Хятадын ашиг сонирхол буурахгүй

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Хятадын ашиг сонирхол буурахгүй

Хятадын “Мэйжин Энержи Групп” нь Австралийн “Вэстерн Дезерт Ресурс”-д 457  сая ам.доллараар тус компанийг худалдан авах санал тавиад байна. (ASX:WDR)
“Вэстерн Дезерт”-ийн Орлогч захирал мэдэгдэлдээ “Хятадын компанийн тавьсан уг санал нь хувьцаа эзэмшигчдийн хувьд хамгийн таатай үнийн дүн юм” гэжээ.

Австралийн Хөрөнгийн бирж дээрх Вэстерн компанийн хувьцааны хаалтын үнээс даруй 26 хувиар ахиулсан буюу 1.08 австрали долларын нэгж үнийн саналыг Хятадын компани тавьсан юм.  Одоогоор эдийн засаг нь хүндхэн үеийг туулж байгаа боловч Хятад улс эрдэс баялагт шунах хүсэл сонирхлоо ийнхүү орхиогүй байна.

Хятадын томоохон банкны Австрали дахь салбарын захирал энэ долоо хоногийн эхээр хийсэн мэдэгдэлдээ, хямралын ийм үед Австралийн уул уурхайн салбарт зээл өгч хөрөнгө оруулж байгаа явдал нь удахгүй ашгаа нөхөх эрмэлзэлтэй ажиллагаа гэж онцолжээ.

Сүүлийн үед Австралийн хэвлэлээр тус улсын ашигт малтмалын салбарын оргил үе нь нэгэнт өндөрлөсөн гэх таамаглал тархаад байгаа. Энэ нь Австрали улсын Уул уурхайн сайд Мартин Фергюсоны наймдугаар сарын сүүлээр ABC телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсанаас үүдэлтэй юм. 

“Вэстерн Дезерт” бол төмрийн хүдэр, алт, уран зэрэг олон төрлийн эрдэс баялгийг агуулсан уурхай юм. Тус уурхай нь нийт 321.1 сая хувьцаатай бөгөөд удахгүй 19.6 сая ширхэг нэмэлт хувьцааг гаргах гэж байгаа.

“Мэйжин Энержи” компанийн хувьд Хятадын Шанси мужийн нүүрсний сав газар байршилтай бөгөөд нүүрсний уурхай, кокс гангийн үйлдвэрүүдтэй.
Хятадын “Мэйжин” групп нь Куинслэндийн Галиле бассейн дахь 4.2 тэрбум тонн нүүрсний төслөөрөө Австралийн ашигт малтмалын салбарт хэдийнэ хөл тавин нэвтэрсэн аж.

Б. Алигэрмаа

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж