Шатрын дэлхийн аварга цол ойрхон байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Шатрын дэлхийн аварга цол ойрхон байна гэв

Туркийн Стамбул хотноо наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 10-нд болсон дэлхийн шатрын 40 дүгээр олимпиадад эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцоод ирсэн Монголын оюуны спортын тамирчид өнөөдөр мэдээлэл хийлээ. FIDE буюу Дэлхийн шатрын холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг дэлхийн шатрын олимпиад 2014 онд Норвегид болох юм байна. 

Стамбулд өрсөлдсөн эрэгтэй шатарчдын хувьд 162 орны тамирчдаас 56 дугаарт эрэмбэлэгдэж, зургаан хожил, нэг тэнцээ, дөрвөн хожигдолтой 46 дугаарт байрт шалгарсан. Тэд Фижигийн арал, Австрали, Афганистан, Зимбабве, Ирак болон Катарын шатарчдыг хожсон юм. Мөн эрэгтэйчүүдийн багийн гишүүн, Олон улсын мастер Б.Гүндаваа (2519) их мастер цолны болзол хангасан нь Монгол Улсаас төрж буй зургаа дахь тохиолдол билээ. Тэрбээр шатрын олимпиадын турш есөн өрөг тоглосноос дөрөв хожиж, гурван тоглолтод хайнцсанаар 5,5 оноо авсан юм. Отгон их мастер Б.Гүндаваа хэвлэлийн бага хурлын үеэр “Би шатрын спортоор 17 жил хичээллэж энэ том амжилтанд хүрлээ. Анх Өвөрхангай аймагт зургаан настайдаа Х.Сүрэндорж багш дээрээ очиж шатрын спортын А үсгийг заалган, сэтгэл зүрхээрээ энэ спорттой холбогдсон. Өнөөдөр их мастер (2530) хэмээх амжилтыг үзүүлж чадсаныг минь багш минь харсан бол ямар их баярлах байсан бол. Би амьдралдаа хоёр удаа хамгийн их нулимс унагалаа. Багш маань хоёр
жилийн өмнө тэнгэрт хальсан тэр өдөр, мөн их мастерын болзлоо биелүүлсэн
мөч.
Надад олон хүнд баярлах талархах сэтгэл бий. Тэр бүгдийг энд хэлж барахгүй байх аа. Гэр бүл, шатрын хамт олондоо, намайг дэмждэг “Шунхлай” группийн хамт олон, мөн монголчуудын оюунлаг их ухаанд баярлаж байна. Энэ удаагийн олимпиадаас нэг зүйлийг ажиглалаа. Олимпиадын аварга болсон Армян улс 2,5 сая хүн амтай. Тиймээс Монгол Улс ч мөн оюуны спортод анхаарч, дэмжвэл дэлхийн аварга цол бидэнд ойрхон байна
” хэмээсэн юм.

Эмэгтэй шатарчдын хувьд дэлхийн 120 орны тамирчдаас 21 дүгээр байрт эрэмбэлэгдээд байсан. Улмаар 11 тойргийн тоглолтоос долоо хожиж, нэг тэнцэж, гурван тойрогт ялагдал хүлээснээр 13 дугаар байрт шалгарсан юм. Нэгдүгээр ширээнд тоглосон их мастер Б.Мөнгөнтуул есөн өргийн /хоёр өрөг өнжсөн/ тоглолтоос зургаа хожиж, хоёр тэнцэж, нэг хожигдсон амжилтаар нийт 7,0 оноотой шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан билээ.

Дэлхийн шатрын олимпиадад оролцох баг, тамирчдын зардал, санхүүгийн асуудлыг Биеийн тамир, спортын газар, Монголын шатрын холбооноос хамтран шийдвэрлэсэн, үүнд МШХ-ны ерөнхийлөгч Г.Занданшатар, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Лүндээжанцан, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат нарын дэмжлэг, туслалцаа их байсныг Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан хэвлэлийн бага хурлын үеэр онцолж байлаа.

Түүнчлэн 2014 онд Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр болсон тухай таатай мэдээ дуулгасан юм. Мөн Азийн бүсийн орнууд солигдож, Монгол Улс нь Япон, Филиппин, БНСУ, Хонконгтой нэг бүсэд хамаарагдах болсон нь олон улсын мастер цолтон олноор төрөх, мөн эрэгтэйчүүд ДАШТ-д оролцох боломжийг нээж өгөх давуу талтай ажээ.

Шатрын спорттой холбоотой нэмэлт мэдээлэл хүргэхэд, ирэх арваннэгдүгээр сард Словенид болох өсвөрийн ДАШТ-д оролцох Монголын шатарчдын баг бүрджээ. Анх удаа 1997 онд найман шатарчны бүрэлдэхүүнтэй оролцож байсан бол жилээс жилд өргөжиж, өнгөрсөн жил Бразилид болсон ДАШТ-д 37 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон гэнэ. Харин энэ удаад 62 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээгээд буй.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж