Оюутолгойн гэрээ гишүүдийг талцуулав

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Оюутолгойн гэрээ гишүүдийг талцуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг тойрч гишүүдийн дунд маргаан дэгдэв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэдгийг дэмжиж, саяхан 25 гишүүн гарын үсэг зурсан. Цаашид олон ч гишүүн зурна. УИХ-ын гишүүдийн хувьд улстөржиж, хэвлэлийн хурал хийгээгүй юм. Үнэхээр гэрээг өөрчлөх шаардлага байгаа учраас нэгдсэн. Эрдэнэтээс дөрөв дахин их зэс, молебдиний нөөцтэй орд Оюутолгой. Ашиггүй гэрээ гэдгийг УИХ-ын судалгаа ч харуулж байгаа, эх оронч эрдэмтдийн судалгаа ч харуулдаг. Зарим нэг жишээ татахад, тус гэрээнд манай тал рояльтын татварыг таван хувиар тогтоосон. Гэтэл хөрөнгө оруулагч тал зөрүүлээд менежментийн зургаан хувийн татварыг борлуулалтын орлогоос авна. Түүгээр зогсохгүй хөрөнгө оруулагчид НӨАТ, экспортын татвар төлөхгүй. Эцэст нь Монгол Улс 34 хувиа хүүтэйгээ буцаан худалдаж авна. Долоон төрлийн татварыг 30 жилийн хугацаатай царцаасан. 31 дэх жилээс Монголын тал Оюутолгойн 16 хувийг авна гэж байгаа. Тэр үед энэ орд Бороо гоулд шиг хамаг өрмөө хуу хамуулсан байна. Тийм учраас гэрээг өөрчилье гэж байгаа юм” гэлээ.

Үүнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос илүү нь гэрээг өөрчилье гэж саналаа өгөх ёстой байсан. Гэвч ингэж санал гараагүй” хэмээн тайлбарлав. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт “30 жилийн дараа монголчууд 6 тэрбум ам.долларын өртэй болно. Тийм л өр тооцогдоод явж байгаа. Ийм учраас гэрээг яах аргагүй сайжруулъя гэж УИХ-ын 57 дугаар тогтоолоор шаардсан” гэсэн бол УИХ-ын дэд дарга С.Баярцогт “Шинээр сонгогдсон гишүүд мэдээлэлгүй байна, хуучин гишүүд зориудаар гуйвуулж байна. Ингэж ярьж болохгүй” гэсэн хариулт өгөв. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой, түүнээс та бид энэ танхимд маргаад байх ёсгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бид бүгдээрээ эх орондоо хайртай. 2,8 сая иргэнээ төлөөлөөд УИХ-д сонгогдоод ажиллаж байна. Оюутолгойн асуудлыг эргэж харах шаардлага бий. Ч.Сайханбилэг сайдын хэлдгээр нээлттэй хэлэлцүүлэг явуулж, нэгмөр болгохгүй бол эх оронч, эх орон бишээрээ үзэлцдэг жишиг тогтоно.  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг яаж тусгасан бэ гэхээр зөвхөн Оюутолгой гэж нэр заан нэрлээгүй ч уул уурхайн салбараас гадна эрчим хүчний салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээ болон Тогтвортой байдлын гэрээг маш  нарийвчлан авч үзнэ. Тэр байтугай бүтээгдэхүүн хуваах гэрээг ч эргэж харахаар тусгасан байгаа” гэсэн юм.

Харин Оюутолгойн гэрээний төсөл УИХ-аар хэлэлцэгдэж эхэлсэн 2008 оны үеэс эхэлж “Ашиггүй гэрээ байгуулах гэж байна. Гэрээг сайжруулах ёстой” хэмээн байр сууриа хатуу илэрхийлж, Эрдэс баялгийн сайдыг огцруулах бичгийг өргөн мэдүүлж байсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ардчилсан намын гишүүдэд хандан “Та бүхэн ингэж асуудалд хандаж болохгүй, энэ бол нийт монголчуудын хувь заяатай холбогдох асуудал. Оюутолгойн гэрээг өөрчилнө гэж нэр заахгүй бол молиго болно” хэмээн хэлээд улмаар эл асуудлыг дэмжээгүйд бухимдан УИХ-ын индэр байрлах шатны хажууд сууж мэгдэх зуур УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар нар аваргыг сугадан, танхимаас гарч одлоо.

 
Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж