“Төрийн үйлчилгээ-иргэдэд” уриан дор эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд ёс зүйг эрхэмлэх, үйл ажиллагааны нээлттэй хоёр сарын аяныг Дархан-Уул аймгийн ЭМГ-аас зохион байгуулахаар болжээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, цаг алдалгүй үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамжтай хүргэх зорилготой дээрхи аяны хүрээнд эмч сувилагч, тусгай мэргэжилтнүүд, ажилчдыг код бүхий энгэрийн тэмдэгтэй болгох гэнэ. Ингэснээр кодны дугаараар иргэд үйлчлүүлэгчдээс санал хүсэлт хүлээн авна. Мөн 7037-4157 дугаарын утсаар санал авах юм байна. Ирсэн санал гомдлын мөрөөр аймгийн ЭМГ-ын дэргэдэх Ёс зүйн салбар хороо ажиллах гэнэ. Ёс зүйн салбар хороонд 2012 оны байдлаар иргэдээс дөрвөн удаагийн санал гомдол ирсэн байна. Ихэвчлэн эмч мэргэжилтнүүдийн харилцаа хандлагатай холбоотой санал гомдол иржээ. Аяны хүрээнд “Угтах, үдэх үйлчилгээ- Хөтөч сувилагчийн ажиллагааг тогтмолжуулахаас гадна эмнэлгийн үйл ажиллагааг ард иргэдэд сурталчлах “Нээлттэй хаалга”-ны өдрийг зохион байгуулах юм байна. “Ахмадуудад ээлтэй өдөр” нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, явуулын амбулторын үзлэгийг явуулахаас гадна эмийн зохистой хэрэглээ сэдвээр зориулсан сургалт, Монголын мянганы соргилтын сангаас “Хөдөлгөөн, эрүүл хооллолт” сургалт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Х.Соёл-Эрдэнэ / Дархан-Уул /