Арлын маргааныг “мэдээгүй царайлав“

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Арлын маргааныг “мэдээгүй царайлав“

Арлын маргаанаас болж Хятад, Японы харилцаа хурцдаад буй энэ үед АНУ-ын Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга Леон Панетта  Хятадад айлчилсан нь Японыг эсэргүүцэгчдийн хилэнг улам бадрааж буй гэнэ.

Хятадын 50 гаруй хотод Японыг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан сүүлийн хэд хоног үргэлжилж байгаа бөгөөд Бээжин дэх Японы Элчин сайдын яам руу хилэгнэсэн Хятадууд муудсан өндөг, хоосон лонх шидэж, туг далбааг нь шатаасан тухай мэдээллүүд тасрахгүй байна.

Түүгээр ч барахгүй Хятадууд тус улс дахь Японы үйлдвэрүүд рүү халдаж, япон машинуудыг галдан шатааж байгаа аж. АНУ-ын Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга Леон Панеттагийн энэ удаагийн Хятад дахь айчлал санамсаргүй хэрэг биш аж. Учир нь 1931 оны есдүгээр сарын 18  Японы империалист цэргүүд  Хятадыг эзлэхээр Манжуур руу нэвтэрсэн өдөр гэнэ. Харин Манжуурын давшилтын 81 жилийн ойн өдөр Бээжин дэх Японы Элчин сайдын яамны үүдэнд эсэргүүцэгчдийн жагсаал болсон аж. 

Хятадын аюулаас хамгаалахын ажилтнууд болон цагдаа нар бослого хөдөлгөөн гарсан даруйд нухчин дардаг ч энэ удаа гудамж талбайд хилэгнэсэн үндсэрхэг үзэлтнүүдийн хөлд дарагдаж, Хятадууд үг хэлэх ховорхон эрх чөлөөг эдэлсэн гэнэ.

Арлын маргаанаас болж Хятад, Япон хоёр дайтаж ч магадгүй гэх хүмүүс цөөнгүй аж. Японы Элчин сайдын яамны үүдэнд асар олон эсэргүүцэгчид цугларч, “Армийг хөдөлгөж, Япончуудыг ал”,”Токиог эзэлж, Ёшихико Нодаг хөнөө” хэмээн хашгирч байхад Хятадын цагдаа хуруугаа ч хөдөлгөлгүй, зүгээр хараад зогсч байсан аж.

Хятадад ажиллаж буй гадаадын сурвалжлагч нарын бичиж буйгаар Японыг эсэргүүцэгчид Мао Зэдуны хөргийг барин жагсчээ. 1949 онд БНХАУ-ыг байгуулсан Мао Зэдун Японы эсрэг тэмцэж байсан нэгэн билээ. Хятад, Японы одоогийн маргаан нь хүн оршин суудаггүй боловч байгалийн баялаг ихтэй Хятадаар Дяоюйдао, Японоор Сенкаку хэмээх арал юм. Өмнөд Хятадын тэнгис дэх тус арлыг булаацалдаж буй улс орон зөвхөн Хятад, Япон биш бөгөөд Тайвань, БНСУ ч мөн өөрсдийн эзэмшлийн газар гэж маргадаг аж.

Хятад, Японы маргааныг ингэтэл хурцатгасан шалтгаан нь энэ сарын эхээр Токиогийн захирагч Шинтаро Ишихара арлыг эзэмшигчээс худалдаж авна гэсний дараа тус улсын Засгийн газар арлыг улсын өмч болгон авна гэж мэдэгдсэн.

Хэрэв Токио дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай хоёр орны харилцааг муутгахгүйн тулд ийм мэдэгдэл хийсэн бол энэ нь гэнэн бас шударга бус зүйл гэж ажиглагчид бичжээ.

Японы парламентын сонгууль дөхөж буй энэ үед улс төрчид арлын маргаанд дийлдэхийг хүсэхгүй байгаа аж. Мөн энэ оны эцсээр Хятадын дарга Ху Жинтаог залгамжлах ирээдүйн удирдагч гэгдэж буй Си Жинпинь энэ маргаанд ямар үүрэг гүйцэтгэхээс ирээдүй нь шалтгаалах билээ.

Си Жинпинь энэ сарын эхээр ямар ч сураггүй хоёр долоо хоног чимээгүй алга болсныг  арлын маргаантай асуудлаас болж, хэвлэлийнхнээс дөлж буй хэрэг гэж ажиглагчид тайлбарлаж байв.

АНУ-ын Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга Леон Панеттагийн  айлчлалд Хятадууд таагүй хандаж буй нь АНУ-ыг Японы холбоотон гэж үздэгтэй холбоотой. Дэлхийн II дайны дараа Вашингтоны эрх баригчид Японыг болзошгүй зэвсэгт дайралтаас хамгаална гэж амласан байдаг аж.  Леон Панетта Бээжинд буухын өмнө Токиод айлчилж, Вашингтоны амлалт хэвээрээ гэдгийг баталгаажуулсан гэнэ.

Леон Панетта бүс нутгийн хурцадмал байдал хэрхэн хяналтаас гарч болохыг анхааруулжж, маргааныг дипломат аргаар шийдэхийг уриалж, Хятадад айлчилж буй боловч маргаан хяналтаас гарахад ойрхон байгаа аж.

Хятадын мэдээллийн агентлагийн мэдээлж буйгаар маргаантай арлын орчим Хятадын загасчны 1,000 гаруй хөлөг онгоц эргүүл хийж байгаа юм байна.

Одоогоос хоёр жилийн өмнө тус арлын орчим Японы эргийн хамгаалагчид Хятадын загасчны хөлгийг саатуулж, 10 хоног барьцаалснаас болж хоёр орны харилцаа муудаж байсан.

Гэвч энэ удаа Бээжингийн эрх баригчид Японыг эсэргүүцэгчдийн жагсаал хөдөлгөөн газар авч буйг мэдээгүй царайлж, дэвэргэж байгаа нь маргаан үүгээр зогсохгүйг харуулж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж