![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/4/b12e0d07fe297597/fef04ab80a493ea7big.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталснаар чуулганы хаалтыг хийлээ. УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ УИХ нь энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн асуудлуудаа заасан хугацаандаа хэлэлцэн дуусгасан болохыг онцоллоо. Энэ хүрээнд 2012 оны төсвийн тодотголыг баталсан, ингэснээр ахмад, настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд Хүний хөгжлийн сангаас олгосон 1 сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг энэ онд багтаан авна. Ирэх аравдугаар сарын 1-нээс эхэлж 0-18 насны хүүхэд бүр сар тутамд 20 мянган төгрөг авахаар болж байгаа. Ардчилсан нам Хүүхдийн мөнгийг анх санаачлан хэрэгжүүлж байсан, үүнийг хэрэгжүүлэх шаардлага үндэслэл ч бий. Энэ бол халамжийн мөнгө биш, ирээдүй үедээ хөрөнгө оруулалт хийж байгаа нэг хэлбэр хэмээн ойлгож болох талтайг онцлон тэмдэглэлээ. Ийнхүү Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр ээлжит бус чуулган хаагдаж, чуулганы хаалга ирэх аравдугаар сарын 5-н хүртэл хаалттай болох болж байна.
Г.ДАРЬ