Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хоёр долоо хоногийн өмнө НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнг огцруулах саналыг МХЕГ-ын дарга Р.Содхүүд илгээв. Учир нь энэ сарын 3-нд III эмнэлгийн дэргэд баригдаж байсан барилгын зуурмагийн кран унан, 12 настай охиныг дарж, амийг нь авч одсон. Шалгаад үзэхнээ, уг барилга зөвшөөрөлгүй, дээрээс нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй байж. Шууд утгаараа, энэ бүхнийг таслан зогсоох ёстой Мэргэжлийн хяналтын байгууллага үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой. Тиймээс хотын дарга НМХГ-ын даргад хариуцлага тооцохоор удирдлагад нь хандсан хэрэг.
Өнөөг хүртэл МХЕГ-ын дарга Р.Содхүү ямар нэг тушаал шийдвэр гаргаж, ажилтандаа хариуцлага тооцсонгүй, таг чиг. Л.Бямбасүрэн хатагтай ч өөрийгөө өмгөөлсөөр. Тэр “Бид торгодогоо торгосон, өөр яах байсан юм” хэмээн хэдэрлэж сууна. Харин энэ хооронд дахин хоёр ч хүний амийг яг дээрхтэй адилаар хөнөөж орхилоо. Есдүгээр сарын 7-нд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороооны нутагт байх УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Хурд” группийн захиалгаар барьж буй Рапид харшийн барилгын кран хугарч, кранист 26 настай С гэдэг залуу амь алдлаа. Мөн уржигдархан Тэнгис кинотеатрын урд баригдаж буй барилгаас том төмөр унаж, өмнүүр нь алхаж явсан 25 настай залууг цохиж, амийг нь хөнөөв. Сонсоход дотор эвгүйцмээр мэдээ ийн шил шилээ даран гарав.
НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнг сандалтайгаа зууралдан гүрийж байх хэдхэн хоногийн дотор гэсэн үг шүү дээ.
Ийм нөхцөлд эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн, “Эко констракшн”-ийн С.Нямдаваа, иргэн Батболд нарын барилга барих зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй, хууль зөрчсөн, үгүй талаар олон үг ярих нь илүүц биз. Ганцхан буруутан бий. Тэр нь энэ бүхэнд хяналт тавих үүрэг бүхий Мэргэжлийн хяналтынхан. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хяналт гэдэг дампуурсан газрын даварсан дарга, албан хаагчдаас болж эрдэнэт хүний амь эрсэдсэн хэрэг.
Чухамдаа Р.Содхүү Хотын даргын саналыг хүлээж аваад Л.Бямбасүрэнг ажлаас нь халж, мэргэжлийн хяналтынхан болоод холбогдох байгууллагууд гарч байгаа осол аваараас сургамж авч аюулгүй байдал гэдэг юмыг анхаарч шалгасан бол дахиад хоёр хүний амь эрсдээ ч үү, үгүй ч үү.
Л.Бямбасүрэнгийн тухай элдэв яриа эртнээс яригдаж ирсэн нь нууц биш. Экс Шадар сайдын ангийн охин, ЗГХЭГ-ын дарга асан Ч.Хүрэлбаатарын хамаатан гэсэн. Үүндээ дулдуйдсан Л.Бямбасүрэн гэдэг эмэгтэй хотын даргыг загначихаад хаалгыг нь саваад гардаг байсан тухай яриа нэг бус удаа гарч байсан. Дамын үг дамжуургатай ч гэлээ оргүй хоосноос ийм яриа гарахгүй л болов уу.
Л.Бямбасүрэн олон жилийн энэ албыг хашиж буй. Тэр хэмжээгээр Мэргэжлийн хяналтын байгууллагын дампууралтай холбоотой. Дампуурлын эхлэл ингэж хүний амиар яригдаж байна. Захын нэг байцаагч л шалгаж байгаа барилгаасаа орон сууц, эсвэл оффисын өрөөгөөр тохирчихдог “ханш” тогтчихоод удаж байгааг мэдэхгүй хүн бараг байхгүй дээ.
Дээрээс нь Мэргэжлийн хяналтын байгууллага гэж шахааны, чихээсний газар. Мэргэжлээрээ тэнцэхгүй халагдах шахаж байсан эрхмүүд, дарга сэтэртнүүдийн ил далд амраг, садан төрлүүдээр дүүрчихсэн. Энэ ажлыг хэмжээгүй хязгааргүй эрх мэдэл, их мөнгөний уурхай гээд ойлгочихсон.
НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн хатагтайн ажил албаны цухас байдал ердөө л энэ. Зөвхөн Л.Бямбасүрэн ч бус МХЕГ-ын дарга Р.Содхүү ч хариуцлага хүлээх учиртай. Мэргэжлийн хяналтын байгууллагын иймэрхүү дүр төрх Р.Содхүүтэй зайлшгүй холбоотой. Сэлэнгэд ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болж, буцаад унаснаас нь хойш Монголын төр эрх мэдэл, албан тушаалыг хангалттай өгсөн. Гэхдээ Монголын төр, ард түмэн Р.Cодхүүд өртэй юм шиг л нам нь нэг даргын суудлаас нөгөө рүү нисгэсээр өдий хүрсэн. Монголын хөрөнгийн биржийн захирал, МХЕГ гээд нийгмийн, эдийн засгийн гол агентлаг, газрыг хариуцуулсаар ирсэн. Гэсэн ч Р.Содхүү энэ газрыг суга татаад босгоод ирсэн гэж дуулдаагүй нь чухам үнэн.
Уг нь 2002 онд Мэргэжлийн хяналтын байгууллагыг яамдаас салган нэгтгэхдээ өнөөгийнх шиг ийм ирээдүй зөгнөөгүй л байлтай. Гэвч Ардын намын засаглалын үед улс төрийн томилгоо болгон, шагнал хэлбэрээр дарга нарыг нь тавьж байсан нь өнөөдрийн энэ эмгэнэлийн суурийг тавьж орхижээ.
Өнөөдөр зөвхөн барилга ч бус, зам гүүрээс эхлээд бүхий л салбарын хяналт шалдаа буутал унасан гэж байгаа. Энэ бол Р.Содхүү, Л.Бямбасүрэн нарын “гавьяа”.
Зүй нь аль хэдэн жилийн өмнө л энэ эрхмүүд сандал ширээгээ суллаж, зайгаа тавьж өгөх ёстой байлаа. Гэвч улс төрийн албан тушаалтны, эсвэл төрийн албан хаагчийн ёс суртахууны тухай Р.Cодхүү, Л.Бямбасүрэн нартай ярьсны ч хэрэггүй бололтой. Аль хэдийнээс хүний аминд тэгтлээ хүрч өнөөгийнх шиг олны анхаарал татдаггүй ч дахин ажиллах боломжгүй болтлоо гэмтдэг, эсвэл ашиглалтад хүлээж авсан барилга нь арван сар ч бололгүй нурчих гээд суугчдаа айлгадаг явдал бараг хэвийн үзэгдэл болсон байдаг.
Хотын төвийн замын хажуу, орон сууцны гадаах хүүхдийн тоглоомын талбайг шахаж, зам өргөтгөх, цонхоороо нар харах аргагүй болтол барилга байшин бариулж, хот төлөвлөлтийг устгасан нь тэдэнтэй яаж ийгээд л холбогдоно.
Гэхдээ энэ эрхмүүдийг Рапид харшийг барьж буй краны техникийн байдал бүрэн байсан уу, III эмнэлгийн баруун талын барилга барихыг зөвшөөрөөгүй атал яагаад долдугаар давхар хүртлээ ямар ч хяналтгүй баригдаж байсныг, Тэнгис кинотеатрын урд яагаад усан оргилуур биш орон сууц барьж байсантай холбон шалгахад л “но”-нууд нь хөврөөд гараад ирэх вий. За тэгээд, ганц нэг жилийн өмнөх “юм”-нууд руу нь жаахан өнгийвөл мөн ч их юм гарч ирэх нь тодорхой.
Зөвхөн энэ хоёр ч бус мэргэжлийн хяналтын байцаагч нэртэй энд тэндхийн баар, зоогийн газрын VIP-д уригдаж элдэв “шивнээ” ярьж цаг нөхцөөн, хор найруулж суудаг нөхдийг энэ албанаас зайлуулж, дээрээс нь хариуцлага хүлээлгэх учиртай. Мэргэжлийн хяналт гэдэг энэ байгууллагыг мэргэшүүлж, төрийн нэрийн өмнөөс хянаж шалгаж байгаа юм бол хянасан шиг хянадаг, шалгасан шиг шалгадаг болгохгүй бол болохоо больжээ гэдгийг Мэргэжлийн хяналтын асуудлыг мэдэлдээ авсан Шадар сайд Д.Тэрбишдагва эрх биш анзаарсан гэдэгт найдъя.
Ийн Мэргэжлийн хяналтын газар хэмээх данхайсан бүтэцтэй, өчнөөн их хөрөнгө мөнгөний төсөв зарлагадан, үйл ажиллагаа явуулж буй энэ байгууллагын өнөөгийн төрх нэг иймэрхүү. Уг нь энэ газар улсын, төрийн өмнөөс хяналт тавьж, шалгалт хийх итгэл хүлээсэн байгууллага. Гэвч Р.Содхүү, Л.Бямбасүрэн нар “Маньд хамаагүй, би тэр краныг унагачихсан биш” гэсэн үг унагаад хэнэггүй сууж байна. Тэдний суудал чухам хэдэн хүний амины үнэтэй вэ?.
Улаанбаатарын иргэд одоо нэг л зүйлийг ярьж байна. Тэр нь өвөлдөө масктай, зун, намартаа касктай амьдрахгүй бол нийслэлдээ амьд явах баталгаа алдагдсан тухай яриа. Бид өглөө гэрээсээ гарахдаа дээрээс юу унаж, доошоо юунд ойчих бол хэмээн айдас тээх болов. Энэ нийслэлд маань дайн болоогүй ч, алхам бүрт үхлийн аюул гэтэж байдаг болжээ.