iPhone 5-ын нээлт литийн эрэлтийг өсгөв

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

iPhone 5-ын нээлт литийн эрэлтийг өсгөв

“Apple” корпораци шинэ бүтээгдэхүүн iPhone 5-ыг худалдаанд гаргаснаас хойш хай технологийн бүтээгдэхүүний гол түүхий эд литийн эрэлт нэмэгдэж, олборлогч компаниудад таатай нөхцөл бүрдэж байгаа талаар литийн хамгийн том нийлүүлэгч   “Nova Mining Corp” (OTCBB: NVMN)-ы ерөнхийлөгч Жеймс Дилгер ярьсан байна.  Дэлхийд литийн олборлолтоор тэргүүлдэг Чилийн Засгийн газар тус улсын хойд хэсэгт орших литийн асар том ордод хөрөнгө оруулах санал тавьсан гурван том компанийг нэрлэжээ.

Чилийн литийн том ордын стратегийн хөрөнгө оруулагчаар БНСУ-ын “Posco”, “Daewoo International” корпораци болон Японы “Mitsui” корпорацийн хамтарсан “Posco” консорциум болон тус улсын “Sociedad Legal Minera NX UNO de Peine”, Sociedad Quimica y Minera de Chile” зэрэг компаниуд тодорсон байна. Өнгөрсөн долоо хоногоос худалдаанд гарч эхэлсэн “Apple” корпораци шинэ бүтээгдэхүүн iPhone-5 лангуун дээрээс хэдхэн минутын дотор шууран зарагдаж байгаа нь 2007 онд  iPhone анх худалдаанд гарч эхлэх үед дэлгүүрийн гадна урт дараалал үүсч байсан үеийг санагдуулж байгаа юм. Харин энэ  үзэгдэл нь хай технологийн гол түүхий эд лити олборлогчдын магнайг тэнийлгэж байгаа гэнэ.

Гэвч литийн хамгийн том олборлогч Чили улс литийн йон баттерейн үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн Хятадын зах зээлээс хол, дэлхийн нөгөө өнцөгт оршдог. Тэр бүү хэл “Apple” корпорацийн баттерей ханган нийлүүлэгч үйлдвэр нь БНСУ-д байгаа юм. “Nova Mining Corp” (NVMN) эрэлт нь улам нэмэгдэж буй литийг стратегийн түүхий эд гэж харж байгаа бөгөөд энэ том зах зээлд өөрсдийн байр суурийг эзлэхийн тулд нөөц ихтэй, ирээдүйтэй орд газруудыг хайж байгаа аж.

Литийг “Apple”-ын  iPhone, iPad, “Google”-ийн “Nexus 7” таблет болон “Tesla Motor”-ын шинэ цахилгаан машины  удаан эдэлгээтэй баттерейн үйлдвэрлэлд гол түүхий эд болгон ашигладаг.

Харин “Nova Mining” корпораци асар том зах зээлтэй залгаа оршдог Монголоос лити олборлож нийлүүлэх арга замыг судлахаар хамгийн шилдэг менежерүүдийг ажиллуулж байгаа аж. Тэд Монголыг баттерей үйлдвэрлэлийн гол төв БНСУ, Хятад, Японтой төмөр замаар холбох боломжтой гэж үзэж байгаа юм. “Nova Mining Corp”  Монголд литийн төсөл хэрэгжүүлэхээр “Mongolian National Mining Consultants Limited (MNMCL)компанитай 12 тэрбум ам.долларын гэрээ байгуулахаар хэлэлцэж байгаагаас гадна Казакстанд ч мөн литийн хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. “Nova Mining”  нь  АНУ-ын Невада мужид төвтэй корпораци юм байна. “Nova Mining”  Хятадын түүхий эдийн эрэлт эрс нэмэгдэж буй оргил үед цорын ганц, найдвартай ханган нийлүүлэгч болно гэж найдаж байгаа юм байна. Тус корпорацийн ерөнхийлөгч Жеймс Дилгерийн хэлснээр “Nova Mining” Шенженийн баттерей үйлдвэрлэгчдэд лити нийлүүлэх гурван том гэрээ байгуулаад байгаа юм байна. Түүнээс гадна тус корпораци Шенжениэс Хятадын бусад үйлдвэрлэгчидтэй холбосон төмөр замын болон ложистик тээврийн арга замыг судалж байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж