УИХ-аас өчигдөр Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Түүнд ИЗНН-аас дэвшүүлэн тавьж байсан мөрийн хөтөлбөрүүд нэлээд хэмжээгээр туссан юм байна. Тухайлбал, хувийн хэвшлийнхэн арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах сонирхолтой байдаг. Энэ ч үүднээс зээлийн хүүг нэг оронтой тоо руу буулгаж, инфляцийг мөн нэг оронтой тоо руу шилжүүлэх заалт дээрх мөрийн хөтөлбөрт туссан. Эдгээр нь бие биеэ үгүйсгэдэг хэрэгжүүлэхэд амаргүй зорилт боловч үүний төлөө Засгийн газар чармайх ёстой. Зорилтоо хэрэгжүүлж гэмээнэ бодит салбарыг дэмжих бололцоо нээгдэнэ. Тиймээс үүнд ИЗНН анхаарал тавьж Монголбанкнаас оруулж ирэх Мөнгөний бодлогод ямар зорилт дэвшүүлэн тавьж орж ирэхийг хүлээж байна гэв.
Мөн тус намын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа тэднийг сургаж хүмүүжүүлэхэд мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх шаардлагатай болж буйг анхаарч энэ чиглэлээр анхаарал хандуулахаа сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаад байжээ. Социализмын үед согог зүйчээс эхлээд олон мэргэжилтнийг Унгар, Орос зэрэгт бэлтгэдэг байсан. Харин сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тэдгээр мэргэжилтнүүдийг огт бэлтгээгүйгээс үндсэндээ энэ төрлийн мэргэжилтнүүдийн хомсдолд орж эхэлсэн гэнэ. Тиймээс УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй эл асуудлаар санал солилцож, дээрх нарийн мэргэжлээр төрийн дэмжлэгтэйгээр боловсон хүчин бэлтгэх шийдэлд хүрч чадсан байна. Энэ мэтчлэнгээр ИЗНН-ын хувьд УИХ-ын сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүрээнд анхаарал тавин ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Тэд мөн сэтгүүлчидтэй “Ногоон хэвлэлийн хурал” нэрийн дор тогтмол уулзаж мэдээлэл өгч байх юм байна.