Тэглээ гээд нэг хэсэг нь цагаан хоолтон болдог ч насаараа мах зооглоод
сурчихсан хөгшид маань тэтгэврийн хэдээ шөлөндөө л зориулна. Одоо ирэх
сараас хөдөөнийхөн махаа авчирч, бөөндөж эхэлнэ. Үүнийг ченжүүд л авч
хураах байх. Малчид хүйтрэхээс өмнө малаа олноор нь нядалж, оруулж ирээд
шууд л ченжүүдэд бөөнддөг. Энэ бол жил бүр нэг үед болдог л үйл явдал.
Гэтэл хөдөө аж ахуй өндөр хөгжсөн орнуудын фермерүүд биржийн үнээс
хамааран малаа өсгөх, нядлахаа шийддэг. Тиймээс ч хөдөө аж ахуй эрхлэлт
нь тогтвортой, ашигтай байдаг аж. Тухайлбал, Австралийн нэгэн фермер
хувьдаа 120 мянган хонь, 10 мянган үхэртэй, мөн таван зүйлийн ургамал
тарьдаг байна. Тэгээд биржийн үнэд тохируулан хонь, үхрийнхээ тоо
толгойг зохицуулж, тариалангаа ямар хэмжээнд тарихаа шийддэг аж. Хэрэв
бирж дээр улаанбуудайн үнэ өсөхгүй бол тариагаа услалгүй зөнд нь хаяж,
өсөөд ирвэл ахиухан тарьж ургуулахыг хичээдэг байна. Түүнчлэн хонин
сүргийн тоо хэдэн зуун, мянга даваад хөрс талхлаад байвал Засгийн
газраас нь хязгаарлах арга хэмжээг авдаг. Ингэхдээ энэ жил төчнөөн
хонины мах бэлтгэлд бэлдэнэ гэж зарлахгүйгээр зүгээр л бирж дээрх бараа,
түүхий эдийн үнэд өндөр татвар тогтоодог байна. Ингэснээр малчид махаа
ихээр зардаг аж. Ийм л зохицуулалт манайд хамгийн их дутагдаж байна.
Манай улсын мал хэтэрхий их. Тиймээс бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт
хурдацтай явагдаж байгаа. Гэтэл үүнийг зохицуулж чадахгүй байсаар
байтал малын тоо 50 саяд хүрчихлээ. Иргэдээсээ хэд дахин давсан малтай
монголчууд хоолны махгүй хонож байна гэдэг үнэхээр гажуудал. Энэ нь
малаа өсгөхөөс өөр юм мэддэггүй манай тогтолцооны буруу. Малчин ард юм
болохоороо малаа сайн өсгөнө. Тэгээд өсгөж, өсгөж нэг жилийн зуднаар
олонхийг нь алддаг. Зуднаар малаа алдсан олон айл ядуусын эгнээнд
нэгдсэн. Ийнхүү хөдөө аж ахуйн бирж байгуулахгүй байсаар олон сөрөг үр
дагавар гарч буй.
Манай улсад өмнө нь буюу социализмын үед түүхий эд
бэлтгэлийн тогтолцоо байсан гэдэг. Тэр нь аймаг, сум бүрт ажиллаж байсан
Худалдаа бэлтгэлийн ангиуд аж. Гэвч зах зээлийн эдийн засагт шилжих үед
хуучин тогтолцоо нурж, дээрх ангиуд байхгүй болсноор түүхий эд бэлтгэл
замбараагүй болсон байна. Энэ үеэс л ченжүүдийн гараар мал, мах дамжих
болжээ. Гэтэл гэнэт л хөдөө аж ахуйн бирж байгуулах талаар ярьж эхэлсэн
байна. Байгуулна гэж мөн ч удаан ярьж, энэ хооронд хэд хэдэн оролдлого
хийж байжээ. Тухайлбал, Монголын Хөрөнгийн бирж байгуулагдсаны дараа
1992 онд Эрдэнэт бирж, ХАА-н бирж байгуулахыг оролдож байсан ч бүтээгүй
гэдэг. Энэ оролдлого амжилтгүй болсон нь эрх зүйн орчин байхгүй
байсантай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Төрийн дэмжлэг
байгаагүй, санхүү, эдийн засгийн чадавхигүй, менежмент хөгжөөгүйгээс
гадна тухайн үед түүхий эд боловсруулагчдын үйлдвэрлэл эрс буурч,
зогссон зэрэг шалтгаанаар эл ажил бүтэлгүйтсэн байна.
Харин 2009
онд УИХ-ын тогтоолоор хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй
болгох Үндсэн чиглэлийн 58-д “Мал аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэлийн
тогтолцоог оновчтой болгох, түүхий эдийг стандартын дагуу бэлтгэх,
эцсийн бүтээгдэхүүн хийх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг
бий болгох” гэж заажээ. Үүнийг Засгийн газрын 2008-2012 оны үйл
ажиллагааны хөтөлбөрт “Хөдөөгийн иргэд бэлтгэсэн түүхий эд,
бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд худалдаалах боломж бүрдүүлсэн
мэдээллийн технологид суурилсан Биржийн сүлжээ байгуулна” гэж заасан
байна. Үүний дагуу өнгөрсөн жилийн зургадугаар сард хууль батлан
гаргасныг энэ оны зургадугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн.
Удаан
яригдсаны эцэст хууль гаргасан нь уул уурхайн ашиг дундрах цагт улсын
хөгжлийг авч явах дараагийн салбар хэрэгтэй гэж үзсэнээс тэр. Гэвч
өнгөрсөн зургадугаар сараас хууль хэрэгжиж эхэлсэн ч бирж хэзээ
байгуулагдах нь өнөөдөр ч тодорхойгүй байгаа. Энэ талаар ҮХААЯ-ны газрын
дарга Ч.Энх-Амгалан “Бирж байгуулаад шууд ажилд нь оруулах шиг амархан
юм байхгүй. Засгийн газар тогтоол гаргаж, зөвлөл байгуулаад, хөрөнгө
шийдээд, нэг байшинд хэдэн хүн оруулж хаягийг нь хадаад л болчихно.
Харин биржийн өөрийнх нь ажиллах механизмыг бий болгоход хүндрэлтэй
байгаа. Яагаад гэхээр хөдөөний малчид, худалдаачид ченжүүд гэх мэт
оролцогч талууд биржийн үйл ажиллагааг ойлгоогүй байна. Бирж хүчин
төгөлдөр ажиллаж эхлэх хугацааг хууль үйлчилж эхэлснээс нэг жил,
магадгүй хоёр жил байх болов уу гэж бодож байна. Их том дэд бүтэц бий
болж байгаа шүү дээ. Тээвэрлэлт, агуулах, лаборатори, онлайн сүлжээ,
төлбөр тооцоо гээд асар том систем. Тиймээс энд хугацаа орно” гэсэн юм.
Ямартай
ч хууль батлагдчихсан болохоор нэг, хоёр жилийн дараагаас бирж
байгуулагдах байх гэж хүлээх нь. Харин бирж байгуулагдахаас өмнө махны
үнэ өндөр хэвээр байх нь тодорхой. Жил бүр л өмнөх жилээсээ ахиу мах
нөөцлөх бодлого барьдаг ч нөөцийн мах харагдахгүй байсаар өвөл дуусдаг.
Өнгөрсөн жил Улаанбаатарт 12 мянган тонн, Дархан, Эрдэнэтэд 1000, бусад
аймгуудад 100 тонн мах нөөцөлсөн. Харин энэ жил үүнээс илүүг нөөцөлнө
гэж ярьж байгаа. Нөөцлөөд, нөөцлөөд махны үнэ буудаггүй гэдгийг 2008
оноос л хойш амьдрал харуулсан. Тиймээс бирж байгуулагдах хүртэл махны
үнийг бууруулах өөр арга хайхгүй байгааг мэргэжилтнүүд шүүмжилдэг.
Бирж
байгуулагдвал малын гаралтай бүтээгдэхүүнээ худалдаалж эхэлснээр манай
улсын хөдөө аж ахуйн салбарын бараа эргэлт хоёр дахин сайжрах болно.
Мөн чанарын стандартад нийцүүлдэг учраас эрүүл махаа экспортлох ажил
тогтворжино. Гэхдээ бирж байгуулагдахаас өмнө мах экспортлох ажлыг
эхлүүлбэл олон талын ашигтай гэдэг дээр санал нэгдэх хүмүүс олон бий.
Тухайлбал, малчид хэсэг бүлгээрээ нэгдэн махаа экспортолж эхэлбэл гурван
жилийн дараагаас үнэ аяндаа буурна гэж байгаа. Жилдээ 100-150 толгой
буюу тухайн жилийнхээ төлийн хэмжээний малыг борлуулаад байвал жилдээ
50-иад сая төгрөгийн орлого олох аж. Гэхдээ энэ нөхцөлд дотоодод
нийлүүлдэг мах харьцангуй багасч, тэр хэмжээгээр үнэ өсөх боловч махаа
хурдан эргэлтэд оруулбал нийслэлийн ойролцоох махны аж ахуйнууд хөгжиж,
аяндаа үнэ буурч эхэлнэ гэж байгаа. Түүнээс биш хүчээр буулгаж байгаа
одоогийн бодлого үр дүнгүй гэдгийг онцолдог юм. Мөн бирж байгуулахын
өмнө хоршоо байгуулах хэрэгтэй гэдэг. Тэгвэл махаа экспортолж байгаа
малчдын бүлэг хоршоо маягаар ажиллаж, ингэснээр бирж байгуулагдах
нөхцлүүд ч бүрдэх юм. Мах экспортлох зах зээл байхгүй учраас энэ ажлыг
эхлүүлэхгүй байгаа юм биш. Харин өнөөдөр, маргаашийн махны үнийг
бууруулах гээд экспортоо хязгаарлачихсан байгаа. Гэтэл монгол махны
чанарыг гайхан бахадсан гадныхан авах хүсэлээ илэрхийлсээр байгаа.
Одоогоор япончууд адууны мах, орос, хятадууд хонь, үхрийн махыг авч
байгаа бол Арабын Эмират, Кувейт улс монгол хонины махыг импортлох
хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Манай махыг авах хүсэлтэй улс орон
үүгээр ч тогтохгүй.
Эх сурвалж: http://www.mminfo.mn/