Хакухо, Кёкүтэнхо нар өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Хакухо, Кёкүтэнхо нар өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын аки башёгийн 10 дахь өдрийн барилдаан өнөөдөр болж, эхний өдрөөс эхлэн нутаг нэгт хоёр сумочийн хамт башёг тэргүүлж байсан их аварга Хакухо М.Даваажаргал өвдөг шороодлоо. Зүүн жигүүрийн маэгаширагийн тавдугаарт эрэмбэлэгдсэн Точиозантай учраа тааран барилдсан их аварга Хакухо хатакикоми мэхээр дийлдсэнээр есөн даваа, нэг унаатай болж байна. Мөн 10 дахь өдрийн барилдаан хүртэл 100 хувийн амжилт үзүүлээд байсан Кёкүтэнхо Н.Цэвэгням өнөөдөр озэки Какурюү М.Анандтай учраа тааран барилдаж, цүридаши мэхээр ялагдаж, нэг унаатай болов. Озэки Какурюүгийн хувьд башёг тэргүүлэгч бөхийг ялснаар найм дахь даваагаа авсан байна. Харин озэки Харумафүжи Д.Бямбадорж өнөөдрийн учраа болох Такаяасүг шитатэнагэ мэхээр давснаар 10 дахь даваагаа авч, башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.

Макүүчи зиндаанд зодоглож буй Монголын бусад сумочдын тухайд өнөөдрийн барилдаанд Токитэнкү А.Хүчитбаатар ёрикири мэхээр Араныг давж, дөрөв дэх даваагаа, Шотэнро Д.Нямсүрэн Тэнкайхог кимэтаоши мэхээр давж, аки башёгийн гурав дахь даваагаа авлаа. Мөн Асасэкирюү Б.Дашням Миябиямаг давснаар таван даваа, таван унаатай болоод байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж