![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/f4590e414a5556a8/0739ca1035bb6882original.jpg)
Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 526 барилга баригдаж байгаа аж. Үүнээс 420-д нь мэргэжлийн хяналтын байцаагчид хүрч очиж шалгасан. Гэхдээ хэд нь зөвшөөрөлтэй газар барилга барьсан, хэд нь зөвшөөрөлгүй газар барилга барьж байна вэ гэдэг тодорхой болоогүй байгаа. Мөн хэд нь хөдөлмөр аюулгүй байдал, техникийн шаардлага хангасан хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна вэ гэдэг нэгдсэн дүгнэлтийг хараахан гаргаж чадаагүй байгаа аж. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрын даргын тайлбарласнаар зөвшөөрөлгүй газар баригдаж байгаа обьектод байцаагч нар очиж шалгалт хийх эрх зүйн орчин байдаггүй, энэ нь тухайн дүүргийн Засаг даргаар хязгаарлагддаг байна. Мөн шалгалт хийх эрхтэй субьект нь Хот байгуулалтын төлөвлөлтийн газар байдаг аж. Тиймээс хууль эрх зүйн хүрээндээ ч Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын эрх, үүргийг нэмэгдүүлэх шаардлагатай тухай хөндсөн юм байна.
Тиймээс ажлын хэсгийн гишүүд Р.Содхүү даргад хандан ирэх аравдугаар сарын 2-н гэхэд дээр дурдсан асуудлын хүрээнд дүгнэлтээ гаргаж, ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан болоход танилцуулах үүргийг өгчээ. Тэр дундаа Барилгын тухай болон Хөдөлмөр аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц бодлогыг нэгмөр боловсруулах шаардлагатай тухай ч энэ үеэр хөндөгдсөн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү онцоллоо.
Г.ДАРЬ