Болгартай хамтран ажиллах гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Болгартай хамтран ажиллах гарын үсэг зурав

Монгол Улсаас БНБолгарУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуяг, БНБолгарУ-ын Соёлын сайд В.Рашидов нар “Монгол Улсын Засгийн газар, БНБолгарУ-ын Засгийн газар хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2012-2016 онд хамтран ажиллах Хөтөлбөр”-т энэ 18-ны өдөр Софи хотноо гарын үсэг зурав.

Энэхүү Хөтөлбөр нь гарын үсэг зурсан өдрөөс буюу 9 дүгээр 18-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Болгарын Гадаад хэргийн яамны Америк, Ази, Австрали, далайн орнуудын газрын захирал А.Орбецов, тус газрын ажилтан В. Дянков, Боловсрол, шинжлэх ухааны яамны ажилтан М.Узунова нар болон Соёлын яамны ажилтнууд, Монгол Улсаас БНБолгарУ-д суугаа Элчин сайдын яамны Зөвлөх О.Пунцагдаш нар  Хөтөлбөрт гарын үсэг зурахад байлцав.

Элчин сайд Ц.Ганхуяг, Соёлын сайд В.Рашидов нар  Хөтөлбөрт гарын үсэг зурсны дараа харилцан товч үг хэлэв.

Сайд В.Рашидов хэлсэн үгэндээ хоёр улсын соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Ц.Ганхуяг хэлсэн үгэндээ манай улсын 500 гаруй иргэн Болгар Улсад дээд боловсрол эзэмшсэн, олон зуун хүн урт, богино хугацаагаар мэргэжил дээшлүүлснийг онцлон тэмдэглээд энэхүү хөтөлбөрийн дагуу хичээлийн жил тутамд манай улсын тус бүр нижгээд оюутан, докторантыг Болгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болсонд талархал илэрхийлэн,  хоёр улсын соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сайд В.Рашидовын саналыг дэмжиж байгаагаа нотлов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж