УИХ-ын ээлжит бус чуулганыг өндөрлүүлэхийн өмнө буюу өчигдөр Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн төслийг баталсан билээ. Эл хөтөлбөрт УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн заалт тусгуулахаар чармайсан ч нэгхэн гишүүний саналаар унасан юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Д.Батцогт, С.Ганбаатар, О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн тайлбарласнаар Ардчилсан нам нь УИХ-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө уул уурхайд Монголын талын хувь эзэмшлийг 51-ээс доошгүй хувьд хүргэнэ хэмээн заасан. Гэвч Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн ордод Монголын эзэмшил хувийг 51 хувиар тогтооно болгож оруулснаараа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах бодлогын эрчийг сулрууллаа хэмээн үзэж байна. Хэдийгээр дээрх хөтөлбөрт уул уурхай, эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын гэрээ, тогтвортой байдлын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээг бүгдийг авч үзнэ хэмээн заасан ч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэж нэр заагаагүй нь ерөөс сайжруулах боломжгүй болгож байгаа. Учир нь Оюутолгойн нөөцийг Р.Фрийдланд гэх нөхөр “Би” тогтоосон хэмээн хэлдэг. Өөрөөр хэлбэл, уг ордын нөөцийг хувийн компани тогтоосон учраас Монголын хувь эзэмшлийг 51 хувьд хүргэх бололцоог ийнхүү хязгаарлаж буй аж. Уг нь Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэж үздэг сайд дарга одоогийн Засгийн газар, УИХ-ын бүрэлдэхүүнд багтаж буй. Тухайлбал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын дарга З.Энхболд нар өнгөрсөн парламентын үед энэ талаар байр сууриа тодорхой илэрхийлж, Эрдэс баялгийн сайдыг огцруулна хэмээн хоёр ч удаа бичиг үйлдэж байсан удаатай. Тиймээс энэ байр сууринаасаа ухраагүй байгаасай хэмээн найдаж буйг ч Б.Бат-Эрдэнэ гишүүн онцоллоо. Гэхдээ бас найдварыг нь тасалсан үйлдлийг өчигдөр УИХ-аар санал хураах үед зарим нэг нь гаргажээ. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболдоос эхлээд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэн, эсрэг кноп дарсан бол намынхаа тушаалыг биелүүлэхгүйн тулд Г.Баярсайхан гишүүн эл асуудлаар санал хураах болоход танхимд орж ирээгүй, Н.Батбаярын хувьд өвчтэй байсан тул санал хураалтад оролцоогүй бол Ж.Батзандан гишүүн намынхаа эсрэг кноп дарж, “тэмцэгч”-дийн талд зогсчээ. Ер нь Засгийн газрын хувьд аль болох Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх зарчмыг барьж буй тухай эрхэм гишүүн хэллээ. Хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын 23 гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн шаардлагыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлсэн юм. Харин үүний дараахан Ерөнхий сайд, Б.Бат-Эрдэнэ гишүүнд хандан “Шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүд дотор чинь хуурамч хүмүүс байна шүү” гэжээ. Эл шаардлагыг дэмжиж Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрчим хүчний сайд М.Сономпил нар гарын үсэг зурсан юм байна, харин үүнийг нь Ерөнхий сайд хуурамч гарын үсэг хэмээн тодорхойлжээ. Энэ мэтчлэн Оюутолгойн гэрээг тойрсон маапаан үргэлжилсээр байгааг санууллаа. Хэдийгээр энэ мэтчлэн Засгийн газар, УИХ-ын төвшинд олонхиороо хүч түрэн Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахын эсрэг зогсож байгаа ч эрхэм гишүүн эхлүүлсэн тэмцэл, тавьсан зорилгоосоо няцахгүй, Засгийн газарт цаг ямагт эл асуудлыг тавьж, шахаж шаардана гэдгээ хатуу мэдэгдлээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Оюутолгойн орд нь Эрдэнэтээс дөрөв дахин их зэс, молибдений нөөцтэй орд, нөөцийн тухайд 45 сая тонн зэс, 1600 тонн алттай гэдэг. Гэтэл 31 жилийн дараа Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 16 хувиар нэмэгдүүлнэ гэж байгаа нь үнэхээр шударга бус. Маш ашиггүй гэрээ, манай тал рояльтын татварыг таван хувиар тогтоосон. Дэлхийд бол хамгийн бага татварт орно. Гэтэл хөрөнгө оруулагч тал зөрүүлээд менежментийн зургаан хувийн татварыг борлуулалтын орлогоос авна. Түүгээр зогсохгүй хөрөнгө оруулагчид НӨАТ, экспортын татвар төлөхгүй, хэдийгээр монголчууд Оюутолгойгоос 50-60 хувийн ашиг хүртэнэ гэдэг ч амьдрал дээр 30 хувийн ч ашиг авч чадахгүй учраас өөрчлөх шаардлага байгаа” юм гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Батцогт “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой” гэсэн байр суурийг парламентад орж ирэхээс өмнө тавьж байсан гэдгээ онцлоод УИХ, Засгийн газрын төвшинд нааштай шийдвэр гаргаж, ямар нэг ажил хийхгүй бол гадна талаас иргэний хөдөлгөөнүүдийн хүчийг авах болно” гэлээ. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулна” хэмээн нэр заагаагүй нь хөрөнгө оруулагч нарын хувьд “Оюутолгой” гэдэг үг алга гээд хүчийг сулруулж болох талтай. Хэрвээ Засгийн газар гэрээг өөрчлөх чиглэлээр ажиллахгүй бол Засгийн газрыг огцруулах хэмжээнд асуудлыг тавина. Ер нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж чадахгүй бол огцорно” гэдгээ хэвлэлээр дамжуулж мэдэгдсэн. Тиймээс хэлсэн үгэндээ эзэн болохыг нь харна” хэмээлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад гар бие оролцсон УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг ирэх сарын найманд мэтгэлцэхийг хүслээ. Ингэхдээ дээрх гэрээг байгуулахад оролцсон бусад сайд нарыг ч түүнд оролцохыг онцолсон юм.
Г.ДАРЬ