эрх зүйн зохицуулалтын хүрээнд үүнийг хийх бүрэн боломж бий.
-Барилгын салбар мөнгө угаах хэрэгсэл болчихоод байна. Хууль бусаар, хулхи материалаар барьсан барилгаа өндөр үнээр зарж, багагүй ашиг халаасалдаг. Магадгүй орон сууцны эрэлт хэрэгцээ их байгаа болохоор л барилгын салбарыг бүтээн байгуулалтын биш зоосны нүхээр хараад байгаа юм болов уу?
-Би ч бас тэгж бодож байна. Эдийн засгийн онолын хувьд ч гэсэн зөвхөн эрэлтийн талын дэмжлэгээр энэ салбар хөгжихгүй, цөөн хэдэн хүний хэтэвчийг зузаатгах хэрэгсэл боллоо гэдгийг олон хүн хэлдэг. Гэтэл өнгөрсөн хугацаанд дан эрэлтийн талд нь дэмжсэн. Санаж байгаа бол төрийнхөн хөнгөлөлттэй нөхцөлөөр, илүү их зээл авах боломж л яриад байсан. Үр дүнд нь хэдхэн барилгын компани асар өндөр ашиг хийсэн. Тэр ашгийн нэлээд нь газрын наймаачдынх. Дэд бүтэц барих, материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх шаардлага байна.
-Чухам яаж шийдвэрлэх хэрэгтэй гэж?
-Хэн байхаасаа үл хамаараад нийтийн өмч хөрөнгийг завьшсан бол түүнийг нь хурааж авах ёстой доо. Эдгээр барилгуудыг дуудлага худалдаанд оруулж гаргасан зардлыг нь өгөөд зөрүүг нь нийслэлийн төсвийн орлого болгоод дэд бүтцээ санхүүжүүлж яагаад болохгүй гэж. Энэ бүхнийг хуулийн хүрээнд шүүхээр шийдвэрлүүлээд явах бүрэн боломж бий.
-Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс иргэд бус эрх баригчдын найз нөхөд, танил талын бизнесийнхэн хожсон гэсэн үг үү?
-Ер нь орон сууцны зах зээл, түүнд оролцож байгаа төрийн оролцоог харахад хэдэн барилгын компанийн л эрх ашиг яваад байгаа харагддаг байсан. Үүнийг олон эдийн засагч хэлнэ. Эрэлтийг дэмжээд нийлүүлэлт нэмэгдэхгүй нөхцөлд зөвхөн үнэ өсдөг. Үнийн өсөлт зөвхөн барилгынханд л ашигтай. Энэ бол хэнд ч ойлгомжтой энгийн логик. Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн хичээл дээр үздэг зах зээлийн хууль шүү дээ.