Irish Daily Star сэтгүүл хаагдахад хүрээд байна

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Irish Daily Star сэтгүүл хаагдахад хүрээд байна

Английн хунтайж Уильям, түүний эхнэр Кэйт Миддлтоны нүцгэн зургийг нийтэлсэн Францын сэтгүүл хатан хааны гэр бүлийн гишүүдийн зургийг зөвшөөрөлгүй нийтэлсний төлөө торгууль төлөхөөр болсон гэнэ. Өчигдөр Францын шүүхээс “Closer” сэтгүүлийг хунтайж Уильям, түүний эхнэр Кэйт нарын нүцгэн зурагнуудын файлыг 24 цагийн дотор хуулбарлаж, хэвлэхгүйгээр эх хувиар нь буцааж өгөх, тэдгээр зурагнуудыг олон нийтэд дэлгэн үзүүлснийхээ төлөө 2000 еврогийн торгууль төлөх шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн дагуу тус сэтгүүл зурагнуудыг буцааж өгөхөөс татгалзах эсвэл тогтоосон өдрөөс нэг хоног хэтрүүлвэл торгууль хоног тутамд 10,000 еврогоор нэмэгдэх аж. Английн хатан хааны гэр бүлийн залуу язгууртнууд зургийг нь зөвшөөрөлгүй нийтэлсэн сэтгүүлийг Францын шүүхэд өгсний дараа яллагчид урьдчилсан мөрдлөгө явуулж, эрүү үүсгэсэн байна.

Хунтайж Уильям түүний эхнэр Кэйт нар Францын шүүхэд гомдол гаргахдаа “Хуулиар олгосон эрхийнхээ дагуу бид хувийн нууцаа хадгалах, хамгаалуулах эрхтэй” хэмээсэн аж. Харин азаар Францын хууль хувийн өмч, нууцад халдсан хэрэгт хатуу шийтгэл оноодог аж. Кэйт, Уильям нарын нүцгэн зураг “Closer” сэтгүүлээс гадна бас Irish Daily Star сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд тус сэтгүүлийн удирдах зөвлөх энэ хэрэгт дотоод мөрдлөг явуулж эхэлжээ. Дээрх хэргээс болж Irish Daily Star сэтгүүл хаагдахад хүрээд байгаа бөгөөд мөрдлөгийн үр дүн гарахыг хүлээж байгаа юм байна.

Хунтайж Уильям, түүний дүү Харри нар 1997 онд авто машины ослоор нас барсан Диана гүнжийн үхэлд хэвлэлийнхэн болон папараццичидийг буруутгадаг. Учир нь Францын мөрдөгчид Диана гүнжийн жолооч папараццичидаас зугатаж явахдаа хяналтаа алдаж, осол гаргасан гэсэн дүгнэлт гаргасан байдаг аж. Их Британийн хатан хааны гэр бүлийнхэн гэрэл зурагчдын дээрх “дайралт”-д ихэд эмзэглэж байгаа бөгөөд ялангуяа Кэйтийг хөл хүнд байсан бол энэ явдал муу үр дагавар авчирч болох байсан гэж үзэж байгаа гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж