“Алтан намар-Их хотын баяр” арга хэмжээ болно

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

“Алтан намар-Их хотын баяр” арга хэмжээ болно

Жил бүр зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг энэ жилээс өргөжүүлэн “Алтан намар- Их хотын баяр” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулахаар  Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж гарчээ. Энэ тухай аймгийн Засаг даргын орлогч  Д.Батсүх, Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн  дарга З.Нэргүй нар  хэвлэлийн бага хурал хийж  мэдээлэл өглөө. “Алтан намар –Их хотын баяр” нэгдсэн арга хэмжээг   2012 оны  9 дүгээр сарын  21,22,23-ны өдрүүдэд Дархан Их дэлгүүр, Дархан-50 цогцолбор, Залуучууд театрт нэгэн зэрэг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Арга хэмжээний үеэр өрхийн тариалан эрхлэгчид намрын ургацаа дэлгэж, хүнсний ногоог зах зээлийн үнээс хамгийн хямдаар борлуулах гэнэ. Мөн  “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” үзэсгэлэнг толилуулж, жижиг  дунд өрхийн үйлдвэрлэгчийн урласан бүтээлүүдээр Дарханчууддаа үйлчлэх юм байна. Харин Төрийн бүх байгууллагуудын Нээлттэй хаалганы нэгдсэн арга хэмжээг Дархан-50 цогцолборт зохион байгуулна. Төрийн байгууллагууд нэг дороос төрийн бүх шатны үйлчилгээг иргэдэд үзүүлэх аж. Цахим үнэмлэхээ авч амжаагүй иргэд энэ үеэр цахим үнэмлэхээ авч иргэний бүртгэл, газрын харилцаа, нийгмийн даатгал гээд өөрт хэрэгтэй бүхий л асуудлаараа мэдээлэл авах боломж бүрдэх аж. Мөн иргэдэд спорт, урлаг соёлын тоглолтуудаар үйлчилж, Дархан хотод шинээр ирсэн оюутнуудад төрөлх хотоо танилцуулах аялал зохион байгуулна гээд олон талт арга хэмжээг нэг дор төвлөрүүлэх гэнэ.

                                                Х.Соёл-Эрдэнэ  /  Дархан-Уул  /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж