”Би дур мэдэн мөнгө тараасан бол шоронд сууна шүү дээ”

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

”Би дур мэдэн мөнгө тараасан бол шоронд сууна шүү дээ”

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2012 оны Төсвийн тодотголыг баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2012 оны төсвийн тодотголын төслийг баталлаа. Энэ удаагийн төсвийн тодотголыг их танаж, хассан гэсэн байр суурийг илэрхийлж байгаа?

-Энэ удаагийн төсвийн тодотголын төслийг хоёр үндэслэл дээр тулгуурлаж байгаа гэж ойлгосон. Тавантолгойн гэрээнээс төвлөрүүлэх ёстой хөрөнгөөс нэг их наяд төгрөг дутсан. Мөн Засгийн газрын бүтэцтэй холбоотойгоор тодотгол хийнэ гэж ойлгосон. Харамсалтай нь энэ хоёроос өөр зүйлүүд ороод ирсэн. Тухайлбал, хүүхдийн мөнгийг олгоё  гэж шинэ орлогын эх үүсвэр бий болгосон. Нөгөө талаас энэ мөнгийг олгох зорилгоор 300 орчим тэрбум төгрөгийг хасах, танах байдлаар төсвийг баталлаа. Өнгөрсөн жил төсөв батлахдаа алдагдлыг  дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувь байхаар баталсан. Энэ удаагийн тодотголоор 4,8 хувь болчихсон. Үүнээс харахад төсөв танагдсан байна уу, үгүй юу гэдгийг ард түмэн маань бодох байх.

-Тэгэхээр төсвийг танахаас илүү нэмэгдүүлсэн гэж та үзэж байна уу. Төсвийн тодотголын төслийг харж байхад сайдын багц, яамны багц, агентлагийн багцийн алинд  нь илүү таналт хийсэн байна вэ?

-Нэг л зүйл хэлэхэд Засгийн газрын яамдын бүтэц 30 хувь нэмэгдсэн. Ийм үед төсөв хасагдах уу. Хасагдсан уу гэвэл үгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын төсөв 30 хувиар буюу 4-5 тэрбум төгрөгөөр  нэмэгдсэн гэж ойлгож болно. Цаашид агентлагуудийн зардлыг дотор нь зохион байгуулалтын өөрчлөлт хийгээд том дүнгээр авч үзээд ямар төсөв гарахыг бид нар ажиглаж байна. Манай нам эрх баригч нам байж үзсэн, ямар ч нөхцөлд эрх баригч нам өөрсдийн төсвийг төдийлөн хасдаггүй юм. Болж өгвөл нэмэхийг зорьдог. Энэ байдал эрх баригчдын гэм биш зан. Зөвхөн Ардчилсан намд ч бус МАН-д ч байсан. Аль болохоор зардал мөнгийг түлхүү байдлаар нэмэх л хүсэл байдаг. Тиймээс өнөөдрийн эдийн засгийн хямрал явагдаад байгаа энэ үед үргүй зардлаа багасгах учиртай. Хэн нэгнийг буруутгаж, өмнөх ажлыг ярихаас илүү одоо хэн нэгэнд бурууг чихэхээс илүү боломжийг харж ажиллах ёстой. Зөв өнцгөөс нь аливаа зүйлийг харж ажиллаасай гэж энэ Засгийн газраас хүсч байгаа юм.

-Иргэн бүрт 21 мянган төгрөг олгох төсвийг өнгөрсөн жилийн төсөвт суулгасан. Гэтэл энэ мөнгөө авч чадаагүй иргэдэд олгох мөнгө байхгүй гэдэг тайлбарийг өгөөд буй?

-Хүний хөгжил сангийн мөнгийг өнгөрсөн онд төсөвлөөд долдугаар сарын 1-ээр тасалбар болох ёстой байсан. 2012 оны төсвийн мөнгө долдугаар сарын 1-ээр дуусгавар болсон. Үүний дараа сонгуулийн ажлаар орон нутагт явж байхад олон шүүмжлэл ирсэн. Тухайлбал, Дархан-Уул аймагт 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэд олон байсан. Бид 2,7 сая иргэн бүрт 21 мянган төгрөгийг тараахаар төлөвлөсөн байсан ч мөнгөө аваагүй иргэдийн мөнгө дууссан гэдэг нь мөнгө тараалтын процесст алдаа гарсан юм биш биздээ гэсэн асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл, нэг газар нь хүн амын тооноос илүү мөнгө хуваарилаад нөгөө мөнгө нь нэг газар төвлөрсөн, давхардаж тараасан зөрчил үүссэн байж болзошгүй гэж бид нарийн судалгааг гаргаж үзэх ёстой. Ингээд нягталж үзээд үнэхээр 21 мянган төгрөгөө аваагүй бол яах аргагүй тэр мөнгийг нь 2013 оны төсөвт суулгаж иргэн бүрт өгөх ёстой. Монгол Улсын иргэн бүрт 1,5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар  олгох ёстой гэж хуулиар заасан учраас энэ мөнгийг олгох ёстой. Бэлэн болон бэлэн бусаар олгох 1.5 сая төгрөгийн 500 мянгыг нь бид бэлнээр буюу 21 мянган төгрөг тараасан. Иргэнд бүрт олгох ёстой гээд төсөвт мөнгө байхгүй гээд сууж болохгүй. Аваагүй иргэд байгаа бол үүнийг нь УИХ-аар ярилцаж байгаад олгох нь зүйтэй юм. 

-Таныг Сангийн сайд байхдаа төсвийн мөнгийг дур мэдэн өөрийн тойрогтоо тараасан гэх шүүмжлэл гараад байсан. Тухайлбал, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийг өөрийн тойрогтоо бүтнээр нь тараасан гээд?

-Тийм яриаг би сонссон. Улсын төсөв гэдэг өөрөө хуультай. 2012 оны УИХ-ын, Монгол Улсын төсөв зэргийг хуульчлаад баталчихдаг. Сангийн сайдад хуулиас давсан эрх гэж байдаггүй. Би Дархан-Уул аймагт очоод бүх зүйлийг санхүүжүүлээд, өөрийн дураар түүнийг нь зарцуулаад явна гэсэн зүйл байхгүй. Сангийн сайд  улсын дансыг улайтал нь зөөгөөд байна гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Хэрэв би мөнгө дур мэдэн тараасан бол хууль зөрчсөн болж, хариуцлага хүлээж, шоронд сууна шүү дээ. Би орон нутгийн байгууллагад энэ төсөв санхүүтэй хориод жил зууралдсан хүн. Тиймээс би энэ яриаг улстөржүүлсэн яриа гэж хүлээж авч байгаа. Мөн Дархан-Уул аймагт 21 мянган төгрөг аваагүй маш олон иргэд байгаа. Хэн нэгэн дур мэдэн тараасан гэж ярихаас илүү шалгаж, нягталж үзээд УИХ-аар шийдвэрлэх ёстой. Хэрэв Дархан-Уул аймагт 10 хүн 21 мянган төгрөгөө аваагүй байхад нь би тэр мөнгийг нь аваачиж өгвөл хууль зөрчсөн үйлдэл болно. Хамгийн гол нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 21 мянган төгрөгийг иргэдэд тараасан бол энэ нь хууль зөрчсөн болох ёстой юм. Архангай, Дундговь, Дархан-Уул аймагт тараасан. Эрдэнэт үйлдвэрээс орж ирсэн санхүүжилтийн мөнгөнөөс үлдсэн мөнгийг яаж зарцуулах вэ гэж байсан. Засгийн газраас  ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараах мөнгийг боломжтой бол бөөнөөр нь тараах, боломжгүй бол хэсэгчлэн хувааж олгоно гэсэн байсан. Үүний дагуу Эрдэнэт үйлдвэрээс орж ирсэн мөнгийг эхнээс нь буюу энэ гурван аймагт бүтнээр нь тараая гэж Сангийн яамны газрын дарга нартай ярилцаж байгаад шийдвэрлэсэн. Эхний гурван аймагт өгсөн учраас одоо дараагийн аймгуудад олгох ёстой. Үүнийг эрх мэдлээ ашиглан мөнгө тараасан гэж яриад байгаа.

-Шинэ Сангийн сайд ажлаа хүлээж аваад Сонгуулийн жилтэй холбогдуулан маш их зарлага гарсан байна. Санхүүгийн байдал хүнд байна гэсэн. Сангийн сайдын албыг хүлээлгэж өгөхөд байдал ямар байсан бэ?

-Сангий сайд Ч.Улаан маш зөв тодорхойлсон байсан. Энэ хүний ярьсныг зарим хүн буруугаар ашиглаж, хуучин сангийн сайд данс хоосруулсан гэсэн байдлаар улстөржүүлээд байгаа. Сангийн сайд батлагдсан төсвийнхээ хүрээнд л мөнгө төсөвлөн гаргадаг. УИХ-аар баталж, оруулж ирсэн мөнгийг хуваарилах, төвлөрүүлэлтийг нь бүрдүүлээд хуваарилалт хийдэг. Сонгуулийн жил гээд хуучин гишүүд бүгд Сангийн яаманд ханддаг.  Санхүүжилт дутуу байна, ийм ч төсөл гээд их ханддаг. Сангийн сайд байсны хувьд бололцоотой бүх арга хэмжээг авч байсан. Гэхдээ хүн бүрийн асуудлыг гүйцэлдүүлэх боломж байгаагүй, төсөв бүрдүүлэлт дутуу байсан учраас. Монголын төсөв улирлын чанартай байдаг. Ер нь бол сүүлийн хагас жил төвлөрүүлэлт бүрддэг. Энэ оны зургадугаар сард сонгууль болсон, дээрээс нь дэлхий нийтийн санхүүгийн хямрал, Тавантолгойн гэрээ хэлцэлийг хийж чадаагүй гээд энэ бүхэн Монгол Улсын орлогод маш ихээр нөлөөлж, тасалдаж, улсын төсвийн данс 400 гаруй тэрбум төгрөгөөр улайсан.  Гэхдээ Орон нутгийн хөрөнгө оруулалтын данс, нийгмийн даатгалын сан  зэргийг бүхэлд нь авч үзэхэд, баталсан төсөвтэйгээ харьцуулахад нэмэхтэй гарч байгаа юм. Улс маань бүхэлдээ данс хоосорсон юм биш ер нь бол бүхэлдээ хүндхэн байна гэдэг утгаар нь хэлж байгаа юм. Хүний хөгжил сангийн мөнгө хүндрэлтэй байсан нь үнэн. Намайг Сангийн сайдын ажлыг авч байхад ч мөн хүндрэлтэй байсан. Хүний хөгжил сангийн мөнгийг авахдаа Тавантолгой, Монголбанк, Эрдэнэт үйлдвэрээс урьдчилгаа  зээл авч иргэдэд мөнгө тараадаг байсан. Цаашдаа ч гэсэн энэ Засгийн газар ийм зарчмаар л явна. Мэдээж Хүний хөгжил сан, Тогтворжуулалтын санд орох мөнгийг төвлөрүүлэх үүргийг татвар, гааль, Сангийн яам хүлээж байгаа.  Гэхдээ дэлхийн нийтийн эдийн засгийн хямрал үнэхээр хүнд байгааг эрх баригчид сая төсвийн тодотголыг батлахдаа умартчихлаа.

-Учирч болзошгүй эрсдэлийг тооцолгүйгээр Төсвийн тодотголыг баталсан гэж үү?

-Уг нь тодотголыг зөв хийгээд, өөрсөддөө таналт хийгээд шинээр зардал нэмэгдүүлэлгүйгээр зардлаа тодорхой түвшинд хасаад төсвийн алдагдлыг хоёр хувьд нь багтаасан бол  хэрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, цаашдын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд төсвийн зардлыг тооцож батлах ёстой байсан. Эдийн засгийн боломжийг тэгж л харах байсан. Гэвч эдийн засгийн хямралыг умартаж, бүтэц, бүрэлдэхүүнд нэмэлт хийж, 30 хувиар нэмэгдүүлээд, зардлыг ерөөсөө танасангүй.

-Таныг 2700 багш, ажилчдыг ажилгүй болгох журам баталсан. Боловсрол, шинжлэх ухааны сайд ажлаа хүлээлгэж өгөхийн өмнө албан хүчээр ийм журам гаргасан гэж яриад байгаа?

-Энэ асуудал дээр хэтэрхий улстөржөөд байна. Монгол Улсын 2012 оны төсвийн хууль батлагдсан. Төсвийн хуулинд төсөвт байгууллагын норм, норматив, орон тооны зардлыг Сангий сайдын тушаалаар батлахаар оруулсан байгаа. Тийм учраас орон нутагт эрх нь шилжиж байгаа энэ салбарынхаа норм, норматив, орон тоог батлах тухай ярилцаад Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ярилцаж байгаад боловсролын салбарын  орон тоог бууруулах журам баталсан. Сангийн яам журам гаргачихаад энэ нь болохгүй байна үүнийг больё гэж яриад байвал журам гаргах шаардлага байхгүй. Энд хоёр зөрүүтэй тоо яригдаж байгаа. 1015, 2700 хүн ажилгүй болно гэж яриад байгаа. Ямар ч салбар өөрийнхөө орон тоо бүтэц, бүрэлдэхүүнийг том чигээр нь авч үлдэх сонирхол байдаг. Монгол Улсын төсөв хэтэрхий том, үрэлгэн зарлага ихтэй болчихсон. Энэ журмыг энэ их зарлагыг багасгах, орон тоог багасгах талаас нь хандсан юм. Гэхдээ энэ журам үнэхээр алдаатай, оноотой зүйл гарсан гэхийг үгүйсгэхгүй. Би өөрийгөө болон Сангийн яамны ажилчдыг өмөөрөхгүй. Шинэ сайд нь “МАН-ын хийсэн балгийг арилгаж байна” гэсэн утгатай зүйл ярьсан байсан. Гэхдээ энэ үгийг амнаас нь би сонсоогүй. Хэрэв ингэж хэлсэн бол би их харамсч байна. Энэ бол хууль биш журам. Үнэхээр алдаа оноотой байвал хүчингүй болгоод өөрчилж болно.  Манайхан ер нь жижиг зүйлийг маш том болгодог болсон байна.

-Энэ нь юу гэсэн үг вэ, улстөрийн хувьд уу. Асуудлыг улстөржүүлээд байна гэсэн үг үү?

-Ерөөсөө жижиг асуудлыг маш том болгож хараад, түүнийгээ улстөрийн өнцгөөс нь харах байдал үүсээд байна. Үүнд би харамсч байгаа юм. Намайг хулгайч, луйварчин гэж бичихэд би эмзэглэхгүй. Ганцхан ажил төрөл үнэн зөв, бодитой амьдралд хийцтэй яваасай гэдэг талаас нь би хардаг. Өөрөөр хэлбэл, тэр журам үнэхээр амьдралаас  гажууд юм бол үүнийг нь Сангийн сайд нь засч, залруулаад явах боломжтой.

Э.ГЭРЭЛТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж