-Оюутнуудыг тариа хураалтанд хамруулах ажил аль шатандаа явж байна вэ?
-МОХ-ноос сүүлийн гурван жилд ногоо хураалтын ажилд оюутан залуусыг хамруулах ажлыг зарлаж байна. Хамгийн гол нь оюутан залууст хөдөлмөрийн хүмүүжил олгох зорилгоор зөвхөн тариа хураалтанд ч биш ажилд хамруулах зорилгоор зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд 100 гаруй байгууллага оюутнуудыг ажиллуулах хүсэлтээ ирсэн. Яг одоогийн байдлаар 5000 гаруй оюутан ногоо хураалтын ажилд хамрагдаж байгаа. Зарим нь ажлын хугацаагаа дуусгаад буцаж ирэх гээд бэлтгэж байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн.
-Энэ ажлыг хэрхэн зохион байгуулсан бэ?
-МОХ-нд тухайн оюутан ажиллах хүсэлт болон цалингийн хэмжээгээ бичиж ирүүлэх ёстой. Түүний үндсэн дээр манай байгууллага ажилд зуучилна. Энэ ажлыг МУБИС дэмжиж хамгийн их хүүхдээ оролцуулсаны дээр Дархан-Уул аймгийн оюутан, залуус ч идэвхтэй хамрагдаж байна. Тухайн оюутны замын зардал зэргийг ажиллаж байгаа байгууллагаас нь даан явуулж байгааг тэмдэглэх хэрэгтэй.
-Оюутнуудыг өөрсдийнх нь саналаар биш албадаж, дүн дээр нь нөлөөлөх байдлаар хамруулж байгаа гэсэн мэдээлэл байна. Яг хэрхэн хамруулсан бэ?
-Оюутнуудыг ямар нэгэн байдлаар албадаж ногоо хураалтад дайчилж байгаа юм биш. Тухайн оюутны ирүүлсэн хүсэлтийн үндсэн дээрээс бид нар тариа хураалтын ажилд хамруулдаг. Түүнээс биш хэн нэгэн хүн дарамтлаад, оюутнууд албан хүчээр яваад байгаа юм биш шүү дээ. Энэ жилийн тухайд оюутнуудын хүсэл сонирхол маш их байгаа нь анзаарагдаж байгаа.
-Ажиллаж байгаа оюутнуудыг хэрхэн байрлуулж тариа, ногоо хураалгаж байгаа вэ?
-Кемп байдлаар оюутнуудыг байрлуулж байгаа. Оюутнуудыг хэрхэн байрлуулахыг тухайн компаниуд зохицуулж байгаа юм. МОХ-ноос гэсэн тухайн компани оюутнуудыг байрлуулах тусгай байртай байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлээгүй бол оюутнуудыг хамруулахгүйгээр зохицуулсан.
-Оюутны хөдөлмөрийн хөлсийг хэрхэн тогтоосон бэ? Танай байгууллагаас тогтоосон уу, эсвэл тухайн компани болгондоо өөр, өөр үнэтэй байна уу?
-Компани болгонд өөр, өөр байгаа. Гэхдээ манай байгууллагаас доод хэмжээг тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл тухайн оюутныг ажлын найман цагаар, өдрийн дөрвөн хоолтой байгаа нөхцөлд цагийн 15000 төгрөг байхаар тогтоосон. Хэрвээ нэг оюутан ямар нэгэн байдлаар цагаа сунгаж, илүү цагаар ажиллахаар байвал тухайн компанитай тохиролцож илүү цагийн мөнгө бодуулах ёстой.
-Мэдээж олон өдөр оюутнуудыг хамруулж байгаа байх. Хичээл завсардах асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Үүнийг тухайн сургууль нь оюутантайгаа харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдэж байгаа. Манайхаас ажлын хугацааг тийм ч их уртаар тогтоогоогүй. 7-15 хоног л дээд хэмжээ нь байгаа юм.
-Оюутан нэг удаа ажил хийсэн тохиолдол дахин ажиллах боломж байгаа юу?
-Ийм хүсэлт одоохондоо ирээгүй байна. Тэгээд ч тухайн компанитай цаг хугацаагаа тохироод явуулсан болохоор тухайн компаниас ч тийм хүсэлт ирээгүй. Хэрвээ сургууль нь үүнийг дэмжээд, тухайн компани нь ч үүнийг дэмжиж зөвшөөрсөн тохиолдолд дахин авч хэлэлцэх шаардлагатай.
-Замын зардал, байр, хоолны мөнгийг хэрхэн зохицуулсан бэ? Танайх даагаад байна уу эсвэл Хөдөө аж ахуйн яам оролцож байна уу?
-Хөдөө аж ахуйн яам ерөнхийдөө зуучлалыг хийж байгаа. МОХ-оос тухайн компанитай зөвшилцөж байж энэ асуудлыг шийдэж байгаа. Мэдээж манай байгууллагаас бүгдийг нь даагаад явуулах боломж байхгүй.
-Өнгөрөгч өдрүүдэд барилга дээрээс барилгын эд, материал унах нь нэмэгдлээ. Бүр нэг оюутан ч нас барлаа. Оюутныг даатгалд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа юу?
-Оюутныг гэнэтийн ослын даатгалд хамруулах ажлыг манай байгууллага хоёр жил дараалан зохион байгуулж байна. Дэлхийн бусад орнуудад оюутныг даатгалд хамруулна гэдэг бол маш чухал ойлголт байдаг. Сүүлийн өдрүүдэд гарч байгаа энэ олон ослоос иргэдийн амь нас, үнэ цэнэ ямар болсон нь ч харагдаж байгаа байх. Энэ нөхцөлд оюутнуудаа даатгах ёстой. Монгол Улсын хувьд дийлэнх оюутнууд хөдөө, орон нутгаас ирж суралцаж байгаа тохиолдолд болзошгүй аюулаас сэргийлж даатгагдсан байх шаардлагатай болчихоод байгаа.
-Оюутны даатгал хэл ам дагуулаад амжсан шүү дээ?
-Маш олон шүүмжлэл дагуулж байгаа. Өнгөрсөн жил “Тэнгэр даатгал” компанитай хамтарч ажиллахад оюутнууд маш их хохирч байна гэсэн хэл ам хийсэн. Гэхдээ энэ бол манай байгууллагын хийх ёстой ажил учраас шантрахгүйгээр хийнэ. Уг нь энэ асуудалд ямар нэгэн хохирогч ерөөсөө харагдахгүй байгаа. Өнгөрсөн жил 350 гаруй оюутан бэртэж гэмтэхэд 100 гаруй мянган төгрөгний даатгал өгөөд болоод л байсан. Гурван оюутан нас барахад мөн л тус бүрт нь нэг сая төгрөгийн тэтгэмж өгсөн. Энэ жилийн тухайд 113 мянган оюутныг “Мандал” даатгалд хамруулж байгаа. Даатгалд хамрагдсан оюутан бүрээс 1000 төгрөг авч байгаа юм.
-113 мянган оюутныг ямар шалгуур шаардлагаар хамруулж байгаа вэ?
-МОХ-ны хөнгөлөлт урамшуулалд хамрагдсан оюутан бүр автоматаар бүртгэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл виза карт авсан оюутан бүр даатгалд хамрагдаж байгаа гэж ойлгож болно.
-Тэгээд хөнгөлөлтөнд хамрагдаагүй оюутан бэртэж гэмтвэл яах вэ?
-Тэр хүн даатгалд хамрагдахын тулд заавал 1000 төгрөг тушаасан байх шаардлагатай. Ингэж байж эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой болно.
-Энэ жилийн тухайд 113 сая төгрөг хуримтлагдаж байгаа гэж ойлголоо. Үүнээс нь танай байгууллага хэдэн хувийг авч байгаа вэ?
-Манай байгууллага зуучлалын тухай хуулийн дагуу 10 хувийг аваад оюутны анхан шатны байгууллагад хөрөнгө оруулалт хийж байгаа. Түүнээс биш манай байгууллага мөнгө унагаагаад, идээд байгаа асуудал огт байхгүй.
-Ямарваа нэг оюутан энэ мөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаар мэдээлэл авах эрх нь нээлттэй байгаа юу?
-Мэдээж нээлттэй. “Мандал” даатгал дээр очоод хүссэн мэдээллээ авах боломж бий.