WTA-ын цувралд багтаж буй “Hansol Korea Open” тэмцээн есдүгээр сарын 17-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо эхэллээ. Тус тэмцээн нь 2004 оноос эхлэн зохиогдож эхэлсэн бөгөөд анхны тэмцээнд ОХУ-ын Мария Шарапова тэргүүлж байсан бол 2007 онд АНУ-ын Венус Уильямс, 2008 онд ОХУ-ын Мария Кириленко нарын шилдгүүд түрүүлж байжээ.
Харин энэ жил тус тэмцээнд WTA-ын чансааг тэргүүлж байсан, өдгөө 11 дүгээрт бичигдэж буй Данийн Каролина Возняцки тэргүүтэй ОХУ-ын Мария Кириленко (14), Надия Петрова (18), Германы Жулия Гергес (21) нарын шилдгүүд өрсөлдөж байгаа юм. Тус тэмцээний тавд эрэмбэлэгдсэн, өдгөө WTA-ын чансааны 21-т бичигдээд буй Германы Гергес эхний тойрогт Испанийн теннисчинд ялагдснаар тэмцээнийг орхиод байна. Мөн хосын төрөлд энэ жилийн Францын нээлттэй тэмцээний холимог хосын
төрөлд түрүүлсэн Энэтхэгийн нэрт теннисчин Сания Мизра оролцож байна.
Тус тэмцээний шагналын сан 500 мянган ам.долларт багтаж буй бөгөөд ганцаарчилсан төрөлд тэргүүлсэн теннисчин 112 мянган ам.доллар хүртэж, чансааны 280 оноо хүртэж аж. Харин хосын аваргууд 17 мянган ам.доллар хүртэж, чансааны 280 оноо халааслах аж.
Тэмцээний аваргууд ирэх ням гаригт (09.23) тодорно.
Дашрамд дуулгахад, WTA-ын цуврал болох Токиогийн нээлттэй тэмцээн, ATP-ын Тайланд болон Малайзын нээлттэй тэмцээнүүд ирэх долоо хоногт эхэлнэ.