ХХБ 300 сая ам.долларын бонд олон улсад арилжааллаа

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

ХХБ 300 сая ам.долларын бонд олон улсад арилжааллаа

Худалдаа, хөгжлийн банк 300 сая ам.долларын бонд олон улсад арилжаалж, Монгол улсын хамгийн том банк гэдгээ дахин баталлаа

Монгол улсаас анх удаа олон улсад хоёр удаа дараалан бонд гаргаж, амжилттай борлуулж байсан Худалдаа, хөгжлийн банк гурав дахь удаагаа 300 сая ам.долларын бондоо арилжаалсан нь Монгол улсын арилжааны банкуудын чанар чансааг харуулж, дэлхийн хөрөнгө оруулагчдын өмнө итгэл хүлээж чаддаг гэдгийг нотолсон томоохон баярт үйл явдал боллоо.

Түүх сөхвөл, улсдаа тэргүүлэгч, дэлхийд танигдсан Худалдаа, хөгжлийн банк эх орноосоо анх удаа Европийн дунд хугацааны үнэт цаасны хөтөлбөр хэрэгжүүлж, 2007 онд 75 сая ам.долларын, 2010 онд 150 сая ам.долларын бонд болон 25 сая ам.долларын хоёрдогч өглөг гаргасан нь олон улсын хөрөнгө оруулагчдын эрэлттэй үнэт цаасны нэг болж, Монголын санхүүгийн зах зээлийн түүхэнд тодоос тод бичигдсэн билээ.

ХХБ-ны энэ жилийн 300 сая ам.долларын бондыг худалдан авах захиалгын дүн зарласан хэмжээнээсээ даруй 4 дахин их буюу 1,2 тэрбум ам.долларын захиалга авч чадсан нь үүний томруун нотолгоо болж байгаа юм.

Евро бүсийн эдийн засгийн хүндрэл, Америкийн санхүүгийн таагүй байдал, урд хөршийн эдийн засгийн бодлоготой холбоотойгоор дэлхийн хөрөнгийн зах гацанги байдалтай байсан ч өнгөрөгч долоо хоногийн эхээр эргэн сэргэж, дэлхийн өндөр зэрэглэлийн компаниудын хувьцаа, бондууд арилжаалагдаж эхлэхтэй зэрэгцэн Монгол улсын Худалдаа, хөгжлийн банкны 300 сая ам.долларын бонд арилжаалагдсан нь хөгжиж буй В1 зэрэглэлтэй орны бонд гэдгээрээ онцгой содон үзэгдэл байсныг дурдах хэрэгтэй.

Арилжаалагдсан 300 сая ам.доллар бондын талаар мэдээлэл хүргэхэд, 8,5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай бөгөөд бондын хөрөнгө оруулагчдын 60 хувь нь дэлхийн нэр хүндтэй хөрөнгийн удирдлагын компаниуд, 25 хувь нь дэлхийн томоохон банкууд, үлдсэн 15 хувийг бусад санхүүгийн байгууллагууд бүрдүүлсэн байна. Газар зүйн байрлалын хувьд хөрөнгө оруулагчдын 60 хувь нь Азиас, 40 хувь нь Европ болон Америкийн хөрөнгө оруулагчид байлаа.

Ийнхүү зөвхөн ХХБ-ны нэр хүнд төдийгүй Монгол улсын нэр цуу дэлхийн хөрөнгийн захад цуурайтаж, тэрхүү бондоор орж ирсэн хөрөнгө оруулалт нь манай улсын санхүүжилт, хөрөнгө оруулалт шаардлагатай салбар бүрт урт хугацаат богино хүүт зээл болон санхүүгийн бүхий л хэрэгцээг хангах дотоодын үнэт капитал болж, эдийн засгийн хөгжилд үнэлэшгүй хувь нэмрээ оруулах юм. Түүнчлэн энэхүү үйл явдал нь “ХХБ бол Монголын хамгийн сайн санхүүгийн үзүүлэлттэй, хамгийн том банк” гэдэг нэр хүндийг улам өндөрт өргөн, бататгалаа.  
Бондын арилжааг хамтран зохион байгуулагчаар ажилласан ING, HSBC, Bank of America, TDB капитал зэрэг нэр хүндтэй, чадварлаг хамтрагчиддаа талархал илэрхийлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж