Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-г урагш хөдөлгөхөд төрийн бодлого тушаа болж буйг Б.Энэбиш захирал шуудхан хэлчихлээ. Арга нь тасарчээ. “УИХ, Засгийн газар мөнгө олж өг гэж дарамталдаг. Энэ нь бидэнд хүндрэл учруулж байна” гэсэн нь үүнийг гэрчилнэ. Тэрээр “Эрдэнэс Тавантолгой”-д учруулж буй эрсдлийг хэлснийхээ төлөө жавтий хүртэж мэдэх л байх. Сонгуулиас урьдаж бэлэн мөнгөний бороо оруулахыг санаархсан МАН-ын Засгийн газар Хөгжлийн банкны бүтээн байгуулалтанд зарцуулахаар хадгалж байсан 580 сая ам.доллар руу санаархсан. Харин зээлж авсан мөнгөө дэмий зүйлд зарцуулахгүй гэж эсэргүүцсэнийхээ төлөө ТУЗ-ын дарга Б.Батжаргал, гүйцэтгэх захирал нь халагдсан. Одоо хэр нь орных нь хүнийг томилоогүй. Зээлсэн мөнгийг нь эргэлтэнд оруулаагүй учраас дэмий хүү төлсөн хэвээрээ. Магадгүй Б.Энэбишийг тэдэнтэй ижил хувь тавилан хүлээж байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь төсвийн тодотголоор хүүхдийн мөнгийг ирэх сарын 1-нээс олгохоор баталчихсан. Засагт мөнгө байхгүй. Нэг бол Хөгжлийн банкны өндөр хүүтэй мөнгийг дэмий тараана. Эсвэл “Эрдэнэс Тавантолгой”-г мөнгө зээл гэж зүтгүүлнэ. Өмнө нь МАН-ын бэлэн мөнгөний амлалтыг биелүүлэх үүднээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ гурван хувийн хүүтэйгээр “Чалко”-гоос урьдчилгаа төлбөрт авсан зээлээ тараачихсан. Үнэндээ одоо урд хормойгоо нөхөх хойд хормой ч үлдээгүй. Өмнө нь Оюутолгойгоос олсон урьдчилгаа мөнгийг мөн адил амлалтаа биелүүлэхээр тарааж байсан билээ. Дээр нь 150 мянга орчим оюутнуудыг 70-140 мянган төгрөгөөр цалинжуулна. 

Ингэж л өөрсдөө өглөгийн эзэн болж сайхан харагдахын тулд бүхнийг дампууруулах нь энүүхэнд болж. Үнэндээ тэд иргэддээ тусласан юм байхгүй. Харин ч эсэргээрээ усалж байна гэвэл ононо.

Энэ мэтээр л маргаашийн эздээс урьдаж өнөөдөр үгүйрүүлэх бодлого барьдгаас жилээс жилд ядуурлын түвшин нэмэгдэж байна. Эдийн засаг нь өссөн ч иргэд нь үгээгүй хэвээрээ. Баялгаа ухаж, мөнгө олоод байдаг ч бүх салбар нь уналтанд орчихсон. Иргэд нь ядуу, ядуу байлгахыг эрх баригчид нь хүсдэг. Ийм л улсад бид амьдардаг. Хэн нь эрх барьж байгаагаас үл хамааран халамжийн бодлого нь хавтгайрч, олсон хэдээ зүгээр л тараачих болохоор  жаахан сэргэх аястай байсан үйлдвэрүүд нь ч дампуураад эхэлчихлээ.

Уул уурхайн олборлолт явуулж буй “Саусгоби сэндс”, “Монгол алт”(МАК)-аас эхлээд ихэнх нь олборлолтоо зогсоочихоод байгаа. Ингэхээр экспорт үндсэндээ зогсч байна. Учир нь нүүрсний үнэ унаж байна. Өнөө хэр нь хүнд даацын машинаар нүүрсээ тээвэрлэж буй нь ч үүнд нөлөөлж байгаа. Асар өндөр зардлаар нүүрс олборлож буй ч ашиг гарахгүй болохоор тэд олборлолтоо зогсоох нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр урд хөршийн нөхцөл байдал хүндэрч эхэлсэн гээд байгаа. Цаашид манайхаас авах нүүрсээ багасгаж ч мэднэ. Уурхайнууд олборлолтоо зогсоосон хэдхэн хоногт л харилцан хамааралтайгаар төсвийн орлого сох дутаж байгаа. Үүнийг хараад сууж байгаа Засгийн газар эрүүлээр сэтгэвэл компаниудын нэгэн адил байр суурь баримтлах ёстой. Хямралтай халз тулаад буй энэ цагт бүсээ чангалж, зардлаа багасгах нь зүйн ёсны хэрэг. Гэтэл өмнөх Засгаас улайчихсан данс авсан, дээр нь өнөөдөр үүссэн нөхцөл байдлыг мэдсээр байгаа хэрнээ үрэлгэн, дэндүү үрэлгэн бодлого баримталж буй нь эргээд иргэдийг сөхрүүлэх нэрмээс болжээ. 

Өөрсдийгөө хүчтэй сөрөг хүчин гэж буй МАН бол угаас халамжийг хавтгайруулъя. Хамаагүй, ахмадуудын мөнгө, ээжүүдийн мөнгийг нэмээд олгочих гээд суугаа. Тэгэхээр тэднээс нөхцөл байдлыг улам л дордуулах санаа гарна уу гэхээс нааштай юм дуулдахгүй нь бололтой.  

Өнөөгийн Засгийн газрын орлогоо нэмэгдүүлэхээр баримталж буй гол бодлого нь татвар.  Мөн л ирэх сараас эхлээд татварууд нэмэгдээд эхэлнэ. Манайх шиг гаж тогтолцоотой улсад татвар нэмэгдээд эхлэхээр аяндаа бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадна. Түүнийг дагаад худалдан авалт багасна. Нийгмийг авч яваа татвар төлөгчид хүндхэн байдалд орно. 

Уг нь төсвийн алдагдлыг багасгаж, орлогыг нэмэгдүүлэх ёстой УИХ, Засгийн газар харин ч эсрэгээр алдагдлыг нь өсгөөд, зарлагыг нь нэмэгдүүлчихсэн. Төсвийн зарлага ДНБ-ний бараг таван хувьтай тэнцэхээр болчихсон шүү дээ. Тиймээс цаашдаа төрийн албан хаагчдын цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүртлээ дор орж ч магадгүй. Түүнийг эдийн засагчид анхааруулж буй. Ажлын байр нэмэгдсэн гэж Сү.Батболдын Засгийн газар худал ярьж байсан нь нэгэнт тодорхой болсон. Тийм их тоо гаргаад байсныг хайгаад олохгүй юм. Дээр нь амлалтаа биелүүлэх гэсэн өмнөх эрх баригчид төсвийн мөнгийг баруун солгойгүй цацаж, бүтээн байгуулалтанд зарцуулах ёстой мөнгийг өгөөгүйгээс зам засварын ажил гэхэд он дамжихаар болоод буй.

Ер нь л цаашдаа асуудал хэцүүднэ. Төсөвт орж ирэх орлогыг бүтээн байгуулалт бус бэлэн мөнгө болгон тараана. Тиймээс гэрэл гэгээ гэж төсөөлөхөд хэцүүхэн л байдалтай болж байх шиг. Гэтэл манай эдийн засаг шууд хамааралтай Хятадад байдал хүндэрсэн талаар шуугиад эхэллээ… Монголд ажил хийх сонирхолтой хүн аажим аажмаар алга болж байна. Эсрэгээрээ цалин нэм, амлалтаа биелүүл гэж жагсагчид нэмэгдэж байна.

Хүүхэддээ хоол авч өгөх мөнгөгүй иргэд ажил хийхийн оронд халамжийн мөнгийг хэзээ орж ирэхийг нь хүлээн банкны үүдийг сахидаг боллоо. Оюутнууд ирээдүйдээ амьдралаа аваад явчихаар чадвартай хүн болохын тулд сурч боловсрохоос илүүтэй тэтгэлэг авах гэж өдөр хоногийг аргацаах болов. Залуус шударгаар хөдөлмөрлөхийг биш, нам дагаад нэг албан тушаалд очиж, идэж, уухын хүслэнд автаж байна. Эцэстээ монголчууд өрсөлдөх чадвараа улам бүр алдсаар байна. Монгол Улсад хаана нарийн мэргэжлийн, өндөр цалинтай ажил байна. Түүнийг гадаадынхан хийж байна. Барилгын туслах ажилтанд авна гэж байнга зар гардаг ч ажил хийх сонирхолтой хүн алга. Амандаа хоолоо халбагадуулсаар байгаад амьдрах чадвараа алдсан амьтны хүрээнгийн сармагчин шиг арчаагүй иргэдтэй болж байна.  Энэ мэтээр л халамжийн бодлогоос үүдэлтэй хар бараан үзүүлэлт хөвөрнө. Социализмийн үеэс л ард түмнийхээ ам руу хоол халбагдаж сургасан халамжийн бодлогод зоригтойгоор “bye bye” гэж хэлэхгүй бол монголчууд бид өөдлөхгүй нь…

 Л.НАРАНТӨГС


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж