Оюуны өмчийг сурталчлах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх аяныг есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй. Аяныг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Оюуны өмчийн газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран хийж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр 10.00 цагт хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх тухай хурал болон үзэсгэлэнг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд нээлээ. Үзэсгэлэн болон зөвөлгөө өгөх хэлэлцүүлэг есдүгээр сарын 21-нийг дуустал МҮХАҮТ-д үргэлжилнэ. Энэ үеэр хуурамч бараа бүтээгдэхүүнийг хэрхэн таних, энэ чиглэлийн хяналт, шалгалтын тухай мэдээллийг өгөх бөгөөд хуурамч болон жинхэнэ бараа бүтээгдэхүүний ялгааг харуулах зорилгоор 20 компанийн үзэсгэлэнг дэлгэж байгаа юм. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын дэд дарга Д.Оюунчимэгээс тодрууллаа.
-Хуурамч бараа, бүтээгдэхүүнээс хэрхэн сэргийлэх вэ?
-Гаалийн, хяналт шалгалтын байгууллага ч тэр, хэрэглэгчийн байр сууринаас ч тэр аливаа бүтээгдэхүүний чанарын код болох тухайн үйлдвэрлэсэн улсыг илтгэх дугаарыг харах хэрэгтэй. Түүнчлэн бүтээгдэхүүнийг хэрхэн хадгалах, ашиглах, хэдэн хувь нь ямар төрлийн бодис бүрдүүлж байна вэ гэдэг мэдээлэл аль ч бүтээгдэхүүн дээр байх хэрэгтэй. Байхгүй бол ямарваа асуудалтай л байна гэсэн үг. Гадаадаас импортолж оруулж ирдэг Монголын зарим компани бүтээгдэхүүн дээр монгол тайлбар бичиж, наасан байдаг. Үүнийг сайтар нягтлах хэрэгтэй. Хувцасны тухайд, оригналь үйлдвэрийн бүтээгдэхүүний хаяг шошгийг гараар эсвэл гар оёдлоор зүүх, брэнд бүтээгдэхүүний жинхэнэ түүхий эд материалаар нь хийгээгүй байх, өөр материалаар орлуулсан байх зэргээс ажиглаж болно.
-Монгол Улсын хувьд хуурамч бараа, бүтээгдэхүүнийг тархахад нөлөөтэй орнуудын тоонд яалт ч үгүй багтдаг байх?
-Тэгэлгүй яахав. Монгол Улс одоогоор хуурамч, бараа бүтээгдэхүүний дамжин өнгөрөх нэг газар болчихоод байна гэж хэлж болно. Манай хэрэглэгчид ч хуурамч, дууриамал бараа бүтээгдэхүүнийг сайн мэддэг болсон. Жишээ нь, энэ эмийн санд хуурамч эм зардаг, тэрэнд нь арай гайгүй гэх байдлаар. Бүр “А copy” ч гэсэн ангиллыг гаргачихаж. Арай сайн чанарын дууриамал гэдгээр. Энэ нь нарийн зохион байгуулалттай сүлжээний бизнес болж цэцэглээд олон улсад тархаж байна. Үүнд манай орон яах аргагүй орно. Сүүлдээ иргэд маань хүртэл энгийн үзэгдэл гэдгээр ойлгодог болсон.
-Гаалийн байгууллагын хувьд хуурамч бараа бүтээгдэхүүнийг хэрхэн шалгадаг вэ?
-Бараа, бүтээгдэхүүний тэмдгийг хуурамчаар ашигласан, нийгмийн болон эрүүл ахуй талдаа муугаар нөлөөлж болзошгүйг шалгадаг юм. Ингэхдээ жинхэнэ бараа нь ийм шошготой байна, жинхэнэ брэнд байна уу хуурамч байна уу гэдгийг ялгадаг.
-“Хуурамч барааг огт нэвтрүүлэхгүйн тулд худалдаагаа тэглэвэл яадаг юм. Тэгээд дотоодоосоо хангаад явах хэрэгтэй” гэдэг шүү дээ. Энэ арга барил хэр оновчтой бол?
-Ингэвэл гадаад худалдааны тэнцэл алдагдана. Өөрөөр хэлбэл импортын барааны урсгал алдагдахад хүрнэ. Гадаад оронтой хийх худалдаа зогсони байдалд орж, их, бага хэмжээний худалдааны туршлагыг нэвтрүүлэхэд саадтай болно. Тийм учраас хуурамч бараа бүтээгдэхүүнтэй сайтар тэмцэж, гадаад худалдаагаа тэнцвэржүүлэх шаардлага бий.
-Гаалиар ямар төрлийн хуурамч бараа дийлэнх нэвтэрдэг вэ?
-Ер нь машин, механизмын сэлбэг, эмийн бэлдмэл, хүнсний зарим нэр төрлийн хуурамч бараа нэвтрэх гэж завддаг учир их анхаардаг. Сүүлийн үед хуурамч виног ихээр оруулж ирэх болсон. Виноны хувьд, хуурамч шошгыг яадаг вэ гэхээр, төдийлөн нарийн нууцлалтай нь хэвлэж, нааж чадахгүй шүү дээ. Дууриалгаад, ойртуулаад л хийдэг. Тэр нь гадаад хэл дээр байдаг болохоор хэрэглэгчид таамаглаад, мэдэхгүй л авдаг. Цаашдаа хүүхдийн тоглоомон дээр анхаарал хандуулах шаардлага бий. Учир нь бага насны хүүхэд тоглож буй тоглоомоо юугаар хийгдсэн гэдгийг мэдэхгүй, химийн янз бүрийн бодис шингээсэн гэдгийг ялгахгүйгээр амандаа хийж, хазаж тоглодог шүү дээ. Ингэхээр хүний биед хор нөлөөтэй, эрсдэлтэй барааг түлхүү шалгадаг гэж хэлж болно.
-Гаалийн байгууллага хуурамч барааг илрүүлээд ямар арга хэмжээ авдаг юм бэ?
-Ерөөсөө л тэр дор нь хуурамч бараа бүтээгдэхүүнийг хураан авна. Устгалд оруулна. Харин гаалиар ямар нэгэн байдлаар нэвтэрч чадсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг ямар газар оруулж ирж, худалдаж байна вэ гэдэг шалгалтыг Мэргэжлийн хяналтын газар хийж, зохих хариуцлагыг тооцдог. Хилээр нэвтрэх үед л бид үүргийнхээ дагуу хариуцлага тооцож , хураан авч, устгадаг.
-Зөвхөн хураан аваад, устгаад хуурамч бараа худалдахыг бүрэн зогсоож чадахгүй байгаа энэ нөхцөлд өөр ямар арга хэмжээ авбал зохих бол?
-Заавал хил гаал, хяналтын газраас бүх асуудлыг шийдэх бус, нийтээрээ шийдэх хэрэгтэй байгаа. Жишээ нь, хуурамч бүтээгдэхүүн аваад хохирсон бол тэр даруй нь авсан газрынхаа хаяг, холбогдох мэдээллээ мэдэгддэг байх хэрэгтэй. Ингэж мэдээллэх нь бодсоноос л илүү үр дүнг авчирна. Мэдээллээд тэр газарт шалгалт очоод, зохих шинжилгээг хийгээд арга хэмжээ авч болно. Хэлэхгүй, мэдээллэхгүй бол хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэх нэг эх үүсвэр байхгүй болно шүү дээ. Тиймээс хамтаараа л тэмцэх хэрэгтэй байна.
-Сүүлийн үед ногоон эдийн засгийг хөгжүүлнэ гэж байхад устгалд оруулаад байх нь хэр оновчтой юм бол?
-Үйлдвэрлэл, худалдааны эргэлтийг сайжруулна гэж ярихаар хуурамч бүтээгдэхүүн бүрийг дууриамал л учраас устгалд оруулаад байх нь худалдаж байгаа газартаа ч тэр, улс орондоо ч тэр үргүй зардлыг гаргаж байна гэсэн үг. Тэгэхээр нэг шийдлийг хуурамч барааны бүр шошгыг аваад нарийн шинжилгээнд оруулж, хөгжил буурай орнууд руу хүмүүнлэгийн зорилгоор илгээх боломжтой байдаг. Энэ нь давтаж хэлэхэл, хүний биед элдэв сөрөг нөлөөгүй бол, ашиглаж болмоор бол шүү дээ.
-Хэрэв хуурамч барааг санаандгүй оруулж ирсэн бол авах ямар арга хэмжээ авдаг юм бол?
– Нэгэнт л ногоон эдийн засгийг төрийн хэмжээнд дэмжиж байгаа учраас үнэхээр санамсаргүй өөрөө ч алдагдалтайгаа оруулж ирсэн бол Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй хэвээр байлгаж, устгалд оруулахгүйгээр өөр арга хэмжээ авч болно. Ингэхдээ тухайн оруулж ирсэн компанид нь сайтар анхааруулж, цаад худалдан авсан газартаа хуурамч бүтээгдэхүүнээ буцаах боломжийг олгодог. Ингэвэл хуурамч бүтээгдэхүүн оруулж ирж байгаа манай компаниуд бага хохирно.
-Гадаадын орнууд хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцдэгээрээ ямар туршлагатай вэ?
-Хуурамч бүтээгдэхүүнийг 90-ээд онд үйлдвэрлэж байна гэсэн тооцоо бий. Энэ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь дэлхийн 120 орон руу тархаж байна. Үүнийг дагаад өндөр хөгжилтэй орнуудын гаалийн байгууллага маш сайн ажилладаг. Гадаадын оронд хаана л хяналт сул байж болох уу, тэр нүх сүвээр хуурамч бараагаа гаргахыг хүсдэг юм байна. Тухайлбал, энгийн ачаа тээшээр зорчихдоо авч гарах биш, шуудангаар гаргахыг завддаг ч төд удалгүй баригддаг. Харин гаалийнхан нь хураасан хуурамч барааг бөөнөөр нь хураагаад, контейнерт нийлүүлээд устгалд оруулдаг.