Арлын төлөөх маргаанаас болж япончууд үйлдвэрүүдээ хаажээ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Арлын төлөөх маргаанаас болж япончууд үйлдвэрүүдээ хаажээ

Гэр ахуйн техник болон цахим төхөөрөмжийн Canon ба Panasonic-ийн үйлдвэрлэгчид Хятад дахь зарим үйлдвэрийн ажиллагаагаа түр зогсоогоод байна. Тодруулбал, Зүүн Хятадын тэнгис дэх Дяоюйтай (япон нэр нь Сенкаку) арлуудын төлөөх газар нутгийн маргааны улмаас Японы компаниуд үйлдвэрлэлээ зогсоох шийдвэр гаргажээ.

Agence France-Presse дамжуулснаар, Panasonic нэг үйлдвэрээ бүрэн хааж, хоёр ч үйлдвэрийнхээ ажиллагааг хэсэгчлэн зогсоожээ. Эсэргүүцэл гаргаж буй хятадууд үйлдвэрийн газар эвдлэн сүйтгэх  үйлдэл хийсний улмаас ийм арга хэмжээг авч байна. Canon компани гурван үйлдвэрээ хаагаад байгаа ажээ.

Учруулсан хохирлын бүрэн тооллого хийсний дараа үйлдвэрүүдийн ажлыг сэргээх гэнэ. Honda Хятад дахь салбарынхаа ажиллагааг энэ 18-наас эхлэн хоёр хоног зогсоогоод байна. Японы хувцасны дэлгүүрийн Uniqlo сүлжээ худалдааны долоон цэгт дэлгүүрээ хаасан ба өөр 19 дэлгүүрийг мягмар гаригаас хаажээ.

Хятадад гарч буй үймээний улмаас япончуудтай хамтарсан орон нутгийн компаниудын хувьцааны үнэ зах зээлд эрс унав. Тухайлбал, Toyota ба Honda компаниудын түнш Guangzhou Automobile Group компанийн үнэт цаас зургаан хувиар, Sanyo Electric-ийн түнш Hefei Rongshida  гэх хамтарсан үйлдвэрийн хувьцаа гурван хувиар тус тус унажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж