Дэгийн хуулийг намрын чуулганаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Дэгийн хуулийг намрын чуулганаар хэлэлцэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдсан бөгөөд энэ талаараа бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгээр ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудаа дүгнэжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг, ИЗНН-ынхантай хамтран ажилласнаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон 2012 оны төсвийн тодотголд хэд, хэдэн чухал асуудлуудыг тусгаж чадсан хэмээн үзэж байна. Тухайлбал, ирэх сараас 0-18 насны хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох болж байгаа. Иргэдийн санал бодлыг УИХ хүлээн авч хэлэлцэнэ гэсний дагуу Өргөдлийн байнгын хороо байгуулсан. Нийгмийн даатгалын нөхөн олговрыг хуульчилсан. Ингэснээр 1995-2000 оны үед ажил хөдөлмөр эрхэлж чадаагүйгээс Нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй иргэд тэтгэврээ тогтоолгох боломжгүй болоод байсан, үүнийг хууль зүйн хүрээнд нь шийдэж өгсөн. Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрсөн ч хөрөнгийн эх үүсвэргүйгээс хэрэгжих боломжгүй байсан. Тэгвэл төсвийн тодотголыг батлахдаа эл санд таван тэрбум төгрөгийг суулгаж чадсан. Энэ нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд илүү таатай боломж олгоно. Архидалтаас үүдэлтэй сөрөг үр дагаврыг бууруулах зорилгоор архи, тамхины ОАТ-ыг нэмсэн.

Харин УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ээлжит бус чуулганаар батлахыг зорьсон ч чамбай хэлэлцэх ёстой хэмээн үзэж УИХ-ын намрын чуулганд хуулийн төслийг шилжүүлсэн тухайгаа ч онцоллоо. Дүгнээд хэлбэл, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн ажлуудаа үндсэнд нь нугалсан төдийгүй Ардчилсан нам УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн асуудлуудаа тусгасан хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзсэн байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж