УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан "Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр эхэллээ. Төсөлтэй холбогдуулан хууль санаачлагч УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, төслийн талаарх илтгэлийг, АБГББХ-ны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар тус тус танилцуулав. Монгол Улсын иргэдийн гадаад улсад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд тус яамнаас дээрх төсөлтэй холбоотой хэд хэдэн үе шат бүхий ажил зохион байгуулсны дүнд Солонгосын талтай эцэслэн тохиролцоод байгаа аж. Хэлэлцээрт харилцан адил байх зарчимд тулгуурлан энгийн паспорт эзэмшигчид аль нэг талын нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойш 90 хоногийн хугацаанд гадаадын иргэний бүртгэлийн үүрэг болон визийн хураамжаас чөлөөлөгдөх, бичиг баримтаа үрэгдүүлсэн тохиолдолд дахин виз авахгүйгээр гарах эрх олгох, дамжин өнгөрөхөд давтагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд визийн хугацааг тухайн улсын нутаг дэвсгэрээс гарч явах боломжтой болох хүртэл хугацаагаар үнэ төлбөргүйгээр сунгах, 72 цаг хүртэлх хугацаанд тухайн улсын нутаг дэвсгэрт визгүй байлгах зэрэг асуудлыг тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар дээрх нөхцөлийн дагуу хоёр улсын иргэд харилцан хөнгөлөлттэй зорчих эрхзүйн үндэс бий болж байгаа бөгөөд ялангуяа олон удаагийн урт хугацааны виз харилцан адил байх зарчмаар олгосноор визийн журам зөрчих, хууль бусаар оршин суух явдлаас урьдчилан сэргийлэх, түүнийг багасгахад чухал ач холбогдолтой юм. Хууль санаачлагчийн илтгэл, болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан С.Одонтуяа, С.Баярцогт, Б.Болор нарын гишүүд үг хэлэхдээ дээрх хэлэлцээр чухал ач холбогдолтойг тэмдэглээд гадаадын улс орнуудтай улс төрөөс гадна эдийн засаг, бизнесийн чиглэлээр түлхүү харилцах, дипломат албанд шинэ, залуу боловсон хүчнийг томилох, Европийн холбоотой түншлэл, хамтын ажиллагааны нэгэнт үзэглэчихээд байгаа хэлэлцээрээ даруй байгуулах, гэр бүлийг дэмжих үүднээс гадаадад ажиллах хүчнийг сонгохдоо гэр бүлээр нь хамтад нь илгээх зэрэгт онцгой анхаарч ажиллахыг Гадаад харилцааны сайдад санууллаа. Гишүүд асуулт тавьж үг хэлж дууссаны дараа Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахаар санал хураахад хуралдаанд оролцсон 39 гишүүний 32 нь зөвшөөрч, 82,1 хувиар дээрх хууль батлагдсан байна.
Чуулганаар хэлэлцэн баталсан дараагийн асуудал нь "Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай" хууль байв. Дараагаар нь аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг 5,206,020,836,0 /таван тэрбум хоёр зуун зургаан сая хорин мянга найман зуун гучин зургаан/ төгрөг байхаар тогтоох тогтоолыг мөн батлав. Энэхүү зардлын 3679,4 сая төгрөгийг Сонгуулийн ерөнхий хорооны төсвөөс, 116,3 сая төгрөгийг УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн зардлын үлдэгдлээс санхүүжүүлэх арга хэмжээ авах, саналын хуудас хэвлүүлэхэд зориулан орон нутгийн төсөвт тусгагдсан 1410,3 сая төгрөгийг Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт төвлөрүүлж, хуулийн дагуу орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх бусад зардлыг батлагдсан төсвөөсөө гаргахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгахаар болов.
Мөн өдрийн хуралдаанаар “УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" УИХ-ын тогтоол батлагдав. Эхэнд нь Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл, хоёрт, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл, гуравт, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл, дөрөвт, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, тавд, Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан. Зургаад, Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл. Долоод, Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл. Наймд, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл. Есд, С.Дэмбэрэл нарын 2012.08.21-нд өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Аравт. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл. Арван нэгд, Хүнсний тухай хуулийн төсөл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр боллоо. Мэдээж чухал шаардлагатай хуулийг дараалал харгалзахгүйгээр тухайн үед нь хэлэлцэх боломжийг хангах гэнэ. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд өөрсөдийн өргөн барьсан зарим хуулийг жагсаалтад оруулах саналтайгаа илэрхийлж, голдуу засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг багтаасанд дурамжхан буйгаа илэрхийлж байв.
Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн сүүлчийн асуудал нь "Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал байсан бөгөөд ОНРТ-ийн удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнээс одоогоор найман гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан аж. Ингээд байнгын хорооноос дэмжлэг авч нэр дэвсэн хүмүүсийн нэрсээр санал хураалт явуулахад А.Арманыг 93,5, Д.Гоошоохүүг 83,6, А.Мөнхбатыг 90, С.Мягмарыг 96,6, Л.Пүрэвдоржийг 93,3, Д.Сосорбарамыг 93,3, Б.Цэнддоог 98,3 хувийн саналаар тус тус дэмжсэн бол Ц.Батмөнх 47,5 саналаар дэмжигдсэнгүй.
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/5/8ae262b6467dc7a8/34e08d086ec59743original.jpg)