Г.Отгонбаяр “Балдорж” шагналын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Г.Отгонбаяр “Балдорж” шагналын эзэн боллоо

Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” сангийн дээд шагнал гардуулах ёслол өчигдөр боллоо.

Монголын сэтгүүлзүйн салбарын манлайлагчийг эргэн дурсаж, түүний нэрээр нэрлэгдсэн “Балдорж шагнал”-ыг гардуулах ёслолоос “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Г.Отгонбаяр тэргүүн байрын шагнал хүртэв. Дөрөв дэх “Балдорж” шагналын эзэн Г.Отгонбаяр “Энэ сонгуулийн ялагч нь Н.Энхбаяр” нийтлэлээрээ шилдгийн шилдгээр тодорчээ. Харин дэд байрын шагналыг МҮОНТВ-ийн сэтгүүлч Д.Бямбацэцэг “Тоосгоны цаадах тортогт амьдрал” теле нийтлэлээрээ хүртэж, “Балдорж шагнал”-ын дэд байрыг хоёрантаа гардлаа. 

Түүнчлэн уг шалгаруулалтаас тодруулдаг шилдэг арван бүтээлийн нэгд “Ардын эрх” сонин, NEWS.mn сайтын тоймч З.Боргилмаагийн УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хийсэн ярилцлага шалгарсныг онцолж байна.

Монголын үе үеийн сэтгүүлчид хуран цуглаж, мэргэжлийн бүтээлдээ жинхэнэ мэргэжлийн дүн тавиулдаг уг шагналын анхны шилдгээр “Үндэсний шуудан” сонины тоймч, нэрт сэтгүүлч Б.Ганчимэг тодорч байсан бол дараа жил нь   “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ “Балдорж” шагналын эзэн болж байсан юм. Харин өнгөрсөн жил  сэтгүүлчдийн чанар чансааг мэргэжлийн хүрээнд тодорхойлдог энэ нэр хүндтэй шагналын эзнээр “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгчийн зөвлөх, Монголын нэрт нийтлэлчдийн нэг Жамбалын Гангаа тодорч байсан билээ.

Сэтгүүлзүйн дээд шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй улс төрийн хүрээнийхэн болон соёл урлагийнхан оролцсон юм.

Шилдэг арван бүтээл:

  1. “БАРИМТ” радил цуврал нэвтрүүлэг-Г.Уянга, Ц.Мөнхзул, А.Эрдэнэбат (МҮОНР)
  2. “Хязгааргүй тийш” ярилцлага-Б.Ганчимэг (Үндэсний шуудан)
  3. “Нулимсан дундах Афган” цуврал нийтлэл-Г.Цолмон (Өнөөдөр)
  4. “Туулын заяа, ус уух хувь” нийтлэл Ж.Гангаа (Өдрийн сонин)
  5. “Аляскаас нинжа хүртэлх Бугантынхны алтны мөрөөр” сурвалжлага-Д.Оюун-Эрдэнэ (Өнөөдөр)
  6. “Тамгатай боол” нийтлэл Х.Болормаа (Өнөөдөр)
  7. “Лондон-2012” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнээс хийсэн тайлбар нэвтрүүлэг –С.Шижирбат (ТВ 9)
  8. “Х.Баттулга. ҮЗХ дүгнэх биз” ярилцлага –З.Боргилмаа (Ардын эрх)
  9. “Зеро, Энхбаяр” нийтлэл –Х.Бүрэнтогтох (Үндэсний шуудан)
  10. “Бодит амьдралаас сэдэвлэв” цуврал нийтлэл Ж.Наранжаргал (Өглөөний сонин)
Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж