Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Эвлэлийн эсрэгцэл

Үйлдвэрчний эвлэл гэх бай­гууллага үүсээд 95 жил болжээ. Угтаа 95 жилийн өмнө намын үзэл сурталыг хөдөлмөрчдөд сурталдаж, хэрвээ үзэл санаа зөрчилдөөд эхэлбэл ажлаас нь гаргаж нутаг заадаг үүрэг хүлээн байгуулагдсан. Үүнийг илтгэх мэт “Үйлдвэрчний эвлэл бол коммунизмын сургууль мөн” гэсэн сүржин уриа байдаг санагдана.

 Харин 1990 оноос хойш энэ байгууллага ямаршуухан ажил, үүргийн хуваарьтай болсон юм бол. Шинэ засгийн бодлогуудыг уухай хадаан дэмжигч үү, эсвэл хөдөлмөрчдийг амь шигээ хайрладаг “хүмүүс” үү, бүр ажилгүйчүүдэд хайр зарладаг байгууллага уу. Эсвэл эздийн өмнөөс дуугардаг нөхдүүд үү.

Үйлдвэрчний эвлэл гэж чухам юу вэ?

“Гудамжинд тэмцэгчид юм биш үү” гэж нэгэн хүн Facebook хуудсандаа бичжээ. Твиттерээр ч иймэрхүү үгс урсана. “Цалин нэм гэж уриалдаг, хашхирдаг, тэгж байгаад гишүүн болдог байгууллага” гэж зарим нэгэн нь ёжтой тодорхойлж байна. Эвлэл нь өөрөө буруу системтэй болохоор, олонхи ингэж бодохоос ч аргагүй. Мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаанаас илүүтэй цалин нэм, тэтгэвэр нэм гэж тэмцэж, Засгийн газарт шаардах бичиг хүргүүлсэн төдий л сууж байдаг.Ажилчдын ажиллах орчин, цалингийн үечлэл, компанийн зэрэглэл зэргийг энд яриад ч хэрэггүй.
Ерөөс цалин нэмэх тухай бод­соноос өөр ямар нэгэн дэвшилд хүр­сэнгүй 95 жилийг ардаа хийчихэж. Цалин нэм, тэтгэвэр нэм гэж хэдэн бичиг цаас шидилцэж байх хооронд ажиллах орчин, компанийн бодлого ажилчдад нөлөөтэй эсэх, ажилчдын ур чадвар цалинтай уялдаж байгааг хэн ч тоосонгүй. Бүр Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь хүртэл.

Шинэ нийгэмд шинэчлэгдсэн үү?

1989 оноос ардчилсан хөдөлгөөн хүчээ авч байхад хөдөлмөрчдийн байгууллагын хэсэг гишүүд нэгд­сэнээсээ болоод хөөгдөж байлаа. Угтаа ардчилсан хөдөлгөөн нэг их хол явахгүй гэж санацгааж байсан нэгэн нь арьсаа хамгаалахын тулд буцан ирж, нэгдэж байсан гэх мэдээ ч бий. Харин 1990 онд ардчилсан хувьсгал ялсанаас хойш Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хэр зэрэг өөрчлөгдсөнийг тааж үл мэдэх. Огт шинэчлэгдээгүй юу гэвэл үгүй. Хөдөлмөрчдийн төлөө, ажилчдын төлөө дуугарах, Засгийн газарт шаардлага хүргүүлдэг болсон, гэхдээ энэ бол бүр сүүлд шүү дээ.

1990 онд хуралдсан МҮЭ-ийн VI бүгд хурлаар холбооны бүтцийг өөрчлөхгүйгээр тэргүүнийг нь сонгоод өнгөрчээ. Харин 1992 онд МҮЭ-ийн VII бүгд хурлаар бүтцийг нь өөрчилж, холбооны тэргүүнийг ерөнхийлөгч гэж нэрлэж байхаар тогтжээ. Бүтэц бүрэлдэхүүн өөрч­лөгд­сөнөөс хойш 2002 он хүртэл чимээгүй байсан гэхэд болно. Яг л хуучнаараа. Засаг барьж бай­гаа намынхаа талд дуугарсан, гишүү­дийнхээ эрхийг хамгаалах талаар, цалин нэмэх талаар ямар нэгэн зүйл хийлгүй өнгөрч байжээ. 2002-2007 оны хугацаанд цалин тэтгэврийг нэмэгдүүлэх зөвлөл хуралдуулж, засагт анхааруулга, санамж бичиг өгч байсныг нь харвал энэ жилүүдээс л сэргэж эхэлсэн гэж ойлгож болох. Харин санамж бичиг өгч байх хооронд ажилчдын цалин буурч, хөдөлмөрийн гэрээ, хамгаалал хууль, дүрмээ дагахаа больж.

2005-2006 онд гудамжинд тэмцэж, хууль, дүрэм, төр засаг, гишүүд ард түмнийг шулж байна гэж уриа хадааж явсан нэгэн эрхэм Үйлдвэрчний эвлэлийг тэргүүлэхээр болов. Энэ хүн нь С.Ганбаатар бай­жээ. Тэрээр 2007 оноос энэ албан ту­шаалыг хашсанаас хойш өнгөн дээрээ олон зүйлийг хийсэн мэт харагдах. Засгийн газар, ажил олгогчдыг нэгэн ширээний ард удаа дараа дуудаж, засагт шаардлага хүргүүлж, бүр жанж­ны талбайд хүртэл өлсгөлөн зар­лаад амжив. “Бид ганцаардаж байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, өөр бусад төрийн бус байгууллагын ажлыг хийж байгаа. Тэр болгон бидний саналыг хүлээж авах нь ховор. Гэхдээ үүний төлөө тэмцэнэ” гэж хоёр жилийн өмнө С.Ганбаатар хэвлэлд ярилцлага өгч байсан. Тэрбээр 2012 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөж өдгөө нэгэн цагт хонь, чоно шиг байсан хүмүүстэй нэг ордонд суух болов.

Үйлдвэрчний эвлэлийн яруу алдар бадартугай

1927 онд Бүх Монголын үйлд­вэрч­ний эвлэлийн төв зөв­лөл нэр­тэйгээр үүссэн тэр цаг үед 3700 шахуу гишүүнтэй бай­жээ. Нэг ёсондоо нам засгийн бодлого шийдвэр, үзэл сурталыг хэлбэрлэлтгүй даган, хөдөлмөрчин ангид хүргэх МАХН-ын томоохон бүтэц бүрэлдэхүүн нь энэ байлаа. Ажилчин ангийн хөдөлмөрлөх эрхийг нь биш, заавал хийх ёстой гэсэн “мессеж”-ийг суулгаж, намын зорилтыг биелүүлэхийн тулд ажилчид хэрэгтэй гэдгийг тайлбарлаж, хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө үг дуугарсан нэгнийг урвагч, тэрслүү этгээд гэсэн цол өгөн нутаг заадаг байснаараа ажилчдын эрхийг хамгаалах үүрэг тэр бүр байсангүй. Үйлдвэрчний эвлэл гэх толгой байгууллагад нь ийм үүрэг байхгүй учраас ажилчид сайн дураараа биш, шахалт шаардлагаар нэгдэнэ гэсэн үг. Нэгэнт шахалт шаардлагаар нэгдэж байгаа энэ газар нийгмийн гэхээсээ илүү, улс төрийн үзэл амь бөхтэй орших ажээ.

1800-аад оны сүүлээр АНУ-д анхлан үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн хүчээ авч байж. Тухайн үед аж үйлдвэржилт ид хүчээ авч уурхай, хүнд металлийн завод, барилга дээр хүмүүс хэдэн арван мянгаараа ажилладаг байжээ. Үйлдвэрийн хурд, бүтээгдэхүүний чанарт анхаардаг байснаас ажилчдын эрх ашиг хөндөгдөж байсан тэр цаг үед хөдөлмөрийн эрхийг хамгаалах, гэрээ байгуулах, цалин нэмэх, илүү цагаар ажиллуулахгүй байх зэрэг хэд, хэдэн зүйлсийг хөндөж, гудамжинд жагсч байв. Тухайн үеийн засгийн газар үүнийг хүлээж авахгүй байснаас болоод үйлдвэрчний хөдөлгөөнүүд хүчээ авчээ. Энэ бол зөвхөн эхний 30 жилд байсан үйл явдлууд. Харин 1940-1950 оны хооронд үйл ажиллагааны чиглэл огцом эргэсэн гэхэд болно. Гэрээний нөхцөлийг хангаж байна уу, ажилчдын эрхийг хамгаалж байна уу, ажилчдын ажиллах тохь тух хэр зэрэг байна гэдгийг хянаж, компаниудад зэрэглэл тогтоох үйлчилгээ үзүүлдэг болжээ. Ажилгүй иргэдэд ажил олоход тусалж, энэ талаараа төртэй түншилж ажиллаж эхлэв. Гэтэл 1980-аад оноос зарим нэг өөрчлөлт оров. Компанийн нийгмийн хариуцлага тухайн хүний хүсэл зориг, санал санаачилгад таарч байна уу, цалингийн шатлал, ажилчдын ажлын бүтээмжид хэр зэрэг нөлөөлж байна гэдгийг судладаг мэргэжлийн байгууллага тал руугаа хөгжиж улам боловсронгуй болсон байна. Харин Монголд шинэчлэлт өнөөг хүртэл үнэртэхгүй л байна .

Эцэст нь Үйлдвэрчний эвлэлийн яруу алдарт 95 жилийн ойн мэндийг хүргэе. Гэхдээ ажил эрхлэгчдийн байдалд ухамсартайгаар хандаж, илүү мэргэжлийн шинж чанартай болох  хэрэгтэй болсон гэдгийг тэдэнд сануулахад илүүдэхгүй байх.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж