Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

“Онцгой нэгэн“. Хөлбөмбөгийн ертөнцөд бусдаас онцгой зан авир, сонин, содон арга барилаараа онцгойрдог Жосе Муриньёог ярих гэсэнгүй. Кино урлагын ертөнцөд өөрийн сонин содон арга барил, киноны өгүүлэмж, найруулгын техник, өгүүлж буй санаагаараа ялгардаг эрхэмийг танилцуулах гэсэн юм. Тэр бол Квинтин Тарантино. /Онцгой нэгэн гэх нэрийг өөрийн зүгээс толгой мэдэн өгөв/

Холливудад олон төрлийн кино гардаг ч эдгээрээс Квинтины киног төвөггүй олж болно. Учир нь тэр бусад найруулагчдаас тэс хөндлөн утга санаа бүхий үгсээр киногоо нэрлэдэг. Inglouriuos Basterds буюу “Хараал идсэн новшнууд”, “Kill Bill” буюу “Биллийг устга” зэрэг сонин нэрээрээ хүмүүсийн сонирхлыг татаад эхэлнэ. Гэхдээ тэр зөвхөн нэрээрээ ялгарахыг хүссэнгүй. Кино зохиолын өвөрмөц санаа, найруулгын ур маягаараа өрнө болоод дорны найруулагчдаас эрс ялгарна. Биллийг устга кинонд ашигласан найруулгын арга хэлбэр нь Япон болон Солонгосын найруулагчдын арга техникыг ашигласан байх бөгөөд зарим нэгэн хэв маягийг нэмж оруулжээ. Ийнхүү тэрээр өөрийн гэсэн арга техниктэй болсон төдийгүй дараа, дараагийн залуусын санаа авах бүтээлүүдийг туурвиж үлдээсээр байна. Квинтин Тарантино Оскарын наадмын нэг, Алтан бөмбөрцөг наадмын нэг, БАФТА-ийн хоёр удаагийн шагналтай найруулагч билээ.

Квинтин Жером Тарантино 1963 оны гуравдугаар сарын 27-нд АНУ-ын Теннеси мужийн Ноксвилл хотод сайн дурын уран сайханч Тони Тарантино, Конни Маккю нарын гэр бүлд цорын ганц хүүхэд нь болж мэндэлжээ. Түүний аав нь Итали гаралтай, ээж нь харин Ирланд-Широки индиан гаралтай байжээ. Квинтинийг 4 нас хүрдэг жил нь гэр бүлээрээ Калифорниа руу нүүсэн байна. Түүнд бага байхад эмэг эх нь үлгэр ярьж өгдөг байсан төдийгүй Жон Вейний кинонуудыг ярьж өгдөг байж. Тийм ч учраас бага байхдаа үлгэр яриулах дуртай болсон аж. “Тэр надад Ээж нарын баярын түүх нэртэй жижигхэн өгүүллэг зохиосноо уншиж өгч байсан. Бичиж чадахгүй болохоор ярьж өгсөн нь тэр л дээ. Гэхдээ үйл явдалыг нь сонсоод айдас төрөх шиг болсон. Тийм жаахан хүүхдээс яагаад ийм хүнд сэдэв төрдөг байна гэж их гайхсан. Тэгээд сүүлд нь тэр надад “Энэ бол зүгээр л үлгэр та бол энэ хорвоогийн хамгийн сайн ээж” гэж хэлээд үнсэж билээ”  гэж Ээж нь сүүлд дурсаж байжээ.

Кино ертөнцөд…

Түүний анхны бүтээлүүд ихэвчлэн кино зохиол байлаа. 1993 онд “True Romance” киноны зохиолыг, 1994 онд “Natural born killers” киноны эх зохиолыг бичиж кино урлагт анх хөл тавьжээ. Түүний эхний бүтээлүүдийг мэргэжилтнүүд магтаалаар өлгийдөн авсан юм. “Natural born killers” кинонд Жр. Роберт Дауни-г тоглуулсан нь амжилт олж, амжилтынх нь гарааг татжээ. “Түүний анхны бүтээлүүд маш сонин байсан. Би олон хүний анхны бүтээлийг мэднэ. Гэхдээ надад онцгой сэтгэгдэл төрүүлж байсан нь ховор” гэж кино шүүмжлэгч Сюзен О’Коннор ярьжээ. 1990 оноос тэрээр үндэсний кино урлагийн архиваас хуучны кинонуудыг үзэж, найруулга болоод зохиолын ур маягийг судлан тэмдэглэл хөтөлж эхэлсэн байна. Ингэж явсаар тэрээр “True Romance” киноныхоо санааг олж, бичиж эхэлсэн гэдэг. Удалгүй тэрээр тухайн үедээ 4-5 кино найруулаад байсан Тони Скоттод хандан кино зохиолынхоо эх хувийг үзүүлсэн байна. Квинтиний бичсэн зохиол ч Скоттод таалагдаж, кино хийхээр болж гэрээнд гарын үсэг зурцгаажээ.

Дээр дурьдсан хоёр киног гаргахаас өмнө тэрээр “Reservoir Dogs” киног найруулсан юм. 1,5 сая долларын төсөвтэй хийгдэж, АНУ болон Хойд Америкын кино театруудаас 14,5 сая долларын ашиг олжээ. Хамгийн анхных нь кино гэхэд муугүй үзүүлэлт. Гэхдээ тэр энэ кинондоо найруулагчийн тал дээр дутуу ажилласан гэж үздэг. “Тухайн үед хурдхан шиг л өөрийн нэрийг кино театрын дэлгэцэн дээр гаргахыг хүсч байсан. Хүсэлдээ тэгж их хөтлөгдсөн болохоор найруулгийн сонин содон, чамин зүйлсийг хийж чадаагүй. Гэхдээ энэ кино надад маш том сургууль болсон. Тэгээд ч энэ киноноос хойш 5-6 жил кино найруулаагүй юм” гэж Квинтин хожимоо дурссан байна. Энэ киног бүтээхэд түүнд мөнгө хараахан байсангүй. Тиймээс продюсерээр ажиллахыг Лоренс Бендерээс гуйсан юм. Үүнээс Лоренс, Тарантиногийн хийсэн олон кинонд продюсерээр ажилласан байдаг. Маш олон хоног хүлээлгэсний эцэст тэрээр зөвшөөрч киноны ажилдаа эргэлт буцалтгүй оржээ. Энэ киноны гол дүрүүдийн нэг Харви Китл “Би хэзээ ч ийм дүрд тоглож байгаагүй. Ийм өвөрцөм зан авиртай хүний тухай ч уншиж байсангүй. Ямар ч байсан би энэ дүрийг гаргах гэж маш олон хоног нервтэй байснаа л санадаг” гэж Вашингтон Пост сонинд ярьжээ. Энэ кинонд тэр өөрөө ч жижиг дүрд тоглосон байдаг. Энэ киногоороо Sundance кино наадамд оролцож байсан удаатай. Гэхдээ энэ киног шүүмжлэгчид цөөнгүй. Үүнийг 1970-1980 оны гэмт хэргийн драмуудтай төстэй болсон гэцгээснээс гадна, кино зохиолыг хэтэрхий авцалдаагүй, өрнөл хэсэг уйтгартай гэж хэлэх хүмүүс ч багагүй байсан гэдэг. Гэхдээ энэ кино Холливудын гол ярианы сэдэв болсон төдийгүй Тарантино гэх нэрийг олонд хүргэж чадсан билээ. Түүний эл бүтээл одоо ч кино прокатад байдаг бөгөөд үүгээрээ чамгүй ашиг олсон кино юм.

Амжилтын гараа…

“Pulp Fiction”. Энэ бол Тарантино амжилтын гараа төдийгүй өнөөг хүртэл хийсэн олон киноны оргил нь юм. Үүнийг орчин цагийн Холливудын киноны ноён оргил ч гэж нэрлэх нь бий. Энэ кино нийтдээ 7 хэсгээс бүрдэнэ. Өөр хоорондоо төдийлөн адилгүй энэ 7 хэсэг нэг л зүйлээрээ зангидагдана. Энэ бол хүчирхийлэл, зэр зэвсэг, садар самуун юм. Тухайн үедээ адал явдалт, уран зөгнөлт санаа хүчээ аваад байсан ч энэ кино хэний ч хөндөөгүй сэдвийг долоон удаа хөндсөн нь нийгмийг цочроосон билээ. Энэхүү киноны далд санааг Библийн долоон нүгэлтэй ч холбон ойлгож болох талтай. Хэсгээс хэсэг рүү шилжихэд хар дэвсгэр дээр нэршилүүдийг бичсэн нь бас л нүгэл, хар бараан, сүүдэр гэсэн утгыг илэрхийлэх мэт ажээ. Тэрээр энэ киноны зохиолыг Рожер Аваритай хамтран бичсэн бөгөөд хожим нь Рожер “Түүнтэй ажиллах их өвөрмөц сэтгэгдэлийг надад үлдээсэн. Ажилдаа хэтэрхий орсон үед нь түүнтэй харьцвал маш их уурладаг. Бид хоёр зохиолоосоо болоод хэрэлдэж, барилцаж ч байсан тохиолдол бий” гэж ярьжээ. Чухамхүү энэ киноны хийцээс санаа авч “Sin city” кино дэлгэцнээ амилсан билээ. “Pulp Fiction”-г  мөн л Лоренс Бендер продюсерлэсэн бөгөөд 8,5 сая долларын төсвөөр бүтжээ. Гэхдээ дэлхий дахинаас нийт 300 гаруй сая долларын ашиг олсон байна. “Pulp Fiction” киног найруулагчийн ангидаа үзүүлдэг олон кино урлагын сургууль байдгын нэг нь Индианагийн их сургууль юм. Үүнийг мэргэжлийн ангиуддаа үзүүлдэг олон сургууль байдгыг дурьдах хэрэгтэй. Энэ киноны аяз болон дуунуудыг нэгтгэсэн цомог биллбордын шилдэг 200 цомгын 21 дүгээр байранд жагсч багагүй ашиг олж байсан удаатай. Мөн 1994 оны Канны кино наадмын алтан далдуу модны навчаар шагнуулж байсан бүтээл юм.

Гэрэл, сүүдэр…

Тарантиног шүүмжлэгчид, шүтэн бишрэгчдээсээ дутуугүй их байдаг. Түүний бүтээлд хүчирхийлэл, бохир үг хэллэг, секс, хар тамхи их дурьдагддаг болохоор шүүмжлэгчдийн армийг тэлсэн ч байж болох. Эдгээрийн нэг нь найруулагч Оливер Стоун юм. Оливер түүний “Natural born killers” киноны зохиолыг дахин бичиж, найруулагч болоод жүжигчдийг нь солиод хэн нэгэнд, магадгүй надад өгвөл би маш сайхан кино болгож чадна гэж хэлж байсан удаатай. “Тэр энэ киногоо Лос Анжелесийн нэг ресторанд нэг шил шарз тавьчихаад бичсэн байж магадгүй юм” гэж Оливер ярьж байжээ.

1995 онд дэлгэцнээ амилсан дөрвөн хэсгээс бүрдэх “Four Rooms” нэртэй киног Аллисон Андерс, Александр Роквелл, Роберт Родригез нарын найруулагчидтай хамтран бүтээжээ. Энэ бүтээл кино зах зээлээс төдийлөн ашиг олсонгүй. Шүүмжлэгчдийн хүрээллийг ч маш их хэмжээгээр нэмж орхисон юм. “Нэг сэдвээ давтах юм, дахиж ийм юм тавьбал хэн ч үзэхгүй” гээд киноны “А” үсэг заалгасан амтай болгон муулж эхлэв. 1996 онд бүтээсэн “Dusk till down” кино ч амжилт олоогүйгээр барахгүй, “Алтан бөөрөлзгөнө” анти наадамд төрөл болгонд нь нэр дэвшсэн юм. 1997 онд бүтээсэн “Жеки Браун” кино ч амжилтыг эс олов. Түүнийг 1977 онд бүтээсэн “Foxy Brown” киноны санааг хулгайлсан, жүжигчдын багийг ч тэр кинотой адилтган сонгосон зэргээр муулж эхлэв. Жил дараалан гарсан энэ гурван киногоор Нью-Йорк Таймс сонин шүүмжлэлийн бүтэн нэг нүүрээ зориулж байсан удаатай. “Би энэ үеийг дурсах дуртай. Кино шүүмжлэгчид, мэргэжилтнүүд, найруулагчид, үзэгчид бүгдээрээ энэ гурван киноны тухай маргалдаж, мэтгэлцэж байгаа нь надад таатай байдаг. Үнэндээ шүүмжлэл гарна гэдгийг би мэдэж байсан. Одоо ч хүртэл энэ кинонуудын тухай ярьдаг. Тэр болгонд нь би инээмсэглээд  л өнгөрдөг” гэж 2004 онд CNN-д өгсөн ярилцлагадаа дурссан байна.

Амтай болгоны шүүмжлэлд даруулсан тэрээр өвөрмөц сэтгэлгээтэй жүжигчдийг хайж АНУ даяарх бүх театрыг хэссэн гэхэд болно. Гэхдээ тэр Бродвейд асар их хугацааг өнгөрөөж зарим нэг жүжигчдэд албан бусаар санал тавиад байжээ. “Би дэлгэцэнд гараад сурчихсан хүмүүсийг биш тэр болгон олны нүдэнд өртөөд байдаггүй жүжигчдийг кинондоо тоглуулахыг хичээж эхэлсэн. Яахав гол дүрийг зарим олны танил хүмүүст өгч болох ч туслах дүрүүдийг театрын жүжигчдэд өгвөл кино илүү амь ороод байгаа юм шиг санагддаг” гэж Тарантино хожим  нь дурссан байна. Тэрээр мөн судалгаанд асар их цагийг зарцуулжээ. Конгрессийн номын сангийн байнгын үйчлүүлэгч нь байсан тухай зарим нэг хүмүүс дурссан байдаг. Мөн дэлхийн хоёрдугаар дайны үеийн баримтат уран сайхны кинонуудыг ч ихээр сонирхох болсон байна. Энэ нь Холливудад нэр алдрын хамт дахин ирэх гүүр нь болсон юм.

Биллийг устга

Дайны тухай хүнд сэдвүүдийг судалж байхдаа тэрээр “Биллийг устга” киноныхоо анхны санааг бодож олсон байна. Тэрээр энэ кинон дээр бараг хоёр жилийн хугацаанд ажиллажээ. Үүний эцэст 2000 оны эхээр өмнө нь хамтран ажиллаж байсан Ума Турманд шинэ кинондоо тоглохыг урьсан байна. Тэрээр 2000 оны Оскарын наадмын хүлээн авалтын үеэр Уматай уулзаж, шинэ киноныхоо хар зургийг ярьж өгчээ. Оскарын хүлээн авалт дууссаны дараа бага зэрэг халамцсан Ума Турман түүнд шинэ кинонд нь тоглохыг зөвшөөрсөн тухайгаа хэлсэн гэдэг. Тэрээр энэхүү киног хийхийн тулд дахин хэдэн сарыг зарцуулсан бөгөөд энэ хугацаанд Японы Окинава арал дээр зэр зэвсэг, дайны урлагын тухай судалж киноны зохиолыг бүрэн дуусгажээ. Энэ кино шүүмжлэгчдээс шүүмжлэлийн үгийг тэр болгон сонссонгүй. Бүгд магтаалын үг хэлж Уман Турманы нэр хүнд ч асар их хэмжээгээр өсөв. Нэг хэсэг нэр хүндгүй болоод байсан Тарантиног ч энэ кино нь аварчээ. Хойд Америкийн зах зээлээс энэ кино 180 сая долларын ашиг цуглуулсан байна. Тэрээр эл бүтээлийнхээ зохиолыг анхнаасаа хоёр ангитай байхаар төлөвлөсөн бөгөөд хоёр ангийн зураг авалтыг нэг дор эхлүүлсэн ажээ. Хоёр дахь анги нь 152 сая долларыг олсон байна. Тухайн үед энэ киног жилийн хамгийн шилдэг 10 киноны нэгд оруулж, өргөмжлөл өгч байсан баримт бий.

Төгсгөлийн оронд…

Маш их амжилтыг дагуулсан Биллийг устга цуврал киноны дараа Crime Scene Investigation  цуврал киноны багийнхан 20 гаруй ангийн найруулгыг хийх саналыг тавьж Тарантино түүнийг нь дуртайяа зөвшөөрсөн байна. Энэхүү уран бүтээлээрээ 2005 оны Эммигийн ёслолын ажиллагаанд нэр дэвшиж байсан удаатай. 2007 онд тус бүр нь гурван хэсгээс бүрдсэн хоёр киноны нийлэмж болох Grindhouse киног дэлгэцэнд гаргалаа. Энэхүү санаа нь ч тухайн үедээ шинэлэг байсан бөгөөд жүжигчдийн багийг ч маш шинэлэг аргаар бүрдүүлж байсан гэдэг. “Энэ киног европод дөнгөж гарч ирээд байсан 5 жүжигчин, АНУ-д киноны сургууль төгссөн 5 жүжигчний багаар бүрдүүлж хийсэн. Аз болоход бидэнтэй маш чадварлаг жүжигчид таарсан. Цаашид бүтээл туурвих урам зориг энэ кино өгсөн юм” гэж Тарантино 2008 онд дурссан байна. Хэдийгээр энэ кино төсвөө нөхөж чадаагүй ч шүүмж­лэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авчээ.

Түүний нэрийг өндөрт өргөсөн нэг бүтээл байдаг нь Inglorious Basterds юм. Бред Питтыг энэ кинонд тоглохыг сонссон олон хүн гайхан хүлээж авсан ч төсөөлөөгүй амжилтыг дагуулж Оскарын кино наадамд 6 төрөлд нэр дэвшиж, шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хүртжээ. АНУ-ын зах зээлээс 320 сая долларын ашгыг олсон байна. Одоо тэрээр цуврал 5 кинонд ажиллаж байгаа бөгөөд үүний талаарх мэдээллийг чандлан нууцалж байгаа юм.

Дэлхийн кино урлагыг түүний бүтээл бага ч болов чимдэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Сонин содон зохиол, най­руулгын ур маягаараа тэрээр шүүмж­лэгчдийн бүхэл бүтэн армийг бий болгосон юм. Басхүү шүтэн бишрэгч­дий нь ч эгнээг нэмсэн гэж болно.

“Би хэт их элит үзлийг байх ёсгүй гэж үздэг. Энэ хорвоод тэнгэрийн хүмүүс гэж байхгүй. Бид нэг л хувь заяатай, энгийн л нэг амьтад” Квинтин Тарантино

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж