Иргэн Колъя овогтой Пүрэв гэгч нь энэ газарт нийтийн эзэмшлийн усан оргилуур барина гэж анх газрын зөвшөөрөл авсан байна. Гэтэл түр хугацааны дараа 16/24-ийн хэмжээтэй барилгын хамт усан оргилуур барихаар болсон байгаа юм. Үүнийг нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас бас найр тавьж зөвшөөрсөн юм байх. Ингээд л НМХГ-ыг нүдээ аниад сууж байхад барилга нөгөө усан оргилуур нь үйлчилгээний төв болон хувирч 30/24 хэмжээтэй 16 давхар барилга болсон байна. Анх барина гэж амласан усан оргилуурыг Чингэлтэй дүүргийн V хороонд барьж байгуулсан гэнэ. Гэхдээ барилгын компаний бус орон нутгийн төсвөөр шүү. Бас энэ ажилд Чингэлтэй дүүргийн Өмчийн газар хамтарсан нь үнэхээр хачирхалтай.
Уг барилгын гүйцэтгэгч компани гэх “Модун спеакэл” ХХК-ийн захирал Х.Батбилэг, менежер М.Очирпүрэв нар сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийсэн юм. Тэд “Манай компанийн ажилчдын хариуцлага, болгоомжгүй байдлаас болоод хүний амь нас хохирсонд харамсч байна. Хохирогчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Тус барилгатай “Эко констракшн” ХХК холбоогүй. Бид тэднээс зөвхөн бетон зуурмагаа авдаг байсан” гэв. Харин тэд захиалагчаа нууцалсан юм.
Энэ талаар НМХГ-ын албан тушаалтнаас лавлахад “Сонин юм аа, энэ барилгын гүйцэтгэгч нь “MS Build гээд компани байх ёстой. Ямар “Модун спеакэл” ХХК бас гараад ирчихвээ” гээд гайхаж суух юм.
Энэхүү барилгыг 11 давхар болтолоо сүндэрлэж байхад НМХГ-ын байцаагчид юу хийж байсныг НМХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч М.Ням-Очироос тодруулсан юм.
/Тэрээр Нийслэлийн Засаг даргын Удирдах зөвлөлийн хурал дээр “Манайх хариуцлагаа биелүүлээгүй нь үнэн. Ажлаа хийж чадсангүй” гэж учирласан мөртлөө сэтгүүлчдийн нүдэнд дээр бид ажлаа маш сайн хийдэг гэсэн юм. Түүний хуурамч байдалд Э.Бат-Үүл дарга ихэд дургүйцэж харагдсан/.
-Зөвшөөрөлгүй барилгын жагсаалтыг танай байгууллага гаргасан байсан. Гэтэл даваа гаригт осол гаргасан барилга энэ жагсаалтад багтаагүй байх юм?
-Жагсаалтад багтаагүй нь үнэн. Биднээс энэ барилгад 16/24-ийн хэмжээтэй барилгын хамт усан оргилуур барина гэж зөвшөөрөл авсан. Бид зөвшөөрөл өгсөн болохоор нь энэ жагсаалтад оруулаагүй юм.
-Зөвшөөрөлгүйгээр хэмжээ хэтрүүлэн хууль бусаар барилга 11 давхар баригдсан байхад танайхаас юу ч мэдээгүй гэсэн үг үү?
-Бид нийслэлд баригдаж байгаа бүх барилгын хажууд манаад зогсоод байж чадахгүй. Манайх 20 гайруйхан байцаагчтай. Бид ноос ноолуурын үйлдвэр, талх нарийн боов, арьс шир, үйлчилгээний байгууллага гээд бүхий л салбарт шалгалт, хяналт хийдэг. Тиймээс бид үүнийг анзаараагүй. Гэхдээ нэг удаа манай байцаагч тэр барилгыг 250 мянгаар торгож байсан юм билээ.
-Зөвшөөрөлгүй барилга барьсан гээд 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн гэсэн үг үү?
-Үгүй ээ, тэр байцаагч бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан эсэхийг л шалгасан. Ажлын бээлий, малгай хувцас хэрэглэл өмссөн зэргийг шалгасан гсэн үг. Алдаа дутагдал илэрсэн болохоор 250 мянган төгрөгөөр торгож тухайн үедээ зөрчлийг арилгуулсан гэсэн. Тиймээс барилгын хэмжээг анзааргүй байх. Гэхдээ манайхаас тус барилгад энэ сарын 14-нд шалгалт хийсэн. Тэгээд л зөвшөөрөлгүйг нь мэдсэн гэсэн. Эргэн бичиг цаасаа харах шаардлагатай байсан болохоор шууд үйл ажиллагааг нь зогсоогоогүй юм.
-Өөрөөр хэлбэл үүргийн дагуу танайх энэ барилгын үйл ажиллагааг 14-нд зогсоосон бол нэг залуугийн амь эрсдэхгүй байсан гэж ойлгож болох уу?
-Ойлгож болно оо.
Ямартай ч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар замын цаана нүднийх нь өмнө хууль бусаар сүндэрлэж байгаа барилгаа олж хараагүй нь гэж мэлзэж байна. Үүнийхээ тайлбарыг бид цөөхөн ажилтантай, нэг удаа 250 мянган төгрөгөөр торгосон гэхээс өөр хариулт алга. Та мартаагүй байх, энэ сарын 03-нд III эмнэлгийн хажууд баригдаж байсан барилгаас бетон зуурагч машины хошуу 12 настай охин дээр унан амийг нь авч одсон. Мөн энэ сарын 08-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд зүүн талд баригдаж буй Хурд группийн захиалгаар баригдаж байгаа “Рапид харш” орон сууцыг барьж байсан барилгын кран хугарч 26 настай жолооч залуу амиа алдсан. Энэ бол зүгээр л жишээ. Хөдөлмөр, аюулгүй байдлыг хангаагүйгээс 2007 оноос хойш нийт 109 хүн санамсаргүйгээр амиа алдсан байх юм. Гэтэл Нийслэлийн удирдлагууд, барилгын эзэд, Мэргэжлийн хяналтын газрын дархтанууд тоосон шинжгүй, дулаан хөнжилдөө дугжирсаар л байж. Харин одоо л тэднийг сэрээж цаг нь болжээ. Учир нь зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоох талаар өчигдөр Нийслэлийн Засаг даргын Удирдлагуудын зөвлөлийн гишүүд, холбогдох байгууллагын удирдлагууд ээлжит бус хуралдаан зарлаж хаалттай хуралдсан юм. Хурлын дараа Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүлээс дараах асуултад хариулт авлаа.
-Таны бодлоор өчигдрийн осолд хэн буруутай вэ?
-Нийслэлийн Засаг даргын Удирдах зөвлөлөөс энэ сарын 7-нд зөвшөөрөлгүй эхэлсэн барилгуудын үйл ажиллагааг таслан зогсоохыг үүрэгдсэн. Энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, барилгын ажлаа зогсоохгүй байгаа барилгуудад нэмэлтээр арга хэмжээ авч цахилгааныг нь таслах арга хэмжээ авахыг үүрэгдсэн. Гэтэл өнөөдөр энэ захирамжийн биелэлт үнэхээр хангалтгүй байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар үүргээ биелүүлж ажилласангүй.
-НМХГ ажлаа хийж чадаагүй гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав, өнөөдрийн хуралдааны үеэр НМХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч М.Ням-Очир өөрөө үүргээ гүйцэтгэж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Зөвшөөрөлгүй баригдаж байгаа 79 барилгаас 53 барилгад акт бичээд, удирдлагуудаар нь гарын үсэг зуруулсан байна. Харин нөгөө цахилгааныг нь тасалж үйл ажиллагаа явуулахыг нь хязгаарлах үүргийг эс биелүүлэн дөнгөж 14 барилгын цахилгааныг тасалсан байна.
-Ямар учраас цахилгааныг нь таслаагүй юм бол?
-Энэ талаар сая хурал дээр холбогдох албан тушаалтнуудаас асуусан. Гэтэл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжэээний дарга нь хэлэх үггүй л сууж байна лээ. Эдгээр удирдлагуудад хандан “Яг одоо гараад зөвшөөрөлгүй баригдаж байгаа бүх барилгын цахилгааныг таслах” үүрэг өгөөд байна.
-Барилгуудыг арав гаруй давхар болтол нь ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаад байхад холбогдох байгууллагууд үнэхээр анзаарахгүй байна уу? Эсвэл?
-Хөдөлмөрийн аюлгүй байдлыг хангаагүй мөн зөвшөөрөлгүй газар дээр баригдаж байгаа барилгуудыг өөхшүүлэх зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох үүргийг Нийслэлийн Цагдаагийн газрын дарга н.Батжаргалд үүрэг болгосон. Сүүлийн үед барилгын бизнес нь албан тушаалтнуудын зохион байгуулалттай, бизнесийнхний оролцоотой өргөн цар хүрээг хамарсан гэмт хэрэг болон хувираад байгаа юм.
-Барилгуудад ямар арга хэмжээ авах вэ?
-Дахин дахин давтан хэлээд байхад үүргээ биелүүлэхгүй байгаа барилгын компаниудад эрүүгийн болон захиргааны хариуцлага тооцох болно. Өнөөдрөөс эхлэн цахилгааныг нь шууд тасалснаар барилгын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа юм.
-НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхгүй их удсан. Ямар учиртай юм бол?
-Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн хажууд баригдаж байсан зөвшөөрөлгүй эмнэлгийн барилгаас унасан бетон шахагч унаснаас 12 настай охины амь үрэгдсэн. Энэ хэрэгт НМХГ-ын дарга л.Бямбасүрэн тодорхой хэмжээгээр хариуцлага алдсан. Тиймээс түүнийг нь ажлаас чөлөөлөх захирамжийг гаргаад арав гаруй хонисны дараа тэрээр арайхийж суудлаа тавьж өглөө. Үүнийг өөхшүүлсэн хүн бол Шадар сайд Д.Тэрбишдагва буруутай.
-Д.Тэрбишдагва сайд НМХГ-ын даргыг томилгоонд оролцох үндэслэлгүй биз дээ?
-Тиймээ, хуулинд зааснаар Шадар сайд Д.Тэрбишдагва энэ томилгоонд оролцох ямар ч эрхгүй. НМХГ-ын даргын томилгоонд МХЕГ-ын дарга Р.Содхүү болон бид хоёр л оролцох ёстой. Л.Бямбасүрэн хал гээд захирамж гаргасаар байтал НМХГ-аас “Өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөөлөлөв” гэсэн байна лээ. Энэ ямар учиртай болохыг үнэндээ мэдэх юм алга. Уг нь тэр хүн ажлаа хийж чадаагүй, үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Харин ч ажлаас нь халаад л өнгөрч байна.
-НМХГ-ын даргаар хэнийг томилох вэ?
-Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжтилгээний хэлтсийн дарга В.Эрдэнбатыг томилохоор түүний танилцуулгыг хүргүүлсэн. Гэтэл д.тэрбишдагва түүний танилцуулгыг аваад явсан гэнэ. Энэ ажилд Д.Тэрбишдагва оролцох ямар ч эрхгүй.
-МХЕГ-ын дарга Р.Содхүү зөвшөөрөлгүй барилгуудад мэргэжлийн хяналтын газар яадах чинээгээр хяналт тавьж байгаа гэж мэдээлэл хийсэн. Таны бодлоор?
-Би бол хангалтгүй ажиллаж байна гэж бодож байгаа. Гэтэл тэр Р.Содхүү гэгч нөхөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл өгөөд яваад байгаа юм. НМХГ аливаа зөвшөөрөлгүй эхэлсэн, баригдаж байгаа барилгуудын үйл ажиллагааг хянах, түр зогсоох, таслан зогсоох, шаардлагатай бол нураах ч эрхтэй шүү дээ.