Нийлэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ сарын 07-нд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудыг үйл ажиллагааг зогсоо, зогсоохгүй бол цахилгааныг нь таслаж нэмэлт арга хэмжээ авахыг үүрэгдсэн. Гэтэл энэ захирамжийг хэн ч биелүүлэхийг хүсээгүй байна. Нийт зөвшөөрөлгүй баригдаж байгаа 80 барилгаас 14 барилгын цахилгааныг л тасалсан гэнэ. Учрыг дарга нараас асуухад хэлэх үггүй, хацар нь улайгаад костюмандаа багтаж ядан суугаа харагдана лээ.
НМХГ-ынхан экс дарга Л.Бямбасүрэнгээ “үдэж” байх зуур уржигдар дахин оюутан хүү биднийг орхин одлоо. Хачирхалтай нь НМХГ яг энэ осол болсон барилга дээр осол гарахаас дөрөв хоногийн өмнө очиж зөвшөөрөлгүй баригдаж байсныг нь гэнэт мэдсэн юм байх. Засаг даргын захирамжийн дагуу бол шууд үйл ажиллагааг нь зогсоох ёстой. Гэтэл НМХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч М.Ням-Очир “Энэ барилга дээр манай байцаагч нэг удаа очиж байсан. Гэхдээ ажилчдын малгай, бээлий зэргийг шалгасан болохоос биш зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэт том баригдаж байсныг нь анзаараагүй гэсэн. Тэгээд нэг удаа 250 мянгаар торгосон шүү дээ. Харин дөрөв хоногийн өмнө л зөвшөөрөлгүй гэдгийг нь мэдсэн. Гэхдээ бид бичиг цаасаа эргүүлэн харж байлаа. Энэ хооронд энэ осол болчихлоо” гэж тайлбарлаж байна.
Хамгийн хачирхалтай нь дээрх К.Пүрэв гэгч иргэний 16 давхар үйлчилгээний зориулалттай барилга зөвшөөрөлгүй барилгын жагсаалтад багтаагүй байсан. Учир нь иргэн К.Пүрэв гэгч нь энэ газарт нийтийн эзэмшлийн усан оргилуур барина гэж анх газрын зөвшөөрөл авсан байна. Гэтэл түр хугацааны дараа 16/24-ийн хэмжээтэй барилгын “хамт” усан оргилуур барихаар болсон байгаа юм. Үүнийг нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас бас найр тавьж зөвшөөрсөн юм байх. Ингээд л НМХГ-ыг нүдээ аниад сууж байхад барилга, усан оргилуур нь үйлчилгээний төв болон хувирч 30/24 хэмжээтэй 16 давхар барилга болсон байна. Анх барина гэж амласан усан оргилуурыг Чингэлтэй дүүргийн V хороонд барьж байгуулсан гэнэ. Гэхдээ барилгын компанийн бус орон нутгийн төсвөөр шүү. Бас энэ ажилд Чингэлтэй дүүргийн Өмчийн газар хамтарсан нь үнэхээр хачирхалтай.
Ажлынх нь эсрэг талд байгаа барилгыг 11 давхар болтол баригдах зуур НМХГ-ын нэг ч байцаагч олж хараагүй гэнэ.
Ямартай ч өчигдөр Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын цахилгааныг яг одоо тасла гэж үүрэгдсэн. Гэхдээ бас нэг асуудал байна аа. Нөгөө хэдэн “цайрсан” барилгын компаниуд чинь мотор асаагаад барилгын ажлаа үргэлжүүлээд эхэлвэл яах вэ?
Хаашдаа НМХГ зөвшөөрөлгүй барилгуудыг сахиж чадахгүй, жилдээ ганц удаа очиж мэдэгдэл хүргүүлэхээс өөр аргагүй гээд тэдэнд дутагдлаа мэдэгдчихсэн юм чинь. Угтаа бол НМХГ аливаа зөвшөөрөлгүй эхэлсэн, баригдаж байгаа барилгуудын үйл ажиллагааг хянах, түр зогсоох, таслан зогсоох, шаардлагатай бол нураах ч эрхтэй юм. Энэ эрхээ НМХГ-ын дарга нар мэдэхгүй гээд мэдэн будлиад л байгаа юм.