УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, О.Баасанхүү, Х.Болорчулуун, Д.Батцогт нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ёстой гэсэн заалт тусгахын төлөө эдгээр гишүүд өнгөрсөн 10 гаруй хоногийн турш тууштай ажилласан юм. Гэвч УИХ-аар дээрх хөтөлбөрийг өчигдөр батлах болж санал хураахад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн заалт нь унасан тул цаашид тэмцлээ үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгдэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг ирэх аравдугаар сарын 8-ний 12.00 цагт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар халз мэтгэлэхийг хүсч буйгаа хэвлэлийн бага хурлаар дамжуулан илэрхийлэв. Өмнө нь эл хүсэлтээ эрхэм гишүүн УИХ-ын дэд дарга С.Баярцогтод тавьсан боловч өнөөг хүртэл хариу ирүүлээгүй аж. Харин С.Баярцогт нь хамтарсан Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад биечлэн оролцож байсан учраас ийн онцолжээ. Түүнчлэн эл мэтгэлцээнд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад гар бие оролцсон тухайн үеийн бусад сайд, албан тушаалтнууд ч оролцож болох гэнэ.
Ер нь дэлхийн орнуудаас туршлага судлахад тухайн улс гадаадын хөрөнгө оруулагч нартай муу гэрээ байгуулсан бол түүнийгээ сайжруулаад явдаг жишиг бий. Улс үндсээ бодож Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахад муу зүйл байхгүй, бид эл гэрээг огт хүчингүй болгох гэсэн юм биш сайжруулах шаардлага л тавьж байгаа гэлээ.
Дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.
Г.Дарь