Энэ жил “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гитарчин Д.Галсанбат агсны 60 насны ой тохиож байгаа юм. Тиймээс түүнтэй урлагийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж явсан найз нөхөд, залгамж халаа болсон шавь нар нь болон рок, поп урлагийнхан хамтран, бүтэн жилийн турш хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахаар болсон байна. Өнгөрсөн долоо хоногт Д.Галсанбат агсны төрсөн нутаг болох Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Соёлын төвийг түүний нэрэмжит болгон тохижуулж, бэсрэг наадам хийсэн бол бусад ёслолын талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд хөгжмийн зохиолч Б.Долгион, том Жагаа, “Харанга” хамтлагийн гитарчин Одсүрэн, “Соёл-Эрдэнэ” хамталгийн бөмбөрчин Б.Цолмон болон түүний шавь, найз нөхөд оролцов.
Маргааш Д.Галсанбат агсны ажиллаж, амьдарч байсан Сансарын 59 дүгээр байрны хананд дурсгалын самбар байрлуулан, түүний уран бүтээлийг мөнхлөхөөр болсныг энэ үеэр онцоллоо. Энэхүү арга хэмжээ маргааш 12.00 цагт болох ба түүний уран бүтээлийн хамтрагч, найз нөхөд, гэр бүлийнхэн нь оролцох юм. Д.Галсанбат агсны бага нас хэдийгээр бага тойрог, нэгдүгээр дөчин мянгатад өнгөрсөн ч тэрбээр рок, поп урлагийн үндсийг “Соёл-Эрдэнэ” хамтлагтайгаа Сансарын микрод байрлах 59 дүгээр байранд амьдарч байхдаа тавьж байсан учраас түүний найз нөхөд дурсгалын самбарыг энд байрлуулахаар болжээ. Д.Галсанбат агсан гурван хүүтэй бөгөөд хоёр том хүү нь АНУ-д ажиллаж, амьдардаг ажээ.