-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх талаар энэ сарын 5-нд 23 гишүүний гарын үсэгтэй шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. УИХ-ын ээлжит чуулганаар мөрийн хөтөлбөрт тусган баталсан. Яагаад эсэргүүцэх болов?
-Едүгээр сарын 5-ний өдөр УИХ-ын 23 гишүүний гарын үсэгтэй шаардлагыг Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдад хүргүүлсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх талаар бид багагүй хугацаанд ярьсны эцэст батлуулсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Ажил орлоготой Монгол хүн” бүлгийн уул уурхайн салбарт хэрэгжүүлэх бодлогын 15-д “Гадаадын шууд хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллан, Оюутолгойн бүтээн байгуулалтын анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа хоёр тал харилцан ашигтай байх зарчмыг үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулан хэлэлцээрийг үргэлжлүүлнэ” гэж зааж, эхний хэлэлцүүлгээр орж ирсэн. Гэхдээ мягмар гаригийн чуулганы хуралдааны үеэр гэнэт Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, зарчмын зөрүүтэй санал оруулахаар болсон. Энэ заалтдаа “Оюутолгой” гэдэг үгийг нь хасч оруулж ирсэн. Харамсалтай нь 26/27 саналаар буюу нэг хүний саналаар бид өөрчлөлт хийж чадсангүй. Тайлбарлахдаа өргөн утгаараа газрын тос бусад хөрөнгө оруулалтын гэрээг авч үзэх энэ асуудлыг оруулж ирж байгаа гэсэн. Өмнө нь УИХ-ын зарим гишүүд яг үүнтэй адил заалтыг мөрийн хөтөлбөрт оруулж ирж байсан ч дэмжээгүй. Гэнэт яагаад ингээд өөрчлөлт оруулахаар болсныг харин ойлгохгүй байна. Мөн УИХ-ын чуулганы хуралдааныг өглөө ирсэн гишүүдийн ирцээр санал хураана гэсэн зарчмаар ажиллаж байгаа. Энэ өдөр 61 гишүүн ирцээ бүртгүүлсэн 61 гишүүн байсан бол Оюутолгойн гэрээтэй холбоотой санал хураахад 53 гишүүн байсан. Хэрэв ирцээр нь тоолвол мөрийн хөтөлбөрт тусгасан санал унах байсан. Тиймээс энэ асуудлыг авч үзэх байх гэж бодож байна.
-Гарын үсэг цуглуулахад 23 гишүүн байсан. Тэгэхээр санал хураалтад дэмжиж байгаа гишүүдийн тоо хүрэхгүй байсан юм биш үү?
-Анх Оюутолгойн гэрээг өөрчлөхөд 23 гишүүн гарын үсэг зурсан. Ардчилсан намаас зургаа, МАН-аас зургаа, бусад гэсэн гишүүд гарын үсэг зурсан байсан. Сүүлд хоёр гишүүн буюу Ардчилсан намаас Б.Болор, МАН-ын гишүүн Ц.Дашдорж нарын гишүүд нэмж гарын үсэг зурж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Санал хураалтад харамсалтай нь дэмжиж байсан хүмүүс намын хайрцаг, намын дарга нарын шахалтаар эсрэг саналтай болсон. Анхнаасаа бидэнтэй санал байсан хүмүүс одоо бидний эсрэг болоод сууж байна. Гэхдээ энэ хүмүүс бидэнтэй санал нэг байгаа гэж бодож байна. Одоогоор албан ёсоор энэ гэрээг өөрчлөхөөр гарын үсэг зурсан хүмүүсээс нэг нь ч татгалзая гэсэн санал ирүүлээгүй байгаа. Тэгэхээр санал нэг байгаа ч намын шахалтад орсон гэж би харж байна. Мөн Ардчилсан намын 2012 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаснаар “Уул уурхайн ордыг түшиглэн байгуулагдах комданиудын монголын талын оролцоог Монголын талд 50-иас дээш хувийг нь эзэмшихээр өөрчлөнө” гэж тусгасан байна. Монголын ард түмэн энэ гэрээг өөрчлөхийг бүгд хүсч байгаа. Гэтэл Ардчилсан намыг үүнийг өөрчилж чадна гэж итгэсэн учраас саналаа өгсөн гэж бодож байна. Яагаад энэ хүмүүс Оюутолгойн гэрээг өөрчлөхийг хүсэхгүй байна вэ. Энэ заалтад тусгаснаар “Уул уурхайн гэдэг үгийг нь авах юм бол Олон Улсын гэрээ хэлэлцээрт тодорхой бус заалт байна гэсэн байр сууринаас хандах болно. Оюутолгойн 50-иас дээш хувийг Монголчууд эзэмших ёстой гэдэг дээр яагаад санал нэгдэхгүй байна вэ гэдэг нь ашиг сонирхлын зөрчил байна гэж харахад хүргэж байна. Тэгэхээр бидний итгэл алдраагүй. Оюутолгойн гэрээг өөрчлөх байр сууриндаа тууштай байсан УИХ-ын дарга З.Энхболд, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Н.Батбаяр нарыг энэ үзэл баримтлалаасаа ухраагүй байх гэж найдаж байна. Гэхдээ намын хайрцганд баригдаагүй хоёр гишүүн байсан энэ бол Ж.Батзандан, Д.Ганбат нарын гишүүд байсан. Саналаа өгөөгүй ч санал хураахад оролцоогүй гишүүд мөн байгаа. Бидний энэ тэмцэл тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна. Энэ улстөрийн хүчний ам нэг, ажил нь өөр байдаг. Ажил ам хоёр нь зөрж байна.
-Өмнөх хэлэлцүүлгийн үед Оюутолгой гэдэг үг байсан юм уу?
-Хамгийн чухал нь энэ гэрээг хийгдээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч Монголын талд ашиггүй болсон гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Энэ танхимд сууж байгаа 76 гишүүн ч гэсэн мэднэ. Чуулганы хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийх үед л гэнэт Төрийн байнгын хорооны хуралдааныг хуралдуулж, зарчмын зөрүүтэй санал гэж оруулж ирж байгаа юм. Ерөөсөө энэ улстөрчдийн башир арга тогтчихсон байна. Хэрэв өөрсдийнх нь оруулж ирэх гэж байгаа санал унахаар бол оройтуулах, ард түмнээс нууж, хэвлэл мэдээллийнхнийг залхааж, явсны дараа ажил асуудлаа шийддэг башир аргатай хүмүүс шүү дээ, энэ улстөрийн хүчнүүд чинь. Яг л энэ зарчмаар 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг эцсийн шатан дээр гэнэт л Оюутолгой гэдэг үгийг хасч, оруулж ирээд олонхоороо дэмжсэн. Одоо энэ Засгийн газар яг энэ зарчмаараа ажиллах уу үгүй юу гэдгийг бид харах л үлдээд байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг нь “Хэрэв Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол сайдын суудлаас огцорно” гэсэн нь ч бий. Тиймээс бид одоо харах л үлдэж байна.
-Оюутолгойн ордыг 1986-1987 оны үед Улсын төсвийн “Галбын говийн” судалгааны баг тогтоосон гэх юм билээ. Оюутолгой бол манай улсын төсөв, аль эрт тогтоосон гэж ярьдаг юм байна лээ?
-“Бид хээрээс нэг бяруу олоод, түүнийгээ тэжээгээд түүнийгээ саах гэтэл олон хүн булаацалдаад байна” гэх ярилцлагыг Роберт Фрийдланд өгч байсан. Уг нь бол энэ ордыг 3000 жилийн өмнө өвөг дээдэс маань мэддэг байсан. Тиймээс ч Оюутолгой гэж нэрлэсэн. Хуучин тогтолцооны үед Монголын эрдэс баялагийн эрдэмтэд Орос эрдэмтэдтэй хамтран илрүүлсэн. Бидний эх орны баялгийг хүн олчоод 60 хувийг би эзэмшинэ гээд сууж байж болохгүй шүү дээ. Тиймээс л бид тэмцээд байгаа юм.
-Өмнө нь хийж байсан хайгуулын фонд буюу илтгэл, материалууд хаана хадгалагддаг юм бэ. Та бүхэн энэ талаас нь судалж байгаа юу?
-Энэ талаар хайж судалж байгаа. Гэхдээ шинэ Ерөнхий сайд маань УИХ-ын гишүүдийг үл тоомсорлож байна. Бид гарын үсэг зурж, шаардлага хүргүүлснээс хойш удаа дараа уулзах хүсэлт тавьсан, хариу өгөхгүй байсан. Гэтэл чуулганы хуралдаан дээр гарын үсэг хуурамч байсан гэсэн тайлбар өгсөн.